Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/01/26-НД НИЙТЛЭГДСЭН

М.Энхсайхан: Энэ долоо хоногийн ХЭЛЭЛЦЭЭР онцгой үүрэгтэй

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2015 оны 1 сарын 26
iKon.MN
 

“Таван толгой” төслийн хэлэлцээрийн асуудлаар Монгол Улсын сайд М.Энхсайхан өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. 

Нэгдүгээр сарын 5-наас эхэлсэн “Таван толгой” төслийн хоёр дахь удаагийн томоохон хэлэлцээр өнөөдөр ХХААЯ-нд болж байгаа билээ.

Хэлэлцээрийн эхний шатанд “Таван толгой” төслийг тойрсон нөхцөл байдал, санхүүгийн байдал, төмөр замын тухай тодорхой мэдээллийг хөрөнгө оруулагчидтай хуваалцжээ. Үүний үр дүнд “Таван толгой” хэмээх энэ том ордыг тойрсон нэгдмэл ойлголтонд хүрч чадсан гэдгийг М.Энхсайхан онцоллоо. 

“Таван толгой” хэмээх энэ том ордыг тойрсон нэгдмэл ойлголтонд хүрч чадсан. 

Мөн Монгол Улс санхүүгийн ямар нэгэн эрсдэл үүрэхгүй. Тийм учраас хөрөнгө оруулагч нарт хөрөнгө оруулалт болон концессийн гэрээний төслийг гаргаж өгөх хүсэлт тавьсан. Тэр дагуу ажлын хэсэг төслүүдийг хүлээж авчээ. Ажлын хэсэг төслүүдийг нягтлаад бидний санаа зовох ёстой бүх асуудлууд туссан байна гэж үзсэн хэмээн мэдэгдлээ. 

Уг төсөл дээр Засгийн газрын зүгээс уул уурхай, төмөр замын салбарын гуч гаруй шинжээчдийн бүрэлдэхүүнтэй баг ажиллаж байгаа юм байна.

"Бид нэлээн хүчин чармайлт гаргаж, удаан суусны эцэст хөрөнгө оруулалтын болон концессийн гэрээнд голлох хүчин чармайлт, орох харилцаануудаа гаргаад ирчихсэн байдалтай явж байна" гэж Хөрөнгө оруулалтын газрын дарга С.Жавхланбаатар мэдэгдлээ.

Монгол Улсын сайд М.Энхсайхан,   Хөрөнгө оруулалтын газрын дарга С.Жавхланбаатар нар сэтгүүлчдийн асуултанд хариуллаа.

 

-Одоогоор ямар, ямар гэрээ хийхээр тохирсон бэ. Эхний хэлэлцээрээр шийдсэн ямар асуудал байгаа вэ?

С.Ж: Гэрээний хамрах хүрээ маш том. Бид зөвхөн нэг гэрээн дээр ная орчим асуудал ярьж байна. Концессийн гэрээ, хөрөнгө оруулалтын гэрээ бол өргөн харилцаатай, олон хуулинд нийцүүлэх шаардлагатай.

Мэдээж хөрөнгө оруулагчдын шаардлагыг хэрхэн хангах вэ, нөгөө талаасаа ОУ-ын стандартын түвшинд энэ гэрээг хэрхэн байгуулж чадах вэ гэдэг шалгууруудыг хангасан байх ёстой. Энэ ная гаруй асуудлаас тэдийг шийдлээ гэж хэлэхэд хараахан эрт байна. 

-Хөрөнгө оруулагчдын зүгээс шаардлага тавьж байгаа гэсэн. Яг ямар шаардлага тавьж байгаа вэ?

С.Ж: Хөрөнгө оруулагчдын зүгээс тавьж байгаа шаардлагууд маш олон байгаа. Хамгийн гол нь энэ төсөл тогтвортой, амжилттай хэрэгжих зорилгод нийцсэн байх юм. 

М.Э: Бид хөрөнгө оруулагчидтай Засгийн газрыг төлөөлөөд хэлэлцээр хийж байх явцад гарч буй баримт бичиг банкны шаардлага хангасан байх ёстой гэж үзэж байгаа.

Яагаад гэвэл энэ том төсөл учраас төслийн санхүүжилт нь ОУ-ын банк санхүүгийн байгууллагуудаас санхүүжигдэх ёстой. Мөн бид анхнаасаа харилцан ашигтай байх зарчим, стратегийг тохиролцсон. Үүнд эрх ашгийн тэнцвэрийг хангахаас гадна бие биедээ нээлттэй, мэдээлэлтэй, санаачлагатай байх зарчим агуулагдаж байна.

Бид анхнаасаа харилцан ашигтай байх зарчим, стратегийг тохиролцсон. 

-“Таван толгой” төслийн эдийн засгийн үр өгөөж, ач холбогдол нь юу вэ?

М.Э: Тавантолгой төслийн хөрөнгө оруулалтын үржүүлэгч нөлөө 30 жилийн хугацаанд 94 тэрбум ам.доллар байна. Энэ төсөл эдийн засгийн үр ашигтай гэдэг нь тодорхой. Хамгийн гол нь хэлэлцээрээр эмзэг асуудлуудыг шийдэх тохироогоо олох ёстой. Тиймээс энэ долоо хоногийн хэлэлцээр онцгой үүрэгтэй гэдгийг хэлмээр байна.

-Хөрөнгө оруулагчид санхүүжилтээ ямар эх үүсвэрээс босгож байгаа вэ?

М.Э: Оролцож байгаа компаниуд төслийн 30 хувийг өөрийн хөрөнгөөс, 70 хувийг банк санхүүгийн байгууллагаас зээл босгож санхүүжүүлнэ. Үйл ажиллагааны зардал дээр “Сумитомо” их мөнгө босгоно. Учир нь гол борлуулалтаа хариуцаж байгаа. Магадгүй энэ төслийн 20-30 хувийг “Сумитомо” худалдаж авах нөхцөл байдал үүсэх байх.