Уншиж байна ...

Оросын ирээдүйн таван сценар ба түүний үр дагавар Монголд

Г.Мөрөн, iKon.mn
2024 оны 4 сарын 29
ikon.mn

Аюулгүй байдал Судлалын Хүрээлэнгийн судлаач С.Энхтөр “Foreign Affairs” сэтгүүлд хэвлэгдсэн “Оросын ирээдүйн 5 сценар” хэмээх нийтлэлийг орчуулсныг хүргэж байна.

зураг
 
Аюулгүй байдал Судлалын Хүрээлэнгийн судлаач С.Энхтөр

Тэрбээр энэхүү нийтлэлийн талаар "Стивен Коткины “Foreign Affairs” сэтгүүлд хэвлүүлсэн нь уг нийтлэл нь судлаач эрдэмтэд, шийдвэр гаргагчдын дунд ихээхэн шуугиан тарьж байна. Ер нь бол Оросын ирээдүйн ямар ч сценарт АНУ бэлэн байж, ирээдүйд ямар зөв стратеги тактик хэрэглэх талаар энэ профессор саналаа буулгасан хэрэг юм. Оросын бөөрөнд байдаг бидний хувьд Оросын ирээдүйн элдэв сценарт бэлэн байх нь Америкаас дутуугүй чухал. Бидний хувьд энэ хэвээрээ оршин тогтнох үгүйн тухай асуудал гэхэд хилсдэхгүй учир энэхүү таван сценарын тухай байр сууриа хуваалцлаа" хэмээв.


Сценар №1: Орос улс Франц болж хувирах

Анх сонсоход жаахан үнэмшилгүй санагдах ийм нэгэн сценар байна.

Гэхдээ зохиогчийн бодлоор Орос болон Франц аль алин нь хэмжээгүй эрхт хаант засаглал, асар том төрийн хүнд суртлын аппаратын түүхэн уламжлалтайн дээр аль алин нь хувьсгал хийж байсан том гүрнүүд. Дээр нь аль алин нь газар нутгаа алдаж үзсэн, хөршүүд рүүгээ довтолж байсан түүхтэй. Тиймээс энэ утгаараа Франц, Орос хоёр тун төстэй. Франц ийм уламжлалтай ч амжилттай шинэчлэл реформ хийж өнөөдрийн төрхтэй болсон учир Орос ч ингэж хувирах боломжтой юм.

Франц улс одоо ч их гүрний үзлээ алдаагүй, бусдыг дорд үздэг зэрэг дутагдлаа гээгээгүй. Тиймээс Оростой хамгийн төстэй орон бол Франц юм. Гэхдээ Франц өнөөдрийн дүр төрхөө олох гэж ямар их шинэчлэл өөрчлөлт хийж, ямар урт зам туулсан болохыг бид мэднэ. Тэр замыг туулахын тулд Орост мөн л их хугацаа орно. Тиймээс энэ сценарыг хамгийн магадлал муутай гэж зохиогч үзжээ.

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Сценар №2: Суларсан Орос

Путиний оронд түүн шиг авторитар үзэл бодолтой ч дайны эсрэг байр суурьтай, үндсэрхэг үзэлтэй лидер гарч ирж болзошгүй. Оросын элитүүд дотор дайны эсрэг байр суурьтай хүмүүс нэлээд байдаг бөгөөд тэд дайны үр дагавар Орост ямар хүнд тусахыг мэдэж байгаа. Оросын хүн ам эрчимтэй багасаж байхад дайн хийснээрээ энэ асуудлыг улам гүнзгийрүүлж, одоо Орос орон ажиллах хүчний томхон дутагдалд орсон нь бодит факт. Үүнийг эдийн засгаа автоматжуулах, технологийн шинэчлэл хийх замаар шийдэж болох ч Орос улс үйлдвэрлэлийн автоматжуулалтаараа дэлхийд бараг сүүлийн байранд яваа.

Санкцаас болоод барууны шилдэг технологиудыг нэвтрүүлэх боломжгүй болсон нь Оросын хөгжлийг улам хойш татах нь ойлгомжтой болсон. Энэ нь Орос орондоо хайртай, үндсэрхэг үзэлтэй хүмүүст таалагдахгүй байгаа. Тэд Путиныг өөртэйгээ хамт Орос орныг булшлах вий гэж болгоомжилдог. Тэд Орос оронд урт хугацааны дайн хийх боломж байхгүй гэдгийг мэддэг. Тиймээс Путиний оронд ийм лидер гарч ирвэл дайн зогсож Орос оронд эдийн засгийн бүтцийг дахин өөрчлөх оролдлого хийгдэх нь тодорхой.     

Сценар №3: Хятадын вассал Орос

Хамгийн ойлгомжтой сценар. Орос, Хятад хоёрыг тэдний барууны болон Америкийн эсрэг үзэл санаа нь нэгтгэдэг. НАТО-гийн тэлэлт, барууныхан тэдний нөлөөний хүрээний бүсийн улсуудын хэрэгт оролцдог зэрэг нь тэдэнд таалагддаггүй. Тиймээс Орос, Хятад хоёрын харилцаа сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж, стратегийн иж бүрэн хамтын ажиллагааны гэрээ байгуулж, хамтын цэргийн сургууль зохион байгуулж, хоорондын худалдаагаа 230 тэрбум долларт хүргэсэн нь энэ хоёр улс энэ цаг үед ямар дотно болсныг илтгэнэ.

Гэвч өмнө нь том ах байсан Орос эдүгээ бага дүүгийн байр сууринд очсон нь ч үнэн. Хятад нь Оросоос байгалийн түүхий эдээс гадна байлдааны онгоцны хөдөлгүүр зэрэг цөөхөн бараа авдаг бол Орос нь Хятадаас бүх юмаа авч байна. Оросын машины зах зээл Хятадад бүрэн эзлэгдсэн. Нөгөө талдаа Хятад нь Оросоос эрчим хүчний хувьд хараат бус байхын тулд Монголоор дайрах хийн хоолойн гэрээг зураагүй л байх жишээтэй. Энэхүү тэгш бус харилцаа цаашид улам гүнзгийрч, улмаар Орос нь Хятадын вассал улс (хараат, дагуул) болох нь цаг хугацааны асуудал болоод байна.

Гэхдээ хэнийг вассал болгохоо Хятад шийднэ. Учир нь вассал улсынхаа өмнөөс тэд хариуцлага хүлээх хэрэг гарна. Харин Орос тийм ч хариуцлагатай улс биш. Тиймээс энэ сценар нь аль аль улсад нь тааламжтай бус.

Сценар №4: Орос улс Хойд Солонгос болох

Орос улс Хойд Солонгосоос 142 дахин том газар нутагтай, Ким шиг үе залгамжилсан дэглэм байхгүй ч Хойд Солонгосыг үлгэр жишээ болгон харж байж магадгүй юм. Хятадаас хэт хараат, цөмийн зэвсэгтэй, дотооддоо дарангуйлалтай, гадаад ертөнцөөс хаалттай Орос улс асар том Хойд Солонгос болоход гайхах зүйлгүй. Орос яг л Хойд Солонгос шиг Хятадыг эвгүй байдалд оруулж чадна.

Нэг жишээ. Тэд цөмийн зэвсэг хэрэглэхгүй гэсэн ам хятадуудад өгөөд хятадууд европчуудын өмнө энэ тухайгаа ярьж хөөрч явахад нь араар нь Беларусьт тактикийн цөмийн зэвсэг байршуулахаа мэдэгдэж эвгүй байдалд оруулсан. Өөрөөр хэлбэл Хятадаас хэт хараат ч бас Хятадын үгэнд ордоггүй байдал нь түүнийг Хойд Солонгосын зүгт явж байгааг илтгэнэ.

Сценар №5: Хаос

Хэдийгээр Оросыг унагаах зорилгоор санкц тавьсан ч тэр нь үр дүнд хүрэхгүй байгааг Коткин хүлээн зөвшөөрсөн. Гэхдээ Орос улс сүүлийн 100 гаран жилд хоёр удаа задрахдаа огт санаандгүйгээр нуран унасныг сануулж байна. Хэн ч задралыг яг хэзээ болохыг хэлж чадаагүй. Энэ удаа ч гэсэн ямар нэгэн гэнэтийн гамшиг, эсвэл дотоод үймээн самуун, лидерүүдийн үхэл гэх мэт стресс-тестийг Оросын ялзарсан, легитим чанараа алдсан институциуд дийлэхгүй нуран унаж болох юм.

Гэхдээ СССР-ээс ялгаатай нь ОХУ тэгж ихээр задрах боломжгүй, учир нь Зөвлөлт Холбоот Улсын үед хамт байсан бүгд найрамдах улсууд нь яг л шоколадны набор шиг хоорондоо холбоогүй шахам, өөр өөрийн үндэстнээс тогтсон, салахад бэлэн субъектүүд байсан бол одоо Орост байгаа бүгд найрамдах улсууд нь дийлэнхдээ Орос үндэстнээс бүрдсэн учир салж явах магадлал тун бага. Байгаа хэдэн үндэстэн улсууд нь Оросын төвд байршилтай учир салаад явахад хэцүү. Харин Калининград, Хойд Кавказ гэсэн цөөхөн газар салан тусгаарлаж магадгүй юм.

Энэ тохиолдолд Хятад нь Амар мөрний сав газрыг, Япон Курилын арлуудыг, Финланд нь Карелыг буцаан авч болзошгүй. Хамгийн аюултай нь Орост байгаа цөмийн болон биологийн зэвсгүүд янз бүрийн бүлгүүдэд тархах, улмаар тэд түүнийг хэрэглэж дэлхийг сүйрүүлж чадах л улс. Үүнийг хэн ч урьдчилан хэлж чадахгүй.

Монгол яах вэ дээрх тохиолдлуудад?

Ямар ч сценар хэрэгжсэн бидэнд шууд нөлөөлөх нь мэдээж. Чухам яаж гэдэгт л хэргийн учир оршино. Хорлонтойгоор уу, эсвэл хал балгүй юү? Монголчууд бид Монголдоо хэчнээн лоббидож, Монгол-Зөвлөлтийн найрамдлыг магтан дуулаад, Барууныг Украинтай нь үзэн ядаад Оросын уналтыг зогсоох хөг нь өнгөрсөн. Хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Харин Орос хэрхэх тухай дээрх зохиомжуудад бид бэлэн байх ёстой. Судлаачийн хувьд дээрх сценар бүр манай улсад ямар нөлөө үзүүлж болохыг урьдчилж харахыг хичээлээ. Үүнд:

Сценар

Үр дагавар

Хятадын нөлөө

Барууны нөлөө

Франц

Мэдээж “Франц”-тай хиллэх нь Монголд бүх талаар ашигтай. Ардчилал улам бэхэжнэ. Сул тал нь Орост дахин уусах, оросжих, тэдний зөөлөн хүчний бодлогод нь автах аюултай.

Нөгөө талаар Орос-Хятадын харилцаа муудаж болзошгүй учир нь энэ нөхцөл байдлаас үүдээд Хятадын эсрэг Монгол, Орос хоёр улам ойртох хэрэгцээг бий болгож болно.

Хятадын нөлөө багасна. Гэхдээ Хятад нь Оросыг Франц болгох сонирхол огт байхгүй. Эдийн засгийн хувьд ашигтай байж болох ч улс төрийн дэглэмд нь Ардчилсан Оростой хиллэх нь аюултай. Энэ нь Монголыг ардчилсан бус дэглэмтэй буфер болгон хадгалах аюултай сэдэл Хятадад өгч болох юм. Одоогийн нөхцөлд Орос, Хятад хоёулаа ардчилсан бус дэглэмтэй байгаа ч аль алин нь Монголын дэглэмийг өөрчилснөөр гарах ач холбогдол нь дэглэм өөрчлөх өртгөөс илүү гарна гэж үзэхгүй байгаа, Монголын дэглэм одоохондоо тэдний дэглэмээс илүү гарсан эдийн засгийн болон хүний хөгжлийн үзүүлэлт байхгүй байгаа учир бүс нутагт болон хил залгаа монголчуудад буруу үлгэр дуурайл болох аюулгүй гэж үзэж байгаа учраас л тэр хоёр гүрэн Монголын ардчиллыг оршин тогтнуулж байна. Орост дэглэм өөрчлөгдөж Ардчилсан Орос болсноор энэ нөхцөл өөрчлөгдөж, ядаж Монголын дэглэмийг өөрчлөх нь өөрт нь ашигтай гэсэн прагматик үзэл Хятадын зүгээс гарч болох юм.

Орост барууны нөлөө нэмэгдэнэ. Орос манайд барууны нөлөө нэмэгдэхэд цааргалахгүй, саад хийхгүй учир манайд Барууны нөлөө улам нэмэгдэх нь дамжиггүй. Орос-Хятадын хооронд үнэт зүйл, улс төрийн байр суурийн зөрчил бий болбол барууны дэмжлэг, нөлөө манайд улам бүр өсөж болзошгүй.

Гэхдээ барууныхан өнөөдрийнх шиг бодитой дэмжлэгийн оронд хоосон риторик, үнэт зүйл ярих төдийгөөр өнгөрвөл Хятадын улайрсан түрэлтэд бидэнд нэг их тус болж чадахгүй л болов уу.

Суларсан Орос

Хөрш рүүгээ дайрахгүй тийм Орос бидний аюулгүй байдалд хэрэгтэй. Гэхдээ сул дорой Орос  биднийг нөгөө хөршөөс улам хараат болгоход хүргэж болох юм. Дайны улмаас бидэнд нөлөөлж байсан үнийн өсөлт, ложистикийн хүндрэлүүд арилж, бензин түлшний нийлүүлэлт эргээд найдвартай болж болох юм. Хэрвээ зарим худалдааны санкц байхгүй болбол бид Оростой хийх худалдаагаа нэмэгдүүлэх боломж бий болж болно. Хэрвээ Оросын шинэ удирдлага нааштай байж, одоо байгаа худалдааны татвараа эргэн харвал бидэнд илүү боломж гарахыг үгүйсгэхгүй. Гэхдээ л ардчилалд халтай сценар байж бас болно.

Хятадын нөлөө улам нэмэгдэнэ. Орос сул дорой байх нь биднийг Хятадын нөлөөнд улам оруулах ч бид аюулгүй байдлаа хадгалахад зарцуулдаг нөөц бололцоогоо нэг талд төвлөрүүлэх боломжтой болж болно. Энэ үед л бид хэр ухаантай, мэдрэмжтэй ажиллахаас аюулгүй байдал хэр бат бөх байх нь шалтгаална. Хятадын удирдлагад илүү үндсэрхэг, илүү үзэл сурталд автсан хүн/бүлэглэл гарч ирвэл Оросыг сул байх энэ үед Монголыг нөлөөндөө бүрэн оруулах оролдлого хийж болзошгүй.  

Хэдийгээр Оросын зүгээс ирэх түрэмгий гадаад бодлого, хосломол гибрид дайны үйл ажиллагаа манайд багасаж барууны нөлөө нэмэгдэхэд таатай болох ч Хятадын нөлөө нөгөө талаас нэмэгдэх учир хэрхэхийг хэлэхэд хэцүү. Трамп мэтийн үнэт зүйлс, улс төрийн идеологид бус харин цэвэр ашиг сонирхолд ач холбогдол өгдөг лидерүүд баруунд олширвол мэдээж Хятадтай харилцаагаа муутгаж Монголыг гэх улс орон ховордоно. Гэхдээ нөгөө талаар Орос нь барууны хувьд аюул занал биш болбол тэд Хятадыг буулгаж авахаар шийдэж, бүх нөөц бололцоогоо энэ чиглэлд хаяж мэднэ. Тэгвэл Монголын үнэ цэнэ, ач холбогдол баруунд нэмэгдэх нь ойлгомжтой. Энэ нь Монголд тэдний нөлөө, хөрөнгө оруулалт, ашиг сонирхол нэмэгдэхэд хүргэж болно.

Хятадын вассал

Одооноос нэг их өөрчлөгдөх зүйл байхгүй. Харин Оросын нүүрс зэс алт г.м бүтээгдэхүүнийг Хятад улам илүү хөнгөлөлттэй нөхцөлөөр аваад эхэлбэл манай өрсөлдөх чадвар шууд муудна. Мөн байгалийн хийн үнийг Орос илүү буулгавал манайхаар дамжих хийн хоолойн төслийг Хятад дэмжиж магадгүй.

Мэдээж нөлөө нэмэгдэнэ. Зөвхөн  манайд биш Төв Азийн орнуудад Хятадын нөлөө нэмэгдэх учир бүс нутагт дангаар ардчилсан байх, эсвэл бүс нутгийн эвслүүдэд нэгдэхгүй үлдэх боломж багасна. ШХАБ-д элсэхээс өөр аргагүй болж магадгүй. Гэхдээ Орос нурахтай зэрэг ШХАБ, Евразийн эдийн засгийн холбоо, ОДКБ, БРИКС бүгд саармагжина гэдгийг бодолцох учиртай. Манай эдийн засаг, улс төр нэг улсаас (Хятад) хамааралтай болж эхэлнэ. Энэ аюулаас сэргийлэхэд Монголын төр бүх бололцоо нөөцөө дайчлахаас өөр аргагүй нөхцөл байдал үүснэ. Ёстой нөгөө олон тулгуурт гадаад бодлогоо сонгодог утгаар нь хэрэгжүүлж бүх чиглэлд гадаад бодлогын тоглолт хийхээ үзнэ дээ.

Барууны хувьд одоо ч Хятадаас Орост үзүүлж буй дэмжлэгийг багасгах оролдлого хийж байна. Гэвч Орос нь Хятадын вассал болсон тохиолдолд энэ шахалт дээр нэмээд Хятадаар дамжуулж Орост нөлөөлөх үйл ажиллагаа нь идэвхэжнэ. Одоо ч ажиглагдаж байна. Энэ тохиолдолд барууны нөлөөг харьцангуй сайн хадгалж үлдсэн гэдэг утгаараа Монголын ач холбогдол барууны хувьд улам бүр өсөж болох юм. Оросыг вассал болгосон Хятад нь энэ завшааныг ашиглан Евразид нөлөөгөө бэхжүүлэх нь мэдээж, барууны зүгээс түүнийг нь хязгаарлах гэсэн энэхүү тэмцэл ойрын ирээдүйн дэлхийн геополитикийн нэгэн гол талбар болох нь дамжиггүй. Энэ тохиолдолд Монгол Улс улам өсөж буй Хятадын нөлөөний эсрэг барууны эрх ашгийг тэнцвэржүүлэх төвөгтэй сорилттой тулах болов уу.

Хойд Солонгос

Вассал Орос улсаас ялгаатай нь асар том Хойд Солонгос болж хувирсан Орос улс илүү хаалттай, илүү тааварлашгүй, илүү аюултай болох магадлалтай. Бүс нутаг илүү түгшүүртэй ч болж болно. Нэгэнт хаалттай болсон Орос улс Хойд Солонгосын нэгэн адил олон улсын дүрэм журмыг дагахгүй, хариуцлагагүй субъект болж хувирахыг үгүйсгэхгүй. Ийм хөрштэй байх аюултай. Тиймээс Орос улстай илүү сайн, илүү идэвхтэй харилцаатай байх нь Монголд ашигтай. Орост тавьсан санкц хэвээрээ, бүр нэмэгдэж ч болзошгүй учир Оросоос хараат байдаг эрчим хүч, шатахууны асуудлаа бид өөрсдөө яаралтай шийдэхээс өөр аргагүй болно.

Хятадын нөлөө нэмэгдэх эсэхийг хэлэхэд хэцүү. Учир нь Монголд дэглэм, улс төрийн тогтолцоог өөрчлөх, хувиргах, тогтсон балансыг алдагдуулах аливаа ажиллагаа тогтворгүй байдалд хүргэж болзошгүй учир Оросын хажуугаар бас нэгэн тогтворгүй хөрштэй болох нь Хятадад нэн ашиггүй. Тиймээс Орос тогтворгүй, тааварлашгүй, хариуцлагагүй болох нөхцөлд Монголд тогтвортой, улс төрийн хувьд тааварлаж болохуйц байх нь Хятадын хувьд илүү эрсдэлгүй хувилбар байх болов уу. Монголын дотоод улс төрийн хэрэгт оролцохгүй гэсэн үг л дээ.

Хэрвээ бид хаалттай Оростой ямар нэгэн харилцаатай байж чадвал бидний баруун дахь ач холбогдол, нөлөө нэмэгдэх нь дамжиггүй. Барууны ашиг сонирхлын үүднээс Оростой яриа хэлэлцээгээ зогсоолгүй, ямар нэгэн байдлаар харилцаагаа хадгалж үлдэхийг хичээх ба тэрхүү харилцааны зуучлагч тал нь Монгол болж болно. Монгол яг ийм байдлаар Японыг Хойд Солонгостой зуучилж байсан арвин туршлагатай. Энэ туршлагаа энэ нөхцөлд дахин ашиглах замаар өөрсдийн ач холбогдлыг нэмэгдүүлж, байр сууриа олон улсад бэхжүүлэх боломж гарч ирж болох юм.

Хаос

Хамгийн аюултай сценар. Үр дагавар тааварлашгүй. Бүх муу тохиолдлуудад бэлэн байхаас өөр сонголтгүй. Энэ тохиолдолд цэрэг арми, тусгай албаны үйл ажиллагаа, олон улсын хамтын ажиллагааны хүрээнд л аюулыг тогтоон барих, сэргийлэхээс өөр арга байхгүй. Тийм боломж бий.

Хойд хэсгээрээ бас Хятадтай хиллэх нь тун муу мэдээ. Аюулгүй байдлын хувьд ч, ложистикийн хувьд ч, эдийн засаг, худалдааны хувьд ч муу үр дагавартай. Бид Хятадаас улам их хамааралтай болно. Нэгэнт буфер зоны хэрэг үгүй болбол манай тусгаар тогтнолын асуудал ч дахин сөхөгдөж болно. Аливаа их гүрэн нурдаг задардаг, хувьсдаг онолоор бол Хятад ч бас тийм ирээдүй бий гэдгийг бодолцох хэрэгтэй.

Хаосын үед дэлхийн аюулгүй байдлын асуудал тавигдах учир баруун гэлтгүй дэлхийн хамтын нийгэмлэг бүх талаар Орост болж буй тэр үйл явцад нөлөөлөх, оролцох гэж оролдох нь мэдээж. Энэ боломжийг Монгол олгож хил залгаа газруудын аюулгүй байдлыг хангах, аюул хөнөөлийг хянах, сэргийлэхэд олон улсын хамтын нийгэмлэгтэй хамтран ажиллах нь бидний хувьд хамгийн чухал зорилт болох юм.