Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/01/23-НД НИЙТЛЭГДСЭН

М.Энхсайхан: Мега төсөл маш амархан хагараад унах эрсдэлтэй байдаг юм

Д.Түвшин
2015 оны 1 сарын 23
MorninigNews.mn
Зураг зураг

Таван толгойн нүүрсний бүлэг ордод хөрөнгө оруулагч, гүйцэтгэгчээр шалгарсан БНХАУ-ын “Шинхуа энержи”, Японы “Сумитомо”, Монголын “Энержи ресурс” компаниудын түншлэлтэй хийж байгаа гэрээний Монголын талын ахлагч, Монгол Улсын сайд М.Энхсайханаас дараах тодруулга, ярилцлагыг авснаа хүргэж байна.

-Өнөөдрийн байдлаар Таван толгойн ордын хөрөнгө оруулагчидтай хийж байгаа гэрээ ямар үе шатандаа яваа вэ? 

-Таван толгойд хөрөнгө оруулагчаар шалгарсан гурван улсын компаниудын түншлэлтэй хийж байгаа. 

Мега төслийн тухайд нарийн тооцоолол бүхий бичиг баримтын цэгцрэлтийн асуудал жаахан хоцорч яваа ч том төслүүд дээр ажиллаж сурсан хүмүүс шууд дайчлагдаад ажиллаж байгаа учир ажил урагштай явж байна гэж хэлье.

-Энэ том төслийн тухайд ялимгүй ч гэсэн буруу зөрүү мэдээлэл цацагдчих вий гэсэн болгоомжлол хаа хаана аа байгаа. Энэ талаар та юу хэлэх вэ?

-Мега төсөл өөрөө их эмзэг байдаг. Ер нь бол мега төслийг шил гэж хэлдэг. Тийм ч болохоор амархан хагараад унах эрсдэл ихтэй байдаг юм. Энэ үүднээс мэдээлэл их зөв өгөгдөж байх нь хамгийн чухал л даа. Мега төслийг олон нийт анхааралтай ажигладаг учир хардлага сэрдлэг, улстөржилт байнга дагуулдаг онцлогтой. Хэлэлцээ эхлээд арван хэд хоночихлоо.

 Одоогоор хамгийн гол нь Таван толгойн ордыг тойрсон томоохон мэдээлэл солилцох ажил хийгдэж байна. Энэ ордын лицензийг эзэмшигч “Эрдэнэс Таван толгой”-н санхүүгийн асуудлыг хүртэл ярилцаж байгаа.

Мега төсөл өөрөө их эмзэг байдаг.

Дээр нь Таван толгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төсөлд Монгол Улс бондынхоо багагүй хувийг зарцуулчихсан байгаа болохоор энэ ажлын явц, цааш нь үргэлжлүүлээд хэрхэн авч явах юм гээд олон асуудал хөндсөн яриа хэлцэл явагдаж байна.

Ерөнхийдөө Монгол Улсын Засгийн газраас томилогдсон ажлын хэсэг ч, хөрөнгө оруулагчид ч том том гэрийн даалгавартай болчихсон. Одоогоор энэ гэрийн даалгаварууд дээр нэлээн төвлөрөн ажиллаж байна. Тун удахгүй том уулзалтууд эхэлнэ. 

-Оюутолгойн гэрээ ч юм уу урьд өмнөх томоохон гэрээнүүдээс жишээ авахад ойлголтын зөрүү, орчуулгын алдаа багагүй байснаас Монголд хохиролтой болсон байдаг. Өнөөдөр Монгол Улсын талаас энэ том гэрээг ахалж байгаагийн хувьд та хөрөнгө оруулагчидтайгаа аль хэр нэгдсэн ойлголтод хүрч чадаж байгаа бол? 

-Миний хувьд ажил ихээхэн урагштай явж байгааг дахиад хэлчихье. Гэхдээ мега төслийн хувьд бэрхшээл байлгүй яах вэ. Хамгийн гол нь нэгдсэн ойлголттой байхгүй бол болохгүй. Бид Хятад, Япон, Монголын том компаниуд оролцсон дэлхийн хэмжээний аварга төсөл ярьж байгаа учир дундаа бизнесийн нэг хэлтэй байх ёстой юм.

Бизнесийн нэг хэлтэй байна гэдэг маань Олон улсын санхүүгийн зах зээл яаж ажилладаг юм, Олон улсын банк санхүү юу шаарддаг юм гэдгийг мэдэж, ойлголцох нэг хэлтэй байхыг л хэлээд байгаа хэрэг юм. Дээр нь бид зах зээлийн нэг л сэтгэлгээгээр ажиллах ёстой.

Нэг нь зах зээлийн юм яриад байхад нөгөөх нь өөдөөс нь төлөвлөгөө ч юм уу эдийн засгийн хуучин ойлголтоор юм яриад байвал ажил урагшаа явахгүй. Тэгэхээр бид Англи, Хятад, Япон хэл мэдэхээс илүүтэй бизнесийн хэл мэддэг байх шаардлагатай. Тэр ч утгаараа бидэнд ихээхэн дөхүү байгаа гэж хэлмээр байна. Товчхондоо бид нэг хэлээр ярьж чадаж байгаа.

-Шалгарсан концирсиум маань ер нь ямар шалгуур давсан бэ. Товчхондоо бид хөрөнгө оруулагчдад өөрийнхөө зүгээс тавьж болох болзол, шаардлагаа бүрэн гүйцэд тавьж чадсан уу?

-Энэ сонгон шалгаруулалт бол үндсэндээ 2010 оноос хойш үргэлжлээд явж байгаа ажил шүү дээ. Шинэ Засгийн газар гараад энэ гэрээнд нэлээн өөрчлөлт оруулж, нөхцөл байдал багагүй өөрчлөгдсөн.

Энэ гэрээнд манай талаас тавьсан нөхцлүүдийг их хатуу гэж хэлж болно. Энэ нь хөрөнгө оруулалтаа хий, 2.5 жилийн хугацаанд 30 сая тонн нүүрс боловсруулах хүчин чадалтай баяжуулах үйлдвэр байгуул, 270 км төмөр зам тавь, урьд өмнөх өр зээлийг төлж барагдуул гээд маш хатуу шаардлагууд байгаа. 

-Энд Чалкогийн өр хамрагдах уу? 

-Чалкогийн өр орж байгаа. Дээр нь Монгол Улсын нийт иргэдэд олгочихсон байгаа 1072 хувьцааны асуудал нь Монгол Улсын Засгийн газрын асуудал ч гэсэн энэ асуудалд хөрөнгө оруулагчид адилхан санаа тавих ёстой гэдэг шаардлага ч багтаж байгаа. Үндсэндээ энэ шаардлагуудыг хүлээн зөвшөөрөөд орж ирсэн нь ганцхан энэ консирциум л байсан.

Тийм ч учраас бид энэ консирциумыг хамгийн боломжтой түнш гэж үзэж байгаа. Нэгдүгээрт том хэмжээний үйлдвэрлэл явуулахад “Энержи ресурс” компанийн үүрэг роль чухал. Дараа нь томоохон хэмжээний төмөр зам барьж, тээвэрлэлт зохион байгуулахад хятадын “Шинхуа энержи” компанийн оролцоо маш чухал.

Ялангуяа Хятадад байгаа “Шинхуа энержи”-гийн төмөр замаар дамжиж бид далайд гарна шүү дээ. Эцэст нь том хэмжээний борлуулалт хийж, Хятадаас өөр гуравдагч зах зээл дээр гарахад Японы “Сумитомо” хэмээх аварга компанийн үүрэг оролцоо маш чухал юм. Тийм ч учраас миний хувьд хамгийн боломжийн консирциумтай гэрээ хэлцэл хийж байгаа гэж бодож байна. Ийм учраас энэ боломжийг огтхон ч алдаж болохгүй. 

-Дэлхийн нүүрсний нийт нөөцтэй харьцуулбал Монгол Улсын нөөц тийм ч их биш юм билээ. Ер нь бидний хувьд дээд тал нь хэчнээн хэмжээний нүүрс гадагш нь гаргах боломжтой вэ? 

Байгалийн баялаг талаас нь аваад үзвэл нүүрс бол түгээмэл тархацтай баялаг л даа. Одоо дэлхийн 50 гаруй оронд нүүрс олборлож байна. Нүүрсийг идэвхтэй хэрэглэж байгаа нь 70-90 орон байгаа. Тэгэхээр нүүрс нийлүүлье гэсэн орон маш их байна. Зөвхөн Монголын нүүрснээс дэлхий хамаарахгүй гэдгийг бид маш сайн ойлгох хэрэгтэй.

Бид маш их өрсөлдөж байж Таван толгойгоо дэлхийн нүүрсний зах зээл дээр гаргана гэдгийг ойлгох ёстой. Зарим тооцооллоор бол Монгол Улс 27 тэрбум тонн нүүрсний нөөцтэй гэж ярьдаг.

Гэтэл дэлхийн нүүрсний нөөц өнөөдөр нэг триллион даваад явчихсан байгаа. Эндээс харьцуулалт хийвэл бидний эзлэх хувь хэмжээ бага юм. Тэгэхээр бидэнд ганцхан боломж байгаа нь Таван толгойгоо өрсөлдөөнд оруулах л байгаа юм.

-Өрсөлдөөнд цаг хожих нь хамгийн чухал болов уу. Бид өнөөдөр хэлэлцээ хийгээд сууж байхад Орос ч юм уу, Мозамбикчууд төмөр замаа тавиад дуусч байгаа тухай дуулдаж байна. Бид одоо яах ёстой вэ? 

-Тийм ээ. Гарцаагүй цаг хожих нь хамгийн чухал болоод байна. Ялангуяа коксжих нүүрсний хамгийн том нийлүүлэгч бол Австрали байгаа. Бид үнэндээ Австралитай өрсөлдөх боломжгүй л дээ.

Таван толгойгоо дэлхийн нүүрсний зах зээл дээр гаргана гэдгийг ойлгох ёстой.

Гэтэл өнөөдөр бүх талаараа бидэнтэй яг ижил түвшний “Элга” гэдэг Оросын орд үйл ажиллагаагаа эхлүүлэх гээд 320 гаруй км төмөр замаа барьчихсан байна.

Тэр нь Байгаль-Амарын төмөр замд холбогдчихсон байх жишээтэй. Тэд одоогоор уурхайн дэд бүтцийн бүтээн байгуулалтаа хийгээд явж байгаа. Түүнээс гадна Мозамбикийн бас нэг том орд байна.

2010 онд Монголд хөрөнгө оруулъя гээд явж байсан “Мицуй”, “Валле” компаниуд бүгд Мозамбикт очоод 12 тэрбум ам. долларын хөрөнгө оруулалт хийгээд 900 км төмөр замын 70 хувийг байгуулчихсан байна. Ийм болохоор эдгээр өрсөлдөгчөөсөө хоцорвол бидэнд дахиж ямар ч боломж олдохгүй. Тийм ч учраас бидэнд хоног өдөр алдахгүй яарах шалтгаан байгаа юм. 

-Сүүлийн үед цахим ертөнцөөр “Дэлхийн банк санхүүгийн салбарт ихээхэн өртэй компаниудын консирциум Таван толгойд хөрөнгө оруулагчаар шалгарлаа. Тэд эхлээд өрөө дарахыг л бодно” гэсэн мэдээлэл цацагдаад байгаа. Энэ талаар та юу хэлэх вэ? 

-Уул уурхайн салбарт ажиллаж байгаа том компаниудын төслийг зөв ойлгох нь их чухал юм. Уул уурхайн бүх том компаниуд Таван толгой шиг мега төслийг хэрэгжүүлэхийн тулд тодорхой банкнаас зээл авсан байдаг. Ингэж зээл авдаг нь уул уурхайн том төслүүдийн гол онцлог байдаг юм.

Тийм ч учраас би УИХ дээр танилцуулга хийхдээ энэ гурван компанийн өр зээлийг тодорхой танилцуулсан. Асуудлын гол нь өр зээлээ үйлчилж чадаж байна уу үгүй гэдэгт л байдаг. Үйлчилж чадаж байна уу гэдэг үзүүлэлтийг юугаар илэрхийлдэг юм бэ гэвэл бэлэн мөнгө нь хэр цэгцтэй юм бэ гэдэг нь л байдаг. 

Жишээлбэл “Сумитомо” зах зээлийн үнэлгээгээр 13 тэрбум ам. долларын үнэ цэнэтэй хэрнээ банкуудаас авсан зээл нь 41 тэрбум, “Шинхуа энержи” 60 тэрбум ам. долларын үнэ цэнэтэй хэрнээ 13 тэрбум, “Энержи ресурс” зах зээлийн үнэлгээгээр 500 сая ам. долларын үнэтэй мөртлөө 900 сая ам. долларын зээл аваад Ухаа худаг, Таван толгойд хөрөнгөө оруулчихсан байх жишээтэй.

Уул уурхайн бүх том компаниуд Таван толгой шиг мега төслийг хэрэгжүүлэхийн тулд тодорхой банкнаас зээл авсан.

Яг бэлэн мөнгийг нь үзвэл “Сумитомо” 10 тэрбум, “Шинхуа энержи” 10 тэрбум, “Энержи ресурс” 250 сая ам. долларын бэлэн мөнгөний чадвартай.

Энэ гурван компани нээлттэй бирж дээр байж байдаг болохоор дээрх мэдээллүүдийг шууд биржийн мэдээллээс үзчих боломжтой. Тэгэхээр том төслүүдийг хэрэгжүүлэх, банкнаас мөнгө авах чадвартай компани гэдэг үзүүлэлт гол нь болохоос биш өр зээлтэй гэдэг ойлголт тийм ч ач холбогдолтой биш юм.

Товчхондоо Таван толгойн хөрөнгө оруулагч консирциумыг дэлхийн банк санхүүгийн зах зээл дээрээс дуртай үедээ мөнгө босгох чадвартай компаниуд гэж ойлгож болно. Одоогоор мэдэгдэж байгаагаар Таван толгойн төслийн санхүүжилтэд БНХАУ-ын “Эгзим” банк, Японы банкууд гээд олон банк оролцоно. Хамгийн гол нь бидний хэлэлцээрийн үр дүнд гарах бүх баримт бичиг дээрх банкуудын шаардлагыг хангасан байх л хэрэгтэй. 

Түүнээс гадна бид цаг алдалгүй Хятадын өмнөд далайн эргээр төвлөрсөн гангийн үйлдвэрүүдэд нь коксжих нүүрсээ яаралтай нийлүүлж эхлэх зайлшгүй шаардлага тулгараад байгааг хамгийн сайн ойлгох хэрэгтэй юм. Бид тэгж байж л коксжих нүүрсээ дэлхийн зах зээлийн үнээр борлуулж чадна. 

Зураг