Уншиж байна ...

Их Британийн хааны гэр бүлийн гишүүн дайн эхэлснээс хойш анх удаа Украинд айлчлав

С.Мөнхцэцэг, ikon.mn
2024 оны 4 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Эдинбургийн гүнгийн ахайтан Софи саяхан Украинд айлчилж, ерөнхийлөгч Володимир Зеленскийтэй уулзсан тухай Букингэмийн ордон Даваа гарагт мэдээлжээ.

Тэрбээр Оросын эзлэн түрэмгийлэх дайн эхэлснээс хойш Украинд хөл тавьсан Британийн хааны гэр бүлийн анхны гишүүн болж байна.

Одоо 59 настай Софи нь Чарльз хааны төрсөн дүү хунтайж Эдвардын гэргий юм.

Гүнгийн ахайтан Киевийн ойролцоох Буча тосгонд зочлохдоо амь үрэгдсэн иргэдийн дурсгалд хүндэтгэл үзүүлж, бэлгийн хүчирхийлэл, эрүүдэн шүүлтийн хохирогч болсон иргэдийн төлөөлөлтэй уулзжээ.

Бас гэр бүлээсээ хагацаж, Оросын талд барьцаалагдаж байгаад Украинд буцаж ирсэн хүүхдүүдтэй уулзсан байна.

Их Британи нь Оросын түрэмгийллийн эсрэг Украины явуулж буй тэмцлийг хамгийн идэвхтэй дэмжигч орнуудын нэг юм.

Өнгөрсөн хугацаанд Украинд зэр зэвсгийн бус тусламж $5.91 тэрбумын хэмжээтэйг үзүүлжээ.

Софи өмнө нь Косово, Сьерра Леон, Өмнөд Судан, Бүгд Найрамдах Ардчилсан Конго, Колумб улсуудад айлчилж, дайн мөргөлдөөний хохирогч болсон хүүхэд, эмэгтэйчүүдтэй уулзаж, тэдэнд туслах ажлыг санаачилж байсан юм.

“Би Нэгдсэн Хаант Улсад оршин суудаг маш олон гайхамшигтай Украин хүмүүстэй уулзаж байсан. Тэднийг хэзээ нэг цагт эх орондоо буцна гэдэгт найдаж байна” гэж Софи айлчлалынхаа үеэр ярьжээ.

 

Эх сурвалж: Reuters