Уншиж байна ...

Х.Нямбаатар: Дүнжингаравын ослын хохирлыг "Дашваанжил" төлөх ёстой

Г.Мөрөн, iKon.mn
2024 оны 4 сарын 29
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Энэ оны нэгдүгээр сарын 23-24-нд шилжих шөнө Дүнжингаравын уулзварт гааз ачиж явсан машин суудлын машин мөргөлдсөний улмаас дэлбэрэлт болж, олон хүний амь нас, эд хөрөнгө сүйдсэн. 

Хэргийн буруутныг одоогоор эцэслэн тогтоогоогүй байгаа юм. 

Уг асуудлыг нийслэл хариуцахаар болж байгаа тул Улаанбаатар хотын дарга Х.Нямбаатараас иргэдийн хохирлыг хэрхэн барагдуулах талаар нь тодруулав.

Тэрбээр "Дүнжингарав орчмыг хохироож, дэлбэлсэн нь "Дашваанжил" гэж компани бий. Хууль шүүхийн байгууллага дүгнэлтээ хурдан гаргах байх. Эд нар төлөх ёстой.

Улсын Онцгой Комисс(УОК) "гал"-аа наашаа шидчихлээ гэж ойлгосон. 

Улсын нөөцөөс 2.6 тэрбум төгрөгийг нааш нь шилжүүлээд та нар учраа ол гэсэн. Нийслэлийн татвар төлөгчдийн мөнгөөр хариуцлагагүй компанийн сүйтгэсэн сүйтгэлийг засах ёсгүй.

Би аж ахуйн нэгжийг нь дуудаж уулзана. Шивэртэй гээд хөлөө тайрдаггүйтэй адил ямартай ч уулзаж, гарц гаргалгаа хайна. П.Сайнзоригт үүрэг өгсөн. Маргааш уулзалт хийж, энэ суудлыг зөв зүйтэй голдирол руу нь явуулмаар байна. 

"Дашваанжил"-ын нөхөрт хандаж хэлэхэд чи хэвлэлд захиалга өгөөд хариуцлагаас мултарна гэж байхгүй шүү. н.Баатаржав билүү нэг нөхөр энд тэнд хэвлэлийнхэнд хэдэн төгрөг өгөөд бид нар ямар ч буруугүй гээд ярьчихсан явсан. Тэр нөхрийг хоёр дахь өдрийн үдээс хойш дуудаж гарцаа хайна. Хууль шүүхтэй улс шүү дээ. Лацдаж ломбодоод мөнгө төгрөгийг нь гаргуулаад хамтдаа шийдэх ёстой.

Энэ бол зөвхөн хотын асуудал биш" гэлээ.