Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/12/25-НД НИЙТЛЭГДСЭН

М.Энхсайхан: ”Пибоди Энержи” манай саналд арай өөрөөр хандсан

А.Ням-Өлзий, iKon.mn
2014 оны 12 сарын 25
iKon.MN
Зураг зураг
2014.12.25 /Гэрэл зургийг Б.Бямба-Очир/mpa.mn/

“Тавантолгой”-н нүүрсний ордод хөрөнгө оруулах уралдаант шалгаруулалтад ирсэн материалуудыг хэрхэн үнэлж дүгнэн, тодруулсан талаар Монгол Улсын сайд М.Энхсайхан мэдээлэл хийлээ. 


Тэрбээр “Тавантолгой”-г Мега төсөл хэмээн онцолсон. Дэлхийн жишигт нэг тэрбум ам.доллар болон түүнээс дээш хэмжээний өртөгтэй, нийгэм, эдийн засагт томоохон ач холбогдолтой төслүүдийг Мега хэмээн нэрлэдэг аж. Ийм төслүүд олон нийтийн анхаарлын төвд байж, улстөржилт, хардлага сэрдлэгэ дагуулж байдаг байна. Тиймээс “Тавантолгой” төсөл эхнээсээ эхлээд алхам бүрээ мэдээлж байх шаардлагатай болж байгаа.

Төслийн явцыг олон нийтэд ил тод байлгах үүднээс megaproject.mn сайт нээсэн байна. Уг сайтад гэрээ хэлэлцээр, хөрөнгө оруулагчидтай холбоотой бүх талын мэдээллийг багтаахыг зорьж байгаа аж. 

“Тавантолгой”-н хөрөнгө оруулагчийг тодруулах уралдаант шалгаруулалт таван жилийн өмнөөс эхэлжээ. Нүүрсний үнэ одоогийнхтой харицуулашгүй өндөр байсан тухайн үед олон компаниуд “Тавантолгой”-д хөрөнгө оруулах хүсэлт тавьж байв. Гэвч бид тэр боломжоо ашиглаж чадаагүй. Түүнээс хойш нүүрсний үнэ унасан. Ийм нөхцөл байдал үүссэн учир  эдийн засгийн идэвхжилийг нэмэгдүүлэхийн тулд УИХ-аас 34 дүгээр тогтоол гаргасан билээ. 

Энэхүү тогтоолоор нүүрсний экспортыг нэг цонхны бодлогын хүрээнд олон улсын зах зээлд борлуулж байх нь зүйтэй гэж шийдсэн. Мөн Тавантолгой-Гашуун сухайтын төмөр зам болон тээврийн бусад дэд бүтцийг төр хувийн хэвшлийн түншлэлийн зарчмаар барьж байгуулна гэж заасан. Тиймээс нүүрсний борлуулалтыг тээвэрлэлттэй уялдуулж ярих ёстой гэсэн шийдвэрийг УИХ-аас гаргасан юм. 
Энэ тогтоолыгхэрэгжүүлэх ажлын хүрээнд өмнөх Засгийн газар 268 дугаар тогтоолыг гаргасан. Энэ тогтоолоор “Тавантолгой”-н орд нь Монгол Улсын төрийн өмчид байна гэдгийг хатуу заасан. 

“Эрдэнэс Тавантолгой”-д учраад байгаа хүндрэл бэрхшээлүүдийг шийдэх, Тавантолгой-Гашуун сухайт чиглэлийн төмөр замыг хувийн хөрөнгө оруулалтаар бариулаад, 30 жилийн дараа суурь бүтцийн 51 хувийг төрийн өмчид үнэ төлбөргүй шилжүүлэх, энэхүү орд газрыг ашиглахад оператор компанийн 51 хувь нь Монголын үндэсний компани байх ёстой зэрэг шалгууруудыг өмнө нь явуулж байсан уралдаант шалгаруулалтын үргэлжлэл болгож хөрөнгө оруулагчдад тавьсан байна. 

2010 оноос хойш “Тавантолгой”-н нүүрсний ордод хөрөнгө оруулья гэж гуйж байсан олон  компаниуд дээрх шалгуур бүхий урилга явуулахад Хятадын “Шинхуа энержи”, Японы “Сумитомо” компаниудын консерциум болон Америкийн “Пибоди энержи” компаниудаас  санал ирсэн байна. 

АНУ-ын “Пибоди Энержи” компанийн хувьд манай тавьсан саналд арай өөрөөр хандсан байна. Тэдний хувьд “Тавантолгой”-н нүүрсний орд ямар үнэтэй юм. Үнэ цэнээс шалтгаалж бид саналаа хэлье гэсэн байр суурьтай байсан ажээ. 


Монгол Улсын сайд М.Энхсайхан сэтгүүлчдийн асуултад хариуллаа 

-“Шинхуа” компанитай манай улс 20 жилийн хугацаанд нэг тэрбум тонн нүүрс нийлүүлэх гэрээ байгуулсан. Гэтэл дахин хөрөнгө оруулагчаар ороод ирэхээр өөрөө өөртөө нүүрс худалдаад байх юм уу, эсвэл энэ гэрээнд өөрчлөлт орох уу?

-Одоо бидэнд байгаа мэдээллийнхээ хүрээнд л хариулт өгье. Сүүлийн үед Монгол Хятадын харилцаа маш сайн явж байгаа. Энэ хүрээнд Хятад улс манайхаас ихээхэн хэмжээний нүүрс авъя гэдэг амлалт өгсөн. Үүнийг улс төрөөр харах хэрэгтэй. Монгол том үйлдвэрлэгч болоод борлуулна гэвэл Хятадын зах зээл бэлэн байна шүү гэдгийг мэдэгдсэн. Харин бид үүнийг яаж зөв хэрэгжүүлэх вэ гэдэг асуудал байгаа. Тэр тухай л бид өнөөдөр ярьж байна. 

-Баруун, зүүн цанх дээр гэрээт олборлогч үйл ажиллагаа явуулж байгаа. Баруун царх дээр үндэсний үйлдвэрлэгч, зүүн дээр “Макмахон лимитед” компани үйл ажиллагаа явуулж байна. “Макмахон”-тай таван жилийн гэрээ байгуулсан. Тэгэхээр энэ гэрээг цуцлаж байж хөрөнгө оруулагчдыг оруулах гэж байгаа юм уу?

-Засгийн газар тогтоол гаргахдаа Баруун Зүүн цанх дээр том хөрөнгө оруулагчийг оруулъя гэж ярьсан. Дээр нь УИХ экспортын бодлогыг нэг цонхоор үргэлжлүүлэх нь үр ашигтай гэдгийг мэдэж байгаа учраас тогтоол гаргасан. Энэ бүгд хоорондоо уялдаатай.

Гэхдээ хөрөнгө оруулагчидтай хэлэлцээ хийнэ. Амжилтад хүрвэл Засгийн газар болон УИХ-д танилцуулж байгаад эцсийн шийд тэнд гарна. Эцсийн шийд гарсны дараа өмнө нь байсан бүх асуудал хүчингүй болно. Дөнгөж хэлэлцээ явагдаж байгаа учраас хүчингүй болгож болохгүй.

-“Эрдэнэс Тавантолгой” компанид “Чалко”-д төлөхөөс гадна дотоодын зах зээлээс авсан өөр өр зээлүүд байгаа. Энэ өр зээл хэрхэн шийдэгдэх вэ?

-“Эрдэнэс Тавантолгой”-д олон өр бий. Бид “Тавантолгой” гэдэг нүүрсний ордыг ашиглах тухай ярьж байгаа болохоос аж ахуйн нэгжийн өөр үйл ажиллагаатай хамаатай өрийг хөрөнгө оруулагчдад шууд үүрүүлнэ гэдэг хэцүү.

Гэхдээ энэ ордыг ашиглахтай холбоотой, хөрөнгө оруулагч зайлшгүй зөвшөөрөх шаардлагатай зардал байгаа бол бид үүнийг хөрөнгө оруулагчтай ярьж шийдвэрлэх арга замыг олох ёстой. Энэ бол хэлэлцээрийн ширээний ард шийдэгдэх ёстой асуудал. 

-Хувьцааг яаж шийдэх вэ. Хөрөнгө оруулагчид орж ирээд “Тавантолгой”-н хувьцааг дэлхийн зах зээл дээр гаргана гэсэн мэдээлэл сүүлийн үед яваад байгаа. Энэ үнэн үү?

Олон нийтэд тараасан 1072 ширхэг хувьцаа Засгийн газрын асуудал. “Тавантолгой”-н орд Монгол Улсын төрийн өмч. Үүнээс Монголын ард түмэн хувьцаалаад эзэмших эрхтэй болсон. Энэ бол зайлшгүй хэрэгжинэ. Чухам ямар зарчмаар, ямар үнийн дүнтэй байх эсэх нь хэлэлцээрийн явцад шийднэ. Шийднэ гэдэг дээр бид тохирсон байгаа. 

-Дөрвөн тэрбумын хөрөнгө оруулалтын 51 хувийг Энержи Ресурс гаргах юм уу?

-Мега төслийн санхүүжилтийн орчин өөр байдаг. Санхүүжилт нь томоохон банк, санхүүгийн байгууллагаас зээл авч хийгддэг. Энэ тэрбум долларын хөрөнгө оруулалтыг ганцаараа санхүүжүүлдэг нэг ч улс, компани байхгүй.

Олон орон том төслийг хэрэгжүүлэх, том хөрөнгө оруулагчдыг татахын тулд үндэснийхээ нягтлан бодох стандартыг олон улсынх руу шилжүүлдэг.

Санхүүжилтээ хэрхэн хувиарлах вэ гэдэг нь хэлэлцээрийн явцад тодорно. 

-Санхүүжилт орж ирэхдээ монголын банкуудаар дамжих уу. “Оюу Толгой”-н хөрөнгө оруулалт гадаадын дансад байрших заалт гэрээнд орсноос болоод одоо хүртэл гадагшаа экспортлож байгаа бүтээгдэхүүний мөнгө орж ирэхгүй байгаа гэсэн асуудал бий. Та бүхэн хэлэлцээр хийхдээ үүн дээр анхаарах уу?

-Том төсөл хэрэгжүүлж байгаа энэ нөхцөлд бид бизнесийн нэг хэлтэй байх ёстой. Бизнессийн нэг хэлтэй болж чадаагүй учраас бие биенээ харддаг. Манай улс бизнесийн нэг хэлтэй болох асуудал чухал болоод байна. Өөрөөр хэлбэл, олон улсын нягтлан бодох стандарт гэж бий.

“Оюу Толгой” дээр энэ стандартыг хэрэглэдэг. Олон орон том төслийг хэрэгжүүлэх, том хөрөнгө оруулагчдыг татахын тулд үндэснийхээ нягтлан бодох стандартыг олон улсынх руу шилжүүлдэг. Түүндээ асар их бэлтгэл хийж байгаад шилждэг. Бизнесийн хэл нь олон улсын түвшинд байвал мөнгө хаана байрлаж, юунд зарцуулагдаж байна вэ гэдэг нь тодорхой болдог. 

-Дөрвөн тэрбум долларын хөрөнгө оруулалтыг ямар журмаар тогтоосон бэ. Үүнээс дээш тогтоох боломж байсан уу?

-Одоохондоо энэ бол бидний гаргасан тооцоо. Ер нь техник, эдийн засгийн үндэслэл хийгдэхэд эцсийн дүн гарна. 

-Гурван хөрөнгө оруулагч санхүүгийн бүхий л талыг хариуцах юм байна. Харин “Эрдэнэс Тавантолгой” компанийн өөрийнх нь үүрэг ямар түвшинд байх вэ. “Оюу Толгой” шиг төрийг төлөөлөх маягтай суух уу, эсвэл тодорхой хэмжээнд нүүрс экспортлох, буруулах, ажлын байр бий болгох чиглэлээр ажиллах уу?

-“Тавантолгой”-н орд төрийн өмч. Хэрхэн яаж оролцох вэ гэдэг нь мөн л хэлэлцээрийн түвшинд шийдэгдэнэ. “Тавантолгой” төрийн нэрийн өмнөөс лиценз баригчийн хувьд хөрөнгө оруулагчид бидэнд төлбөр төлнө. Одоогоор 40 хувиар төлбөр төлөхөд бэлэн байна гэж хөрөнгө оруулагчид хэлсэн. Гэхдээ энэ тоонууд хэлэлцээр хийсэн анхны тоонууд.

 

Гэрэл зургийг Б.Бямба-Очир/mpa.mn