Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/07/28-НД НИЙТЛЭГДСЭН

Г.Сарангэрэлд 1.6 жилийн хорих ял оноолоо

Г.Номин, iKon.mn
2014 оны 7 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Хар тамхи хэрэглэсэн, хадгалсан, борлуулсан хэрэгт сэжигтнээр татагдаад буй Г.Сарангэрэл нарын таван хүнд холбогдох шүүх хурал өнөөдөр Дүүргийн Эрүүгийн хэргийн нэгдүгээр шүүх дээр боллоо.  

Г.Сарангэрэл, Б.Энэрэл, Б.Отгончимэг, Х.Гэрэл гэх дөрвөн охиныг Эрүүгийн хуулийн 192.1 дэх зүйл ангиар, н.Халиуныг 192.2 гэсэн зүйл ангиар буруутган шүүсэн юм. 

Ингээд Г.Сарангэрэлд 1.6 жил, Х.Гэрэлд 1.8 жилийн хорих ял оноолоо. Харин Б.Энэрэлд 1.2 жилийн хорих ял оноон, анх удаагийн үйлдэл учир тэнсэн харгалзах ял болгож, Б.Отгончимэгт 1.1 жилийн хорих ял оноосон ч насанд хүрээгүй учир ялыг нэг жилээр хойшлууллаа.

Харин тэдэнд хар тамхи борлуулсан гэх н.Халиунд долоон жилийн хорих ял оноож, онц аюултай гэмт хэрэгтнээр тооцон, онцгой дэглэмтэй хорих ангид ял эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Г.Сарангэрэлийн өмгөөлөгч Г.Батбаяр хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд шүүхийн шийдвэрийг давж заалдана гэдгээ мэдэгдлээ.


Хуулийн тайлбар

192 дугаар зүйл. Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг хууль бусаар бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулах

192.1.Мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, олж авсан, хадгалсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг зуугаас нэг зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

192.2.Мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг борлуулах зорилгоор хууль бусаар бэлтгэсэн, олж авсан, хадгалсан, тээвэрлэсэн, илгээсэн, борлуулсан бол таваас дээш найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.