Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/07/03-НД НИЙТЛЭГДСЭН

Г.Батбаяр: Г.Сарангэрэлийг шөнийн 02 цагт телевизийн ярилцлагад оруулсан

ikon.mn
2014 оны 7 сарын 3
iKon.MN
Зураг зураг
Өмгөөлөгч Г.Батбаяр

-Г.Сарангэрэлийн өмгөөлөгч хэвлэлд хандлаа-
 
Хар тамхины хэрэгт сэжиглэгдэн дөрвөн сар орчим Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаад байсан Г.Сарангэрэл бүсгүй өнгөрсөн долоо хоногт батлан даалтад гарсан. Тэрбээр батлан даалтад гарсан даруйдаа Хууль зүйн сайд Х.Тэмүүжинтэй янаг амрагийн холбоотой байсан, насанд хүрээгүй байхдаа түүнтэй танилцсан, нэр төрөө сэргээлгэнэ хэмээн нэгэн телевизэд ярилцлага өгч улмаар тэрхүү бичлэг нь олон нийтийн цахим сүлжээгээр цацагдаж олныг цочирдуулаад байгаа юм.
 
Гэтэл уг бичлэг цацагдсаны маргаашаас тэрбээр “Би тэр ярилцлагыг өгч байхдаа их сандарсан болохоор сэтгүүлчийн асуусан асуултад үнэлэлт дүгнэлт өгөлгүйгээр “тийм” гэж хариулсан. Х.Тэмүүжин сайд бид хоёрын дунд ямар нэгэн бэлгийн харилцаа байхгүй” хэмээсэн нь нийгмийг талцуулаад байна.
 
Тодруулбал, Г.Сарангэрэлд үг зааж өгөн зохион байгуулалттайгаар телевизийн ярилцлагад оруулан Х.Тэмүүжин сайдын нэр төрд халдаж байгаа нь улс төрийн явуулга гэж үзэх нэг хэсэг байгаа бол нөгөө хэсэг нь сайдын үнэн мөнийг нуулгүй илчилсэн зоригтой охин хэмээн магтах.
 
Тэгвэл бид үүсээд байгаа нөхцөл байдал болоод ардаа асуултын тэмдэг дагуулсан асуудлуудын талаар Г.Сарангэрэлийн өмгөөлөгч Г.Батбаяртай ярилцлаа.

- Нэр бүхий албан тушаалтнууд сайдыгаа гүтгүүлж байна -
 
-Та хэзээнээс Г.Сарангэрэлийн өмгөөлөгчөөр ажиллаж байна вэ?

-Манай үйлчлүүлэгч надад хүсэлт тавьсны дагуу өнгөрсөн зургадугаар сарын 1-нээс би энэ хэрэг дээр албан ёсоор ажиллаж эхэлсэн. Надаас гадна хоёр өмгөөлөгч бий. Тэр хоёр өмгөөлөгчийн хувьд Г.Сарангэрэлийг хэрэгт холбогдсон цагаас нь эхлэн өмгөөллийн үйлчилгээ үзүүлж байгаа.
 
-Танай үйлчлүүлэгчийн телевизэд өгсөн ярилцлагууд нэлээн шуугиан тариад байна. Яагаад гэхээр 2-р суваг телевизэд өгсөн ярилцлагадаа Х.Тэмүүжин сайдтай бэлгийн харилцаатай байсан хэмээж байсан бол дараа нь тийм зүйл байхгүй, тэр үед их сандарсан байсан гэх хоёр утгатай зүйлийг яриад байгаа шүү дээ. Өмгөөлөгчийн хувьд энэ асуудал дээр тайлбар өгөхгүй юу?

-Г.Сарангэрэлд манай хууль зүйн товчоо өмгөөллийн үйлчилгээ үзүүлж байгаа. Гэтэл сүүлийн үед өмгөөллийн үйл ажиллагаа явуулж байхад цагдаагийн эрх бүхий албан тушаалтнуудаас янз бүрийн дарамт ирж, сайдыгаа зохион байгуулалттайгаар гүтгүүлэхээр өмгөөллийн маань хэвийн үйл ажиллагааг алдагдуулж байна. Мөн хүний нэр төрийг гутаах зорилгоор үйлчлүүлэгчээр нь дамжуулж худал зүйл хэлүүлэхийг тулгах зэрэг үйлдүүдийг удаа дараа гаргах боллоо.
 
Цагдаагийн байгууллагын эрх бүхий албан тушаалтан над руу залгаж өөрийнхөө үйлчлүүлэгчээр /Тэмүүжин бол надтай гаж байдлаар сеск хийдэг байсан. Намайг ашигласан. Тэр гаж донтон байсан. Би маш их гомдож байна. Түүний үнэн нүүр царайг илчилнэ хэмээн Сарангэрэлийг хэвлэлээр заавал яриулах шаардлагатай байна/ гэх агуулгатай зүйлийг ярь хэмээн тулгасан. Тэр хүн бол цагдаагийн байгууллагад ажилладаг өндөр албан тушаалтан. Гэтэл салбараа удирдаж байгаа сайдынхаа эсрэг энэ мэт зүйлийг зохиомлоор яриулахыг хүсч, дарамталсан баримт нь энд байна. /тэрхүү утасны яриаг сонсгов/

 
-Ямар учраас тэр вэ?

-Эхлээд өмгөөллийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байсан. Гэтэл сүүлдээ түүний амьдралын хэв маяг, туулж өнгөрүүлсэн амьдрал болоод төрөл төрөгсөд рүү нь чичилж улмаар түүнд ял тулгана хэмээн заналхийлж эхэлсэн. Үүнийг эхэндээ бид хэлбэрийн төдий сүрдүүлэг хэмээн хүлээн авч байсан ч сүүлдээ хэрээс хэтэрч миний үйлчлүүлэгчийг хэсэг нөхөд хуйвалдан хугацаанаас нь өмнө батлан даалтад гаргасан.

Ер нь сэжигтнийг хугацаанаас нь өмнө батлан даалтад гаргасан тохиолдол байдаггүй. Хугацаанаас нь өмнө гаргах нь бүү хэл хугацаа нь болчихоод өмгөөлөгч нь хүсэлтээ тавичихаад байхад шүүгч, прокурор нь хөдөлдөггүй шүү дээ.
 
-Түүнийг зохион байгуулалттайгаар батлан даалтад гаргасан -
 
-Түүнийг өмгөөлөгчийнх нь хүсэлтээр батлан даалтад гаргаагүй хэрэг үү. Г.Сарангэрэл телевизэд өгсөн ярилцлагадаа манай өмгөөлөгч хөөцөлдөж байгаад намайг батлан даалтад гаргасан. Харин хамт шалгагдаж байгаа хоёр найз маань батлан даалтад гарч чадаагүй, саатуулагдсан хэвээр байгаа гэж байсан шүү дээ?

-Миний үйлчлүүлэгчийг Эрүүгийн хуулийн 192.1 гэсэн зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. ЭБШХ-ийн 68.3-т зааснаар хүндэвтэр гэмт хэрэг дээр 4 сараас илүүгүй хугацаагаар цагдан хорих заалттай байдаг. Энэ хугацаа энэ сарын 2-нд буюу өчигдөр дуусах ёстой байсан.

Тэр ч утгаараа өмгөөлөгчийн хувьд би Г.Сарангэрэлийг хугацаанд нь буюу долдугаар сарын 2-нд батлан даалтад гаргуулах хүсэлтээ шүүхэд өгсөн байсан. Яагаад гэхээр тодорхой хүчний зүгээс манай үйлчлүүлэгчийг хугацаанаас нь өмнө  гаргаж янз бүрийн зүйл яриулах, хамт хоригдож байсан холбогдогч нарынх нь дунд яс хаях, бие биед нь хэргийг нь үүрүүлэх сонирхолтой байсан юм.

Гэтэл яг энэ дагуу намайг хүсэлтээ өгсний маргааш хэсэг бүлэг хүмүүс зохион байгуулалттайгаар Г.Сарангэрэлийг хугацаанаас нь өмнө буюу өнгөрсөн зургадугаар сарын 22-нд батлан даалтад гаргаж улмаар улс төрийнхөө бохир заваан үйлдэлд ашиглаж байна.
 
-Танай үйлчлүүлэгч батлан даалтад гарсан өдрөө телевизэд ярилцлага өгсөн. Үүнийг цаанаасаа зохион байгуулалттай гэж харах хүн олон байна л даа. Өмгөөлөгчийн хувьд үүн дээр ямар тайлбар өгөх вэ?

-Тийм ээ, манай үйлчлүүлэгчийг хугацаанаас нь өмнө батлан даалтад гаргасан нь цаанаа ашиг сонирхлын зөрчил агуулж байсан юм билээ. Батлан даалтад гаргасан даруйдаа Г.Сарангэрэлээр хэвлэл мэдээллийн хэрэгслээр зохион байгуулалттайгаа янз бүрийн ярилцага өгүүлсэн.  Ядарсан ард түмнийхээ хүүхдийг ийм бохир зүйлдээ хутгаж, түүний нэр төрийг ингэж гутааж болохгүй шүү дээ.
 
-Зохион байгуулалттайгаар ярилцлага өгүүлсэн гэж та хэллээ. Тэгвэл хэн зохион байгуулсан юм бэ. Мэдээж ардаа захиалагч байгаа байх. Нөгөө талаасаа танай үйлчлүүлэгч хоёр өөр утга бүхий ярилцлагыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр удаа дараа өгөөд байгаа шүү дээ?

-Энэ хэргийг ажиглаж байхад их хэмжээний мөнгө төгрөгөөр санхүүжсэн, тусгай гэмт хэргийн бүлэглэл монголд бий болсон гэдэг нь харагдаж байна л даа. Өөрийн алдар нэр, ашиг сонирхлын төлөө бусдын нэр хүндийг уландаа гишгиж ард иргэдийг золиосолж болдог, хувь заяагаар нь тоглож байгаа нь харагдаж байна.

Шулуухан хэлэхэд ажлаасаа халагдсан хурандаа нар, сайдынхаа суудлыг өгсөн УИХ-ын гишүүд болоод өрөөлийг шантаажилж мөнгө олдог УИХ-ын гишүүн О.Баасанхүү мэтийн хэдэн нөхдүүд бусдыг дарамталж, хэрэг тулгаж, нэр хүндийг нь хэрхэн гутаан доромжилж байгааг өнгөрсөн зургаадугаар сарын 22-ны орой орон даяар бүгд харлаа шүү дээ.

Бид энэ бүхнийг хэн хаанаас хэрхэн зохион байгуулж, санхүүжүүлж байсныг бүгдийг нь баримтжуулсан. Удахгүй баримттайгаар нь дэлгэж тавина.

Ер нь манайд гэмт хэрэг нарийн зохион байгуулалтад орсон, тохиролцож байгаад л хэрэгт хийж эс бөгөөд хэргийг нь цагаатгадаг тогтолцоо бүрэлдсэн байна.
 
-Хэлснээр нь хийвэл гурван сарын баривчлах ял онооно гэжээ-
 
-Тохиролцсон гэдэг үгийг та хэллээ л дээ. Тэгэхээр танай үйлчлүүлэгчийг хугацаанаас нь өмнө батлан даалтгад гаргасан гэгдээд байгаа хүмүүс түүнтэй ямар тохироо хийсэн бэ. Та энэ талаар ямар мэдээлэлтэй байна вэ?

-Үйл явдал ингэж өрнөсөн. Өнгөрсөн зургадугаар сарын 18-нд Эрүүгийн цагдаагийн газрын нэгэн ажилтан Цагдан хорих 461 дүгээр ангид очиж миний үйлчлүүлэгч Г.Сарангэрэлтэй уулзсан байгаа юм. Ингэхдээ түүнд тодорхой хэмжээний саналуудыг тавиад түүнийг батлан даалтад гаргана гэсэн юм билээ. Гэтэл яг тэр хэлсэн өдөр нь шүүгч захирамч гаргаж, Г.Сарангэрэлийг батлан даалтад гаргасан байдаг.

Үүнээс харахад цагдаа, шүүх хоёр нэг хүн шиг болсон гэдэг ойлголт миний үйлчлүүлэгчид төрсөн нь гарцаагүй. Ингээд өөрийнх нь хувь заяа цагдаа, шүүхийнхний гарт байна гэж бодоод хэлснийх нь дагуу хийхээс өөр аргагүйд хүрсэн. Би түүний телевизэд ярилцлага өгсөн гэдгийг мэдээгүй. Түүнийг ингэж яривал гурван сарын баривчлах ял онооё гэсэн юм билээ.
 
-Тэгэхээр та Г.Сарангэрэлийг батлан даалтад гарч байгааг, телевизэд ярилцлага өгч байгааг нь мэдээгүй гэж ойлгож болох уу. Яг ямар дарамт ирсэн болохоор Хууль зүйн сайд Х.Тэмүүжинтэй янаг амрагийн холбоотой байсан хэмээн ярих болов. Мөн маргааш нь үүнийгээ няцаасан шүү дээ. Энэ ямар учиртай юм бэ. Яг үнэнийг нь хэлэхээр Тэмүүжин сайд дарамтлаад маргааш нь өөр зүйл ярьж байна гэх хардлага нийгэмд байгаа нь нууц биш?

-Хүн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй. Миний үйлчлүүлэгчийг хуурч мэхлэх замаар ганц нэгхэн асуулт л асууна хэмээн студид дагуулж ороод шууд яриулсан байгаа юм. Ингэхдээ тухайн сэтгүүлч дандаа хөтөлж асуусан. Гэнэт нүүр амыг нь будаж оруулаад хөтлөөд асуучихсан. Сэтгэл зүйн дарамтад орчихсон байхад нь асуусан гэж ойгож болно.

Г.Сарангэрэл сэтгүүлчийн асуусан бүхэнд нь хариулсан байсан. Энэ тухайгаа хэсэг хугацааны дараа Монгол телевизээр тодорхой ярьсан байгаа. Өмгөөлөгчийн хувьд ярилцлага авах үед нь үнэхээр байгаагүй. Энэ үйл явдал бол шөнийн 02.00 цагийн үед болсон байсан. Би Тахарын алба биш тэр хүний аюулгүй байдлыг хангаад сууж байх боломжгүй. Миний үйлчлүүлэгчийг одоо УИХ-ын гишүүн Х.Баттулгын бие хамгаалагч н.Энхбат хамгаалаад явж байна. Ямар учраас УИХ-ын гишүүний бие хамгаалагч өнөөдрийг хүртэл түүнийг хамгаалаад явж байна вэ гэдэг нь сонин байгаа биз. Үүнээс харахад хэний захиалгаар энэ үйл явдал болсон юм бэ гэдэг нь тодорхой шүү дээ.
 
-Түүнийг хамгаалагч дагаад явж байна гэлээ. Та бүхэн үйлчлүүлэгчтэйгээ уулзаж чадаж байгаа юм уу?

-Бид үнэн бодит мэдээллийг хэвлэл мэдээллээр өгье гэхээр тэд янз бүрийн хаалт хийж, өгүүлэхгүй байна. Тусгай албадууд гүйцэтгэх ажиллагааныхаа шугамаар бүгдийг баталгаажуулаад авсан байгаа.
 
-Г.Сарангэрлийн өмгөөлөгчид таван сая төгрөгийн авилга өгсөн гэв-
 
-Г.Сарангэрэлийг ярилцлага өгснийх нь дараа Цагдан хорих 461 дүгээр ангид дахин цагдан хорьсон гэх мэдээлэл байна. Энэ үнэн үү?

-Хэсэг бүлэг хүмүүс түүнийг дахин хорих сонирхолтой байгаа нь үнэн. Гэхдээ хуулийнхаа дагуу дахин цагдан хорих ямар ч эрх зүйн орчин байхгүй. Хууль бол хууль.
 
-Энэ хэрэг одоо ямар шатандаа явж байна вэ?

-Шүүхийн шатанд яваа. Энэ сарын 7-нд шүүх хурал зарлагдсан. Өмгөөлөгчдийн хувьд бид шүүгчээс татгалзах тухай хүсэлтээ өгнө. Яагаад гэхээр батлан даалтад гаргасан шүүгч бол ашиг сонирхлын зөрчилтэй байсан. Ярилцлага өгүүлэхийн тулд урьдчилж батлан даалтад гаргасан гэж үзэж байгаа. Тэгэж хүний эрхийг хамгаалах гээд байгаа бол хамт саатуулагдсан хоёр охиныг нь хүртэл батлан даалтад гаргах ёстой шүү дээ.  
 
-Г.Сарангэрэлийн хувьд урьд нь гэмт хэрэгт холбогдож байсан гэх мэдээлэл байгаа. Ямар хэрэгт холбогдож байсан юм бэ?

-Эрүүгийн хуулийн 148.2 гэсэн зүйн ангиар хэрэгт холбогдож байсан нь үнэн. Хүн амьдралдаа алдаж болно. Миний үйлчлүүлэгчийн гэмт хэрэгт холбогдож байсан нь түүний бүх л амьдарлдаа алдах алдааны шалтаг болох ёсгүй. Энэ хэрэгтээ зохих ялаа шийтгүүлээд эдлээд дууссан хүн.
 
-Өмгөөлөгчид мөнгө өгсөн гэх яриа бас байгаа шүү дээ. Та нарт хэн хэдэн төгрөг өгсөн бэ?

-Цагдаагийн байгууллагын эрх бүхий албан тушаалтан бидэнд мөнгө өгсөн асуудал байгаа. Энэ гүтгэлгийн чанартай асуудлыг цааш нь сайн явуулаад өгөөч гээд 5 сая төгрөгийг урьдчилгаа хэмээн өгсөн.

Бид өмгөөлөгч болоод хуульч хүний хувьд энэ асуудлын эсрэг байгаа. Сарангэрэл гэдэг эмэгтэйг хүн гүтгүүлсэн хэргээр ял нэмүүлэхийг хүсэхгүй байна. Бид энэ мөнгийг нь хууль хяналтын байгууллагад нь өгнө, холбогдох гомдлоо гаргасан байгаа.
 
- Түүний утсанд өдөр бүр заналхийлсэн захидал ирэх болжээ-
 
-Телевизэд ярилцлага өгснөөс хойш танай үйлчлүүлэгчид ямар нэгэн дарамт шахалт ирж байна уу?

-Түүний утсанд өдөрт маш их заналхийлсэн дуудлага, мессэж ирж байна. Өнөөдрийн хувьд ч гэсэн бид түүнийг энд дуудаад хамт ярилцлага өгөхийг хүссэн боловч хажууд нь байгаа Женкогийн гэх хамгаалагчаас болоод авчирч чадахгүй байна. Энэ нь миний өмгөөллийн хэвийн үйл ажиллагаа алдагдсаны илрэл. Нөгөө талаасаа тэр охин бусдын эрхшээлд орсныг харуулж байна. Түүний утсанд хамгийн сүүлд ирсэн мессэж

Г.Сарангэрэлийн хувьд сэтгэл санааны хувьд үнэхээр хүнд байна. Орон даяар Х.Тэмүүжин сайдтай унтсан гээд хэлчихсэн болохоор ээж, аав нь ухаан алдаж унасан. Солонгост байдаг ах дүү нар нь уйлж дуулж утасдсан, найз залуу нь сална хэмээн нилээн юм болсон. Өөрөө амиа хорлохыг ч оролдсон. Тэр үед нь бид азаар таслан зогсоосон л доо. Ярилцлага өгснийхөө маргааш өглөө нь би юу хийчихэв ээ гээд уйлаад суугаад байсан. Үнэхээр хүнд байгаа тэр охины хувьд.
 
Улс төрийн зорилгоор үнэхээр энэ охины амьдралыг сүйтгэж гүйцэж байна.
 
Өмгөөлөгч бидний хувьд ч гэсэн хэн хүнээс нуугдан барин л ажлаа хийж байна. Нэг өргөдөл аваачиж өгөхөд хүртэл өргөдөл гомдол хүлээж авдаг ажилтан нь буцааж байх жишээтэй. Уг нь би өмгөөллийн үйл ажиллагаа явуулж байгаа субъект. Миний өмгөөллийн үйл ажиллагаанд тусгай субъектээс халдаж байна. Монгол Улсад прокурор, шүүгч, шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, цагдаа, тагнуул гэсэн таван тусгай субъект байдаг. Гэтэл энэхүү субъектээс надад халдаж байгаа нь үнэхээр хууль бус явдал болж байна.
 
-Г.Сарангэрэлийн хамгаалагчийг Л.Мөнхбаясгалан олж өгсөн-
 
-Танай үйлчлүүлэгчийг Женко Баттулгын бие хамгаалагч хамгаалаад, хааш нь ч хөдөлгөхгүй байна гэж та хэлсэн.  Г.Сарангэрэл тэр хүнээс татгалзаж болдоггүй юм уу. Бүрэн эрх нь байгаа шүү дээ. Үнэхээр хэцүү байгаа бол хууль хяналтын байгууллагад хандаж болно биз дээ?

-Тэр Женкогийн хамгаалагч гээд байгаа хүнийг 2-р суваг телевизийн сэтгүүлч Л.Мөнхбаясгалан олж өгсөн юм билээ. 2-р суваг чинь Женко Баттулгын телевиз шүү дээ. Би бас хувьдаа гайхаад л байна. Мөнхбаясгалан Дашбалбар агсныг бас л ийм хормой хотны явдлаараа үхүүлж байсан сэтгүүлч. Гэтэл одоо дахиад л яг энэ талаараа ярьж бүр нарийн мэргэшсэн байна.

Миний үйлчлүүлэгчийн нүүр царайг орон даяар гаргаад, унтсан хэвтсэн тухай нь эрээ цээргүй асууж сэтгүүлзүйн ёс зүйг алдагдуулан байж нэр төр, албан тушаалын төлөө хөөцөлдөж байна. Мөн өөрийн твиттер хуудсаараа янз бүрийн зүйл бичсэн байсан.

Одоо бол тэр сэтгүүлч байнга миний үйлчлүүлэгч рүү утасдаад хаана байна, юу хэрэгтэй байна, эгч нь мөнгө өгөх үү, чи өөр телевизэд Тэмүүжинтэй унтаагүй гэж ярьж болохгүй шүү, тэгвэл нийгэм даяараа чамайг тэнэг гэж бодно гээд хаа байгаа газар нь яваад очдог гэсэн. Түүний хөл нь хугарчихсан ч гэсэн таягаа тулаад л элдэж хөөгөөд байгаа. Г.Сарангэрэлийн хувьд хамгаалагчаасаа татгалзах боломжгүй байгаа л даа. Тэр хамгаалагч бол миний хяналтаас гадуур. Гэрийнх нь гадаа хүлээнэ тэгээд хаашаа хэнтэй уулзах гэж байна тэр бүгдийг нь мэдээлээд, дагаад явж байдаг.
 
          -Г.Сарангэрэлийг шууд зочид буудал руу аваачсан-
 
-Түрүүн таны хариулаагүй нэг асуултыг дахин асууя гэж бодож байна. Юу вэ гэхээр танай үйлчлүүлэгч Г.Сарангэрэлийг өнгөрсөн зургадугаар сарын 22-нд батлан даалтад гаргасан байдаг. Хугацаанаас нь өмнө батлан даалтад гаргаж байгааг нь та мэдсэн үү. Яаж яваад 2-р суваг телевизийн студид очоод ярилцлага өгсөн юм бэ?

-Тухайн өдөр би үйлчлүүлэгчээ Цагдан хорин 461 дүгээр ангиас очиж авсан. Түүнийг батлан даалтад аваад байж байтал утсаар захиалга ирсэн. Ямар захиалга вэ гэхээр цагдаагийн нэр бүхий томоохон албан тушаалтнууд Элиганс зочид буудалд өрөө захиалчихсан Г.Сарангэрэлийг шууд тийш нь аваач хэмээн тулган шаардсан. Ингэхдээ зочид буудалд байрлуулсных нь дараа тийм телевиз ирнэ, тэр телевизэд заавал ярилцлага өгүүл гэсэн.

Болсон процесс бол энэ. Миний хувьд тэдний хэлсний дагуу үйлчүүлэгчээ тухайн зочид буудлын 504 тоот өрөөнд оруулчаад дараа нь Стар телевизийг дуудаж тус буудлын 402 тоотод оруулсан. Стар телевизийнхэн Г.Сарангэрэлээс хамгийн түрүүнд ярилцлага авсан. Ингээд би явсан. Гэтэл намайг явсны дараа буюу шөнө дунд 02.00 цагийн үед цагдаагийнхны захиалсан телевизийнхэн  ирээд үйлчлүүлэгчийг маань шууд  авч яваад нүүрийг нь будаж байгаад тулган шаардах байдлаар ярилцлага авсан байна лээ.
 
-Та түүнийг гэр рүү нь шууд хүргээд өгөх боломж байгаагүй хэрэг үү?

-Тийм боломж байгаагүй. Тэд намайг хэрвээ чи өөр газар руу авч явбал танай үйлчлүүлэгчид ийм ийм хохирол учирна хэмээн дарамталсан. Мөн домын чанартай нэг ийм зүйл байдаг юм билээ. Юу вэ гэхээр хар газар хоригдож байгаад гарсан хүмүүс гэртээ шууд харилгүйгээр өөр газар очиж хоноод арц хүчээр ариутгаад гэртээ очдог гэсэн.

Тэд мөн энэ мухар сүсгийг нь бас ашигласан байгаа юм. Би тэр сэтгүүлчийг нэр төр албан тушаалын төлөө бусдыг олон нийтийн хэрэгслээр гүтгэн доромжилсон гэдэг үндэслэлээр гомдол гаргана гэж бодож байгаа.
 
-Танай үйлчүүлэгчийн гэм буруутай нь тогтоогдвол ямар ял оноох хуулийн зүйл заалт байгаа вэ?

-Эрүүгийн хуулийн 192.1 гэдэг зүйл анги бол гэм буруутай нь шүүхээр тогтоогдвол 1.6 жил хоригдоно..
 
-Түүнийг хар тамхи татсан байж болзошгүй хэмээн шалгаж байгаа. Өөрөө болохоор хар тамхи гээч зүйлийг хараагүй гэсэн. Өмгөөлөгчийн хувьд бодит байдлыг хэрхэн харж байна вэ?

-Шүүхээр шийдэгдээгүй байгаа хэргийн талаар ярих боломжгүй л дээ. Гэхдээ өмгөөлөгч бидний хувьд үйлчлүүлэгчээ цагаатгах байр сууринаас шүүх хуралд оролцоно.

Эх сурвалж: Ц.Эрдэнэцэцэг /www.eagle.mn/