Уншиж байна ...

"Халамжийн тэтгэвэр хүлээсэн, хөдөлмөрийн чадваргүй болж, уушги нь муудсан бичил уурхайчдын нэг бүлэг байна"

М.Батчимэг, ikon.mn
2024 оны 4 сарын 26
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монгол Улсын нийт алтны нийлүүлэлтийн 20 орчим хувийг бүрдүүлдэг бичил уурхайчдын нийгмийн зайлшгүй үйлчилгээ авах боломж нь хэр байгааг судалсан судалгааны нээлт өнөөдөр боллоо. 

2019 онд бичил уурхайн үйл ажиллагааг зогсоосноос хойш албажсан бичил уурхайчид цөөрсөн ч шинэ журам 2022 онд батлагдсанаар албажсан бичил уурхай буцаж сэргэсэн байна. 

Шинэ журмын хүрээнд тухайн орон нутагтаа бүртгэлтэй 18-аас дээш настай, аль нэгэн, нөхөрлөл, төрийн бус байгууллагад гишүүн газрын дүгнэлт бүхий талбайд тухайн орон нутгийн засаг даргатай гэрээний хүрээнд ажилладаг эсвэл тусгай зөвшөөрөл бүхий лицензтэй компанитай гэрээтэй уурхайчныг албажсан гэж тодорхойлдог аж. 

Судалгаанд бичил уурхайчид болон төрийн албан хаагчдаас бүрдсэн нийт 136 хүн оролцсон байна. 

Уг судалгааны үр дүнгээс МУИС-ШУС-ийн Ахлах багш Д.Амаржаргал дараах зүйлсийг танилцуулав. 


"Бичил уурхайгаас өөр орлогогүй уурхайчдад ЭМД, НДШ хэт өндөр тусаж байна" 

  • Бичил уурхайчдад нэн шаардлагатай гэж үзэж болох уушгины багтаамжийг хэмжих спирометр багаж аль ч байршилд бараг байхгүй. Мэргэжлээс шалтгаалах өвчнөө хүндэрсэн үед нь очиж оношлуулах эрсдэлтэй байна.
  • Эрүүл мэндийн даатгалаа төлөлгүй 1-2 жил хуримтлуулснаас болж хөдөөгийн бусад иргэнтэй ижил хэмжээнд зардлын ачааллыг дааж чадахгүй байна. 
  • Эмэгтэй бичил уурхайчдын хувьд үзлэг оношилгоонд хамрагдаж, хэвтэн эмчлүүлдэг бол эрэгтэйчүүд нь ихэвчлэн гар хөлөө гэмтээсэн, хоолны хордлого зэрэг тохиолдолд яаралтай түргэн тусламжийг авч байна. 
  • Бичил уурхайчид Нийгмийн даатгалын шимтгэлийг хамгийн бага дүнгээр төлөх хандлагатай байдаг. Ихэвчлэн гэр бүлээрээ ажилладаг учир нэг өрхийн гурван хүн ажиллаж байхад хамгийн багаар бодоход жилд НДШ гурав орчим сая төгрөг болж байгаа нь хэт их гэж уурхайчид дүгнэсэн байна. Энэ нь ихэвчлэн бичил уурхайгаас өөр орлогын эх үүсвэргүй албажаагүй уурхайчид байна. 
  • Хөдөлмөрийн чадварын алдалтын тэтгэмж авахад НДШ зайлшгүй 3-6 сар тасралтгүй төлсөн байх ёстой гэдэг нь ажлын онцлог болон орлогын жигд биш урсгалтай нь огт нийцэхгүй байна. 
  • Эрэгтэй уурхайчдын хувьд тэтгэвэрт гарах нас нь 65 байгаа нь хэт өндөр байна. Газар доорх ажлын хөнгөлөлттэй нөхцөлөөр эрт тэтгэвэрт гарах зохицуулалт байдаг ч сайн дурын даатгалд хамааралгүй. 
  • Тэжээгчээ алдсаны тэтгэмжийн даатгалыг НДШ тасралтгүй төлсөн байх нөхцөлийг хангаж чадахгүйгээс болоод авч чадахгүй байна. Мөн үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний даатгалд осолд ороод нас барсан, нүх нурсан зэрэг тохиолдлуудад эрхзүйн орчин нь бүрдээгүйгээс даатгал авсан хүн байхгүй байна. 
  • Халамжийн тэтгэвэр хүлээсэн эсвэл түүнийгээ авч байгаа өөр орлогогүй, хөдөлмөрийн чадвар нь нэгэнт доройтсон буюу уушги нь муудсан нэг бүлэг Сэлэнгэ аймагт байна.