Уншиж байна ...

ПАРИС 2024: Олимпын эрхийн сүүлийн тэмцээнд оролцох бөхийн төрлүүдийн бүрэлдэхүүнийг зарлав

Э.Тэмүүлэн, iKon.mn
2024 оны 4 сарын 26
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Ирэх сарын 9-12-нд Туркийн Истанбул хотноо Дэлхийн Бөхийн Нэгдсэн Холбоо (ДБНХ)-ны олимпын эрх олгох сүүлийн тэмцээн болно. Тус тэмцээнд оролцох багийн бүрэлдэхүүнийг Монголын Чөлөөт Бөхийн Холбоо (МЧБХ) зарлажээ.

Уг нь бөхчүүдийг дахин сорилго барилдаан явуулж, хэн ялсан нь олимпын эрхийн төлөө хүч үзэх ёстой байсан ч МЧБХ-ны Удирдах Зөвлөлд ирсэн саналын дагуу журмын нэмэлт өөрчлөлтийг баталснаар багш, дасгалжуулагч, Удирдах Зөвлөлийн шийдвэрээр бөхчүүдийг сонгосон аж. 

Дэлхийн эрхийн тэмцээнд эхний гурван байрт орсон тамирчин Парисын олимпыг зорих тийзээ өвөртлөх юм. 

Одоогоор манай улс таван эрх авсан. Сонирхуулахад АНУ, Японы баг 13 эрх аваад буй бол Иран 11, Куба, Египет тус бүр 10 эрх авсан билээ.

Эрэгтэй:

  • 57 кг З.Занабазар (Улсын аваргын мөнгө)
  • 65 кг Т.Тулга (Улсын аваргын мөнгө)
  • 74 кг О.Сүлдхүү (Улсын аваргын алт)
  • 97 кг Г.Ганхуяг (Улсын аваргын алт)

Эмэгтэй:

  • 53 кг Б.Хулан (Улсын аваргын алт)
  • 57 кг Б.Хонгорзул (Улсын аваргын мөнгө)
  • 76 кг Э.Даваанасан (Улсын аваргын алт)

Сонгомол бөхөөр:

  • 60 кг Батхуягийн Мөнх-Эрдэнэ
  • 97 кг Балтмөнхийн Бадамдорж нар Дэлхийн эрхийн тэмцээнд эх орноо төлөөлнө.