Уншиж байна ...

Хагас зууны турш Оросын үнэнч худалдан авагч байсан Энэтхэг улс Өрнөдийн зэвсгийн импортоо нэмэгдүүлжээ

Т.Давааням, ikon.mn
2024 оны 4 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Өнөөдөр дэлхийн хамгийн том зэвсэг импортлогч бол Энэтхэг улс юм. Тус улс 1960-аад оноос хойш Оросын зэр зэвсгийн үнэнч худалдан авагч байжээ. Сүүлийн 20 жилийн хугацаанд Энэтхэг нийтдээ $60 тэрбумыг ОХУ-аас зэвсэг авахад зарцуулсан байна.

Гэтэл сүүлийн үед Өрнөдийн зэвсгийн импорт эрс нэмэгдсэнийг SIPRI (Stockholm International Peace Research Institute) хүрээлэнгийн сүүлийн тайлан харуулжээ.

Тухайлбал 2009-2013 онд Энэтхэг улсын гадаадаас худалдаж авсан зэвсгийн 76 хувь ОХУ-ынх байсан бол сүүлийн таван жилийн хугацаанд 36 хувь болж буурсан байна.

Энэ нь 1960-аад оноос хойших Энэтхэгийн таван жил тутмын зэвсгийн импортод Оросын эзлэх хувь тавиас бага хувьд хүрсэн анхны тохиолдол болохыг SIPRI тайландаа онцолжээ.

Үүнд хэд хэдэн хүчин зүйл нөлөөлсөн гэж мэргэжилтнүүд үзэж байна.

Нэг талаас Украинд зардал өндөртэй дайн явуулж буй Оросын эрх баригчдын худалдах зэвсгийн тоо багассан. Нөгөө талаас энэ дайнтай холбоотой Өрнөдийн орнуудын авсан худалдааны хориг арга хэмжээ нөлөөлж байна.

Бас нэг том шалтгаан нь Украины дайны үеэр Оросын зэр зэвсгийн чанар танигдсан явдал гэнэ.

Энэтхэгийн эрх баригчид дотооддоо зэвсгийн үйлдвэрлэл хөгжүүлэх сонирхолтой болсныг өөр нэг шалтгаан гэж үзэж байна.

2019 онд хоёр улс 600,000 гаруй Калашников төрлийн автомат буугаар Энэтхэгийн армийг хангах зорилготой “Rifles Private Limited” хамтарсан үйлдвэрийг байгуулсан нь одоо болтол бүтээгдэхүүн гаргаагүй байгаа.

Энэ нь Оросын тал амлалтаа биелүүлж чадахгүй байгаатай холбоотойг батлан хамгаалах чиглэлийн туршлагатай сэтгүүлч Рагул Беди мэдээлжээ.

Үүнээс гадна Оросын тал агаарын довтолгооноос хамгаалах таван ширхэг С400 систем нийлүүлэх гэрээ байгуулснаас хоёрыг нь одоо болтол нийлүүлээгүй байгаа гэнэ.

Энэ нь нэг талаас Оросын эрх баригчид Украины дайнд зориулсан зэвсэг үйлдвэрлээд завгүй байж болох ч нөгөө талаас Энэтхэг улс Өрнөдийн хоригийг зөрчихөөс болгоомжилж байж болзошгүй гэж Беди тайлбарлажээ.

Үүнээс гадна Оросын зэр зэвсгийн чанар Украины дайнд танигдаж эхэлсэн нь Энэтхэгийн эрх баригчдыг эргэлзэхэд хүргэсэн гэж зарим судлаачид үзэж байна.

Бүр дайн эхлэхээс ч өмнө Оросоос импортолсон МиГ-29К сөнөөгч онгоцны чанартай холбоотой асуудал Энэтхэгт сөхөгдөж байжээ.

”Дийлдэшгүй зэвсэг гэгдэж байсан Кинжал пуужинг Patriot систем яаж устгав? Тэнгисийн флотгүй орны арми Оросын хөлөг онгоцнуудыг яаж ийм амархан устгаад байна вэ? Оросын А-50 тагнуулын нисэх онгоцнууд, Сухой сөнөөгч онгоцнуудыг маш амархан устгаж байна” гэж Энэтхэгийн Батлан Хамгаалах Судалгаа Шинжилгээний Манохар Паррикар Хүрээлэнгийн мэргэжилтэн Свасти Рао ярьж байна.

Оросын онгоц давамгайлсаар ирсэн Энэтхэгийн агаарын зэвсэгт хүчин сүүлд 100 ширхэг олон үүрэгтэй байлдааны нисэх онгоцыг Өрнөдийн орнуудаас авчээ.

Өнгөрсөн онд ерөнхий сайд Нарендра Модигийн айлчлалын үеэр АНУ-ын засаг захиргаа General Electric компанийн хөдөлгүүрийн технологийг Энэтхэг улсад шилжүүлэх гэрээг байгуулсан юм.

Уг хөдөлгүүр нь ирээдүйд Энэтхэгт үйлдвэрлэх сөнөөгч онгоцнуудад ашиглагдах зорилготой.

Өмнө нь Пакистанд зэр зэвсэг, технологи нийлүүлж байсан түүхтэй АНУ-д Энэтхэг улс бүрэн найдахгүй байгаа. Тиймээс Франц улсыг давхар бас нэг нийлүүлэгчээрээ сонгоод байна.

АНУ-ын эрх баригчдад ч бас хөдөлгүүрийн технологийг нь Энэтхэгийн тал ОХУ-д дамжуулж магадгүй гэсэн болгоомжлол байгаа юм.

Энэхүү эргэлзээ, үл ойлголцлын дундаас Франц улс хожиж байна.

Саяхан Энэтхэгийн тал Францаас 26 ширхэг Rafale сөнөөгч онгоц худалдаж авснаас үүнийг харж болно.

Энэ наймааны дараа Франц улс Энэтхэгийн хоёр дахь том зэвсэг нийлүүлэгч болсон юм.

“Франц бол Энэтхэгийн хувьд шинэ Орос. Бүр үүнээс ч илүү том тоглогч болж магадгүй” гэж Рао үүнийг тайлбарлажээ.

Үүнээс гадна Энэтхэгийн эрх баригчид Израиль, Өмнөд Солонгостой зэвсгийн наймаагаа нэмэгдүүлэх талаар судалж, шинэ шумбагч онгоцны нийлүүлэлт дээр Герман, Испанийн компаниудыг сонирхож байгааг тэр хэлсэн байна.

Мэдээж хагас зууны турш гол нийлүүлэгч байсан Оросыг нэг шөнийн дотор халах боломжгүй. Гэхдээ тус улс ойрын жилүүдэд Энэтхэгийн батлан хамгаалах салбарын импортын олон нийлүүлэгчдийн зөвхөн нэг нь болох бололтой.

 

Эх сурвалж: politico.eu