Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/06-НД НИЙТЛЭГДСЭН

МУИС-ийн оюутнууд хятад хэлний уншлагын танхимтай болов

Н.Батзаяа, Монголын мэдээ
2017 оны 4 сарын 6
Монголын мэдээ
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

МУИС-ийн Хятад хэлний уншлагын танхимын нээлтийн үйл ажиллагаа өчигдөр боллоо. Нээлтийн үйл ажиллагаанд БНХАУ-ын Элчин сайд Шин Хаймин, МУИС-ийн захирлын үүрэг түр гүйцэтгэгч Я.Төмөрбаатар болон хятад хэл судлалын чиглэлээр суралцдаг оюутан залуус оролцлоо. Энэ судлалын танхим дахь “Монгол, Хятадын найрамдал” хятад хэлний уншлагын танхимыг нийт 100 мянган юанын хөрөнгө оруулалтаар барьжээ.

Тус уншлагын танхимд 700 сонин сэтгүүл, 500 хятад хэлний сурах бичиг, 300 гаруй зохиол, судалгааны хэрэглэгдэхүүн, толь бичгийг оюутан залууст зориулан байрлуулсан байна. Мөн 500 гаруй сурах бичигт хятад хэлээр сурч буй оюутнуудад шаардлагатай ховор сурах бичиг ч багтжээ. Энэ талаар МУИС-ийн Шинжлэх ухааны их сургуулийн Ази судлалын тэнхимийн эрхлэгч, доктор В.Батмаа “500 гаруй сурах бичгийн дотор Монгол Улсын хэмжээнд анх удаа сургалтад хэрэглэж буй нэг сурах бичиг бий.

Энэ сурах бичиг нь “Орчин цагийн хятад хэл” гэсэн нэртэй. Нийт есөн дэвтэр бүхий сурах бичиг байгаа” гэсэн юм. Тус сургуульд одоогийн байдлаар хятад хэл судлалын чиглэлээр нийт 300 гаруй оюутан суралцдаг байна. Түүнчлэн бакалаврын төвшинд олон улс судлал, хятад судлал, хятад хэлний орчуулагч, хятад хэл шинжлэл, монгол хятад хэл шинжлэл гэх зэрэг мэргэжлээр оюутан бэлтгэдэг гэнэ.

Тус уншлагын танхим нээлттэй зарчмаар ажиллах бөгөөд хятад хэл сурахыг хүссэн оюутнууд үйлчлүүлэх боломжтой юм байна. Нээлтийн үйл ажиллагааны үеэр тус сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгч Я.Төмөрбаатар “БНХАУ-ын ЭСЯ-наас МУИС-ийн хятад судлалын салбарыг хөгжүүлэх, гадаад харилцааг өргөжүүлэх, хятад хэлний багш нарын мэргэжлийг дээшлүүлэх, эрдэм шинжилгээ судалгааны ажлыг нь дэмжих, хятад хэлний сургалтын материаллаг баазыг бэхжүүлж, сургалтын хэрэглэгдэхүүн, ном сурах бичгээр хангах зэргээр туслалцаа үзүүлж ирсэн.

Энэ удаа 100 мянган юанийн хандиваар энэхүү танхимыг байгуулж байгаад талархал илэрхийлье. МУИС-ийн хятад судлалын салбар цаашид улам өргөжин хөгжиж, хятад хэлний сургалтыг улам сайжруулах, олон шинэ ном бүтээлээр баяжна гэдэгт итгэлтэй байна” гэсэн юм.

Зураг