Уншиж байна ...

Казахстан улс Зөвлөлтийн үеийн хуучин байлдааны онгоцнуудаа АНУ-д заржээ

Т.Давааням, ikon.mn
2024 оны 4 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Агаарын зэвсэгт хүчний техникээ шинэчлэх зорилгоор Казахстан улс Зөвлөлтийн үеийн 117 байлдааны нисэх онгоцоо саяхан үнэ хаялцуулан заржээ.

Эдгээр нь 1970-1980-аад оны үед үйлдвэрлэгдсэн МиГ-31, МиГ-27, МиГ-29, Су-24 зэрэг сөнөөгч болон бөмбөгдөгч онгоцнууд юм байна.

Тэгвэл АНУ-ын засаг захиргаа үүнээс 81 нисэх онгоцыг худалдаж авсныг эх сурвалжууд мэдээлжээ.

Онгоцнуудын үнэ нийтдээ нэг тэрбум тэнгэ буюу $2.26 сая болсон байна. Нэг онгоцыг $20,000 орчмоор авсан нь эндээс харагдаж байгаа юм.

АНУ-ын тал онгоцнуудыг оффшор компаниар дамжуулж авсныг эх сурвалжууд баталж байна.

Хуучирсан онгоцнуудыг Украины армид сэлбэгийн зориулалтаар нийлүүлэх зорилготой байж болзошгүй гэх таамгийг ажиглагчид дэвшүүлжээ.

Украины агаарын зэвсэгт хүчин Зөвлөлтийн үеийн байлдааны нисэх онгоцнуудыг ашигладаг.

Украины дайны улмаас Казахстан улс уламжлалт түнш ОХУ-аас хамаарлаа багасгаж, Өрнөдийн орнуудтай харилцаагаа нэмэгдүүлж, гадаад харилцаагаа тэнцвэржүүлэх бодлого барих болсон.

Өнгөрсөн оны гуравдугаар сард Казахстанд айлчлах үеэрээ АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен тус улсын тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хүчтэй дэмжихээ илэрхийлж байв.

Үүний дараа Оросын төрийн суртал нэвтрүүлэгчид Украины дараа Казахстанд анхаарлаа хандуулахыг эрх баригчдадаа уриалцгааж байжээ.

Тухайлбал Оросын телевизийн алдартай хөтлөгч Владимир Соловьев “Украинтай ижил Нацизмын асуудал өсөн нэмэгдэж буй Казахстанд дараагийн ээлжид анхаарлаа хандуулах ёстой” гэж ярьж байсан юм.

 

Эх сурвалж: Business Insider