Уншиж байна ...

М.Очирбат: Овоот хурал сав газрыг судалснаар Монгол Улс маш сайн чанарын коксжих нүүрс боловсруулах боломжтой боллоо

Б.Энхзаяа, Өдрийн сонин
2024 оны 4 сарын 29
Өдрийн сонин
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монголын үйлдвэрлэлийн геологичдын холбооны ерөнхийлөгч, доктор М.Очирбаттай ярилцлаа. Тэрбээр саяхан нүүрсний томоохон судалгаагаа дуусгаж, "Овоот хурал хотгорын геологи, хурдас хуримтлалын орчин, нүүрсний чанарын судалгаа" сэдвээр докторын зэрэг хамгаалсан билээ. Түүнтэй докторын сэдвийнх нь хүрээнд ярилцлаа.

- Монгол бол нүүрсний орон. Гэсэн хэдий ч судалгаа талдаа хангалттай түвшинд хүрээгүйг мэргэжилтнүүд онцолдог. Таны судалгааны зорилго, шинэлэг байдал юу байсан талаар ярилцаж эхэлмээр байна?

зураг
 
Өдрийн сонин

- Судалгааны ажлын зорилгоо Овоот хурал хотгорын хурдас хуримтлалын орчин, нүүрсний чанарын онцлогийг тодруулж Монгол орны Мезозойн үеийн геологийн тогтоц, геодинамик хөгжлийг сэргээн босгоход хувь нэмэр оруулах гэж тодорхойлсон. Ингээд зорилгодоо хүрэхийн тулд гурван зорилт дэвшүүлсэн.

Үүнд 

нэгт Овоот хурал хотгорын геологийн тогтоц, структурын онцлогийг тодорхойлж, нүүрсжилт, хурдас хуримтлалын геохронологийн асуудлыг тодруулж, бие даасан нүүрсний сав газар болохыг дэвшүүлэх.

Хоёрт Овоот хурал хотгорт хуримтлагдсан нүүрс агуулагч тунамал чулуулгийн петрографи, петрохимийн судалгаа хийж чулуулгийн ангилал, тэжээгдлийн эх үүсвэр, хурдас хуримтлалын орчинг сэргээн босгох.

Гуравт Овоот хурал хотгорын хэмжээнд илрүүлэгдсэн ордуудын нүүрсний чанарыг судалж зүй тогтлыг илрүүлэх, ангилах, хурдас хуримтлалын орчинг батлах, хурдас хуримтлалын гарал үүсэл ба нүүрсний чанарын хамаарлыг тогтоох гэсэн зорилтуудыг дэвшүүлсэн.

Овоот хурал сав газарт байгаа нүүрсний ордуудаас Монгол Улсын хоёр дахь том экспортын бүс нутаг байгаа

Судалгааны ажлын шинэлэг тал нь Овоот хурал хотгорын нүүрс агуулагч чулуулгийн төрөл, эх үүсвэр, хурдас хуримтлалын орчинг петрографийн болон петрогеохимийн судалгаагаар тогтоож, нүүрсний чанарын судалгаагаар нүүрсний найрлага, төрөл, гарал үүсэл, хувирал, ангилал, зүй тогтлыг судалсан. Овоот хурал хотгорын хэмжээнд тогтоогдсон нүүрсний ордуудыг бүрэн хамруулан геологи, структур, нүүрс агуулагч чулуулгийн петрографи, геохими, нүүрсний чанарын судалгаагаар харьцуулан баталгаажуулж хурдас хуримтлалтын эртний орчинг сэргээн босгож, бие даасан сав газар болохыг тогтоосноороо шинэлэг талтай болсон.

Миний судалгааны ажил нь маш том талбайг хамарч судалгааны талбайд өмнө нь хийгдсэн геологийн төрөл бүрийн судалгааны ажлуудын үр дүнгийн мэдээлэл цуглуулах, түүндээ дүн шинжилгээ хийж судалгааны ажлынхаа чиглэлийг тодорхойлоод хээрийн судалгаа хийх, дээжлэлт, лабораторийн судалгаа. үр дүнгийн боловсруулалт, үр дүнгийн нэгтгэлт, харьцуулалт, дүгнэлт гэсэн үндсэн дарааллаар, судалгааны аргазүйн хувьд ажиглалт, хэмжилт, туршилт судалгаа, харьцуулалт, задлан шинжлэх, дүн шинжилгээ, загварчлал зэрэг аргуудыг ашиглан хийснээрээ онцлогтой болсон.

Монгол орны ашигт малтмалын, тэр тусмаа нүүрсний судалгаа бол нэлээн дээр үеэс хийгдсэн. 100-аад жилийн өмнөөс Налайхын ордыг Улаанбаатар хотыг түлшээр хангах зорилготойгоор ашиглаж эхэлсэн. Социализмын үед нүүрсийг аж үйлдвэрийн хар талх гэж нэрлэдэг байлаа. Нүүрс бол хүн төрөлхтний амьдралд маш их нөлөө үзүүлсэн. Одоо ч эрчим хүчний үйлдвэрлэлийн 40 орчим хувийг хангаж байна.

Нүүрс гэдэг бол маш өвөрмөц ашигт малтмал шүү дээ. Эрчим хүч гаргахаас гадна химийн болон гангийн үйлдвэрүүдэд өргөн ашигладаг. Дэд бүтцийн барилга байгууламжийн үндсэн суурь нь төмрөөс илүү нүүрс болж байна.

Миний хувьд Монгол орны нүүрсний маш олон ордыг нээхэд rap бие оролцсон хүн. Тийм ч үүднээс өөрийнхөө нээсэн ордуудаа шинжлэх ухааны бүтээл, судалгаа болгох зорилгоор докторын ажлаа сонгож авсан. Нүүрс төслийн хүрээнд Өмнөговь аймгийн Гурвантэс, Ноён сумдын нутагт байрладаг Овоот хурал хотгорын нүүрсний ордуудын хайгуулын ажилд миний бие маш их идэвхтэй оролцож ажилласан. Хайгуулын ажлаар манай багийнхан нэлээн олон ордыг нээсэн. Эдгээр судалгааны явцад харахад ордуудын нүүрсний чанар, найрлага бүгд өөр өөр. Хэрэв тухайн ордуудын нүүрсний чанаруудыг нь нарийвчлан судлаад гаргаад ирвэл "нэг цонхны бодлогоор" Монгол Улс нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжууд харагдаж байсан.

ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн газар нь нийт газар нутгийн 1.1 хувийг эзэлж байгаа бол бэлчээрийн мал аж ахуй 72.8 хувийг эзэлж байна

Нөгөө талдаа Монгол орны нүүрсний ордууд, геологийн хөгжил, геодинамик орчныг сэргээн босгох талаар маш сул судлагдсан. Ялангуяа Овоот хурал хотгорт биднийг очиход 1:200 (ХЮ масштабын геологийн зураглалын ажлаас өөр геологийн судалгаа хийгдээгүй байсан.

- Нүүрсийг эдийн засаг, үйлдвэрлэл талаас манайхан түлхүү ярьдаг. Харин шинжлэх ухаан талаас нь та өргөн хүрээтэй судалсан байна, тийм үү?

- Энэ судалгааны ажлын гол ач холбогдол бол хоёр үндсэн чиглэлтэй. Нэгдүгээрт, шинжлэх ухааны ач холбогдол нь дунд юрын цаг үед нүүрс хуримтлал явагдаж байх үеийн геологи, геодинамик нөхцөл, хурдас хуримтлалын орчин, уур амьсгал, нүүрс агуулагч чулуулгийн эх үүсвэрийг петрохими, петрографи, нүүрсний чанарын судалгаагаар судалж тогтоосон. Нэг ёсондоо тэр үеийн геодинамик орчныг сэргээн босгож чадсанаараа шинжлэх ухааны ач холбогдолтой.

Хоёрдугаарт нүүрсний чанар, найрлагыг орд хэсэг болгон дээр тус бүрд нь судалж, нүүрсний петрографийн найрлага, витринитийн гэрэл ойлтын зэрэг, технологийн шинж чанар, элементийн найрлага, хүхрийн задлан шинжилгээ, нүүрсний үнсний химийн найрлага зэрэгт тулгуурлан хүлэр хуримтлагдах болон дарагдах үеийн даралт, температурыг тооцоолж гүнийг тодорхойлж хуримтлагдсан нөхцөл, гарал үүслийг тогтоосон. Түүнээс гадна нүүрсний маркийг судалж гаргаж ирснээрээ сайн чанарын коксжих нүүрс болон бусад бүтээгдэхүүн гаргаж авах суурийг тавьж өгснөөрөө эдийн засаг, үйлдвэрлэлийн ач холбогдолтой судалгааны ажил болсон гэж харж байна.

- За тэгвэл эхнээс нь дахиад задалъя. Таны судалгаа геодинамик орчныг сэргээн босгосон гэлээ. Тайлбарлавал?

- Овоот хурал сав газарт тогтоогдсон нүүрсний ордууд нь дунд юрын цаг үед, дулаан чийглэг уур амьсгалтай, цэнгэг устай, дээд адаг садаргын бүсэд эх газрын нөхцөлд үүссэн болохыг судалгааны ажлаар тогтоосон. Судалгааны ажилд Монгол орны болон хөрш зэргэлдээ БНХАУ-ын Ордосын сав газар, Зүүн гарын сав газруудад байдаг тухайн насны ордуудтай харьцуулж судалгааг хийсэн.

- Овоот хурал хотгор нь бие даасан сав газар болохыг тогтоосон гэдэг нь анхаарал татаж байна. Энэ сав газар өөрөө ямар онцлогтой юм бэ?

- Овоот хурал хотгорын хэмжээнд байгаа 10 гаруй ордыг хамруулан судалсан. 1954 оноос эхэлж сав газрын ангиллыг хуучнаар ЗХУ болон Монгол геологичид хийж ирсэн. Хамгийн сүүлд 1986 онд Дэлэгийн Бат-Эрдэнэ доктор шинэчилсэн.

Овоот хурал сав газар нь Д.Бат-Эрдэнийн ангиллаар Өмнөговийн нүүрсний сав газарт оруулсан байсан. Харин миний судалгааны үр дүнд Овоот хурал хотгор нь Өмнөговийн сав газарт ангилагдах боломжгүй гэдгийг тогтоож, энэ нь бие даасан сав газар гэдгийг баталж өгсөн. Ингэснээр Д.Бат-Эрдэнийн 12 сав газар, гурван нүүрстэй талбай гэж ангилж байсан бол одоо 13 сав газар болж, Монгол Улсад шинэ сав газар нээгдэж байна. Тийм учраас судалгааны хувьд маш өргөн цар хүрээтэй ач холбогдолтой ажил болсон.

Геологийн судалгаа талаас нь агаар сансрын зургийн тайлалтыг геофизикийн судалгаатай хавсруулах байдлаар хийж сав газрын структурыг судалсан. Нүүрсний чанар, стратиграфийн судалгааг хийж хурдас хуримтлал хэдэн үе шатаар явагдсаныг тодорхойлж гаргаж ирсэн. Энэ сав газрын нүүрсний чанарыг судалж, үнэлэлт дүгнэлт өгөхөд Овоот хурал хотгорын зүүн хэсгийн ордууд нь дэгдэмхий бодисын гарц багатай. Төвийн хэсгийн ордууд нь үнслэг багатай, баруун хэсгийн ордууд хүхрийн агуулга багатай байгаа юм. Энэ нь ямар хэмжээний даралт температурын нөхцөлд дарагдаж, хэр хугацаанд хуримтлал явагдсаныг тооцоолол хийж гаргасан.

Кокс химийн үйлдвэрт хольц байдлаар ашиглаж байгаа олон төрлийн нүүрсний маркууд нэг сав газарт, ижил цаг хугацаанд хуримтлагдсан хэдий ч дарагдал, гүн нь өөр өөр түвшинд гарсан учраас нүүрсний чанар найрлага нь өөр байдаг. Тодорхой хувиар эдгээрийг нийлүүлэхэд сайн чанарын коксжих нүүрс гаргаж авах боломжтой гэдэг нь нотлогдсон. Овоот хурал сав газрын нүүрсний ордын чанарыг харахад зарим хэсгүүд нь Тавантолгойн ордын нүүрсний зарим давхраасуудын нүүрстэй дүйцэхүйц үзүүлэлттэй байна.

Нүүрсний чанарын судалгаагаа Монгол Улсын нүүрсний ангиллаар гаргаж өгснөөс гадна БНХАУ, ОХУ, АНУ-ын стандартаар гаргасан.

- Тэгэхээр манайх өнөөдрийн байгаагаас илүү чанартай коксжих нүүрс боловсруулж болох нь ээ?

- Овоот хурал сав газарт байгаа нүүрсний ордуудаас Монгол Улсын хоёр дахь том экспортын бүс нутаг байгаа. Шивээ хүрэнгийн боомтоор нүүрсээ экспортолж байна. Тэгэхээр энэ бүс нутагт энэ шинжлэх ухааны бүтээл дээр тулгуурлаад ирээдүйд аж ахуйн нэгжүүд хамтраад баяжуулах үйлдвэр дундаа ажиллуулахад болохгүй зүйлгүй. Монгол улс нэг цонхны бодлогоор бүтээгдэхүүнээ экспортлох боломж харагдаж байгаа юм.

- Шинжлэх ухааны бүтээл гэдэг ийм гайхамшигтай зүйл. Эдийн засаг, үйлдвэрлэлийн чиглэлд шинэ гарц шийдлийг хэлж байна шүү дээ. Хэрэв таныхаар ажил хэрэг болгож чадвал ямар үр дүнг бий болгох бол?

- Ер нь Монгол орны эдийн засагт үзүүлж байгаа нөлөөгөөр бол нүүрс нэгдүгээрт байгаа шүү дээ. Дотоодынхоо бүх эрчим хүчийг нүүрсээр үйлдвэрлэж байна. Мөн экспортоор хамгийн их орлогыг нүүрсний салбараас олж байна. Монгол улсад нэг цонхны бодлогоор экспортын бүтээгдэхүүнүүд гарч байх ёстой гэж би үздэг. Мэдээж орд бүр өөр өөр эзэнтэй. Г эхдээ эдгээр ордын нүүрсийг хольж баяжуулаад бүтээгдэхүүн гаргавал өндөр ач холбогдолтой. Мөн дээр нь эдийн засгийн ашгийн хувьд өндөр үзүүлэлттэй гарна. Тийм учраас энэ сав газарт байгаа ордуудын нүүрсийг хаягдалгүйгээр зөв зохистой ашиглах ёстой.

Нүүрс бол хүн төрөлхтний амьдралд маш их нөлөө үзүүлсэн. Одоо ч эрчим хүчний үйлдвэрлэлийн 40 орчим хувийг хангаж байна.

Энэ үр дүн бол нүүрсний ордын ижил төстэй газруудад эрэл хайгуулын ажил хийхэд суурь судалгаа болох боломжтой. Цаашлаад томоохон нүүрсний нөөцтэй ордуудыг шинээр нээж илрүүлэхэд судлагдахууны суурь ач холбогдолтой. Дээрээс нь олон судлаачдын бүтээлд миний гаргасан судалгааны ажлын дүнгээс эшлэл авч ашиглах бүрэн боломжтой.

Монгол орны хэмжээнд энэ чиглэлээр бичигдсэн ном, монгол хэл дээрх өгүүлэл харьцангуй хомс юм билээ. Тийм учраас докторын судалгааны ажлынхаа хүрээнд олон улсын нэр хүндтэй сэтгүүлд гарсан эрдэм шинжилгээний өгүүллүүдийг олноор ашиглаж, харьцуулан судаллаа. Судалгааны ажлаараа гадаад, дотоодын сэтгүүлд өгүүллүүдээ хэвлүүлж, 30 гаруй удаа илтгэл хэлэлцүүлпээ. "Монгол орны мезозойн эриний шатах ашигт малтмал" нэртэй ном зохиолоо.

- БНХАУ-ын Ордос, Зүүн гарын сав газруудад байдаг тухайн насны нүүрсний ордуудтай харьцуулж судалгааг хийсэн гэдгийг та онцоллоо. Геологийн судалгаанд хил хязгаар байдаггүй бололтой?

- Тэгэлгүй яахав. Геологийн судлагдахуунд газар нутгийн улсын хил байхгүй. Геологийн хөгжил нь ч, хурдас чулуулгийн тархалт нь ч хил дамнаад явдаг. Тиймээс бүс нутгийн хэмжээнд харах үүднээс бусад ордуудын бусад сав газрын үүссэн гарал үүслийн нөхцөлүүдтэй харьцуулсан.

- Шинжлэх ухааны судалгааг хийхэд цаг хугацаанаас гадна эдийн засгийн хувьд нэлээд зардалтай байдаг. Үүнийг төр засгаас дэмжих ёстой гэж олон жил яригдаж ирсэн. Таны хувьд олон жилийн судалгаа, ажлын үр дүн гэж энэ том судалгааг хэлж болно. Маш их цаг хугацаа, хөрөнгө санхүү зарцуулсан биз?

- Монгол улсын хэмжээнд шинжлэх ухааны салбарт мөнгө зарахгүй байгаа нь тухайн салбар хөгжихгүй байгаагийн бас нэг том суурь шалтгаан гэж миний хувьд үздэг.Монгол Улсад судалгаа хийхэд эдийн засгийн ямар нэгэн дэмжлэг байхгүй. Лаборатори, номын сан, шаардлагатай эрдэм шинжилгээний сэтгүүл материал байхгүй. Монгол Улсад судалгаа хийж байгаа бүх хүмүүс үүнийг мэдэх байх. Шинжлэх ухааны судалгаа бол эргээд маш үр дүнтэй ажил болдгоос гадна улс эх орны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулдаг. Тиймээс энэ тал дээр цаашдаа анхаарах хэрэгтэй байна.

Нүүрсний чанарын судалгаа хийхийн тулд олон мянган дээж авч шинжлэх хэрэгтэй болно. Нүүрс нь таван төлөв дээр шинжилгээ нь гарч ирдэг. Тэгээд цаашаа задраад явдаг гэж үзвэл 100 гаруй төрлийн шинжилгээ болдог. Миний хувьд петрохимийн судалгааг олон элементээр болон голлох ислүүдээр гаргаж судалгааны ажилдаа ашигласан.

- Нэгэнт ингээд шинжлэх ухааны томоохон судалгаа бэлэн болчихлоо. Үүнийг эргэлтэд оруулж, тухайн салбарт эрэл хайгуул, судалгааны зүг чиг, дүрэм журам, стандарт болгох том эх сурвалж болж байна гэж үзэж байна уу?

- Эхний байдлаар би докторын ажлаа нэг сэдэвт бүтээл болгох төлөвлөгөөтэй байгаа. Би хайгуулаас нь эхлээд эрдэм шинжилгээний бүтээл болох хүртэл бүх талаас нь урт хугацаанд судалсан. Тухайн сав газрын хэмжээнд хийгдсэн өмнөх судалгаа нь миний судалгаа дээр нэмэгдсэн.Энэ нь монгол судлаачдын тухайн ажлаас эшлэл авах, судалгааны арга барилыг эзэмших. харьцуулж судлах гэх мэт олон төрлийн санаа авч болно гэж харж байгаа.

монгол ямааны уудаг уснаас бага усыг уул уурхайн салбар хэрэглэдэг

Эрдэм шинжилгээний ажлын удирдагчаар ШУТИС- ийн профессор, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, доктор С.Жаргалан багш маань ажиллаж намайг удирдан чиглүүлж бүх заавар зөвлөгөөг өгсөн. Эрдэм шинжилгээний ажлын зөвлөхөөр МУИС-ийн профессор, доктор Л.Жаргал, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан доктор, Л.Мөнхтогоо нар ажилласан. Мөн олон үнэтэй зөвлөгөө өгсөн гадаад. дотоодын мэргэжилтнүүд байсан. Дэмжиж тусалсан бүх хүмүүсдээ талархал илэрхийлье.

- Нэгэнт энэ салбарын эксперттэй ярилцсаных нүүрсний экспортын гадаад зах зээл ямар нөхцөл байдалтай байна вэ. Бид юунд анхаарах ёстой вэ?

- Миний бие энэ салбарт 20 жил ажиллаж байна.Би зөвхөн энэ сав газраас гадна Өмнөговь. Дорноговь, Чойр нялга. Сүхбаатар, Дундговь, Тамсагийн сав газарт байрлах Тавантолгой, Эрдэнэцогтын говь, Тугалгатай. Багануур, Шарын гол, Шивээ овоо, Алаг тогоо, Дадын хар толгой. Хөөт, Цагаан толгой, Цант Уул, Гурвантэс, Хөх дов, Баруун Ноён, Хүрээ дэл зэрэг нүүрсний ордуудын хайгуул, судалгааны ажлуудад гар бие оролцсон.

Түрүүн дурдсанчлан нүүрс гэдэг ашигт малтмал нь Монгол Улсын эдийн засагт маш онцгой ач холбогдолтой гэж харж байгаа.Мөн бид өнөөдөр маш их агаарын бохирдол дунд амьдарч байна.Энэ нь нүүрсэндээ биш боловсруулж гаргаж буй технологид нь гол асуудал байгаа гэдгийг ард иргэддээ маш сайн ойлгуулах хэрэгтэй. Манайх утаагүй түлш үйлдвэрлэх боломж бүрэн байна.Нүүрснээс гардаг метан хийн судалгааны ажлыг маш чанартай явуулж чадвал газаар хүн ам төвлөрсөн газруудаа хангах, агаарын бохирдлыг шийдэх боломжтой.Нүүрс гэдэг ашигт малтмалыг хий мөн шингэн төлөвт шилжүүлж болж байна.Бүр цаашлах юм бол бензин, дизель түлш, устөрөгчийг гарган авч болж байна.

Дэлхийд жилдээ найман тэрбум орчим тонн нүүрсийг хэрэглэж байна.Үүний гол хэрэглэгч буюу 50 орчим хувийг БНХАУ хэрэглэж байна. Дэлхийн гангийн үйлдвэрлэлийн 80 гаруй хувийг Зүүн Азийн орнууд буюу Энэтхэг, Солонгос, Япон, Хятад, Тайвань гэсэн таван улс хангаж байна. Япон улс нүүрс байдаггүй учир 30 тэрбум долларын нүүрсийг жилдээ импортоор авч гангийн үйлдвэртээ ашигладаг. Үүнээс үзвэл бидэнд зах зээлийн маш өндөр боломж байна. Тийм учраас боломжийг ашиглаад ард иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх, өрхийн орлогыг нэмэгдүүлэх, цаашлаад бусад салбаруудаа энэ салбар дээр түшиглэн хөгжүүлэх хэрэгтэй.

- Орд газруудын нүүрсийг боловсруулж илүү сайн чанартай гаргах талаар хөндлөө. Боловсруулах үйлдвэрийн түүх манайд нэлээд тааруу. Угтаа бол маш хэрэгтэй салбар. Гэвч ажил хэрэг болгож үр дүн гаргаж чаддаггүй. Зөв гарц шийдлийг та юу гэж хардаг юм бол?

- Боловсруулах үйлдвэрлэлийн бодлого Монгол Улсын хэмжээнд алга байна. Аж үйлдвэрлэлийн парк байгуулах нэрийдлээр хэд хэдэн газар шав тавихаас цаашгүй. Үндсэндээ бүтэж байгаа юм алга. Энэ бүхний суурь бол инновац. Монгол Улсад бол инновацыг ч нэвтрүүлж чадахгүй байна. Шинжлэх ухаан нь ч хөгжихгүй байна. Улс хөгжье, хүн амаа өөд нь татъя гэвэл шинжлэх ухаандаа мөнгө зардаг байх ёстой. Шинжлэх ухааны нээлт хийж, инновацыг нэвтрүүлж, эдийн засгийн эргэлтэд оруулдаг байх шаардлагатай.

Нүүрс гэдэг ашигт малтмалаас хэдэн зуун бүтээгдэхүүн гаргах боломжтой байна.

Дээрээс нь Засгийн газар шийдвэр гаргахдаа тооцоо судалгаа муу, шинжлэх ухааны үндэслэлгүй байдлаар ажиллаад байхаар хохирогч нь ард иргэд болчхоод байгаа юм. Тэр тусмаа Улаанбаатар хот. Хотод ах дүү, хамаатан садан нь амьдардаггүй Монгол Улсын иргэн гэж бараг байхгүй. Хүн амын 50 хувь нь төвлөрч амьдарч байна. Цаашлаад томоохон аймаг сумдын төвүүд утаатай болж эхэлж байгаа. Тийм учраас энэ бүхнийг одооноос зогсоох хэрэгтэй.

Тэгэхгүй бол өвөл нь утаанд хорддог, хавар нь хөрсний бохирдолд нэрвэгддэг, зун нь үеэр усанд автдаг байдалтай болж байна. Өнгөрсөн жилүүдэд гарч байгаа байгаль цаг уурын дулаарал нь маш олон зүйлийг ойлгуулж өгч байна. Энэ нь хүний болон байгалийн хүчин зүйлтэй холбоотой өөрчлөлт юм.

Үнэндээ ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн газар нь нийт газар нутгийн 1.1 хувийг эзэлж байгаа бол бэлчээрийн мал аж ахуй 72.8 хувийг эзэлж байна. Эндээс харахад монгол ямааны уудаг уснаас бага усыг уул уурхайн салбар хэрэглэдэг. Манайд аж ахуйн нэгж болгон тусдаа баяжуулах үйлдвэр байгуулж байгаа. Гэтэл тэр бүс нутагт байгаа ордууд нийлээд дундаа судалгаагаа хийгээд хөрөнгө оруулалтаа хийх юм бол үр ашиг маш өндөр гарна.

Энгийн жишээ хэлэхэд Энержи ресурс компани 15 сая тонны нүүрс угаах үйлдвэр байгуулсан.Гэтэл өнөөдөр тухайн компани үйлдвэрийнхээ 30-40 хувийг л ашиглаж байна.Тавантолгойн орд дахиад баяжуулах үйлдвэр барьж байна.

Энержи ресурс компанийн ашиглагдахгүй байгаа хэсгийг ашиглан, бүтээгдэхүүнээ нэгдсэн журмаар гаргах боломж байна.Эрх зүйн нөхцөлийг бүрдүүлэх тал дээр УИХ, Засгийн газраас тооцоо судалгаатай, шинжлэх ухааны үндэслэлтэй хийж санаачилгатай ажиллах шаардлагатай байна.Энэ бүгдийг хийхгүйгээр бүгд өөр өөрсдийн үйлдвэрийг барьж байна.

Миний докторын ажлаа хийсэн Овоот хурал сав газарт ашиглалт явуулж буй уурхайнууд ч ялгаа байхгүй. Бүгд тус тусдаа жижиг баяжуулах үйлдвэртэй. Гэвч бүрэн хүчин чадлаараа ажилладаггүй. Үндсэндээ бүтээгдэхүүнээс эхлээд тээвэр ложистик хүртэл бүх талаар төрөлжсөн байдлаар хийгээд Монгол Улс нэг гэсэн шошготой бүтээгдэхүүн гаргахыг л ярьж байгаа юм.

Очсон газар болгондоо чиглэл чиглэлд нь үр ашгийг авчирдаг. Зөвхөн уул уурхай дээр байгаа зүйл биш, бидний ахуйн амьдралд ч байгаа. Газар тариалан, мал аж ахуй гэх мэт. Жишээлбэл, нэг хүн нь газартай, тэр хүн нь тээвэр бүх зүйлийг өөрөө хийх гэж үзнэ гэдэг. Энэ бүхэн цаг хугацаа хөрөнгө оруулалт шаардаж байдаг. Тийм болохоор цэвэр ашгаа нөхөх хугацаа нь удаан учраас алдагдал хүлээдэг. Сүүлд нь ажиллагаа нь тогтворжоогүй байхдаа дампуурна. Тиймээс тус тусдаа дор бүрнээ кластрын нэг чиглэлийг хөгжүүлээд эцэст нь нэгтгэж баялаг бүтээх хэрэгтэй.

Энийг л нэгдсэн бодлого гэж хэлдэг бөгөөд эрх зүйн шат шатандаа маш тааламжтай байдал гаргаж өгснөөр хөгжлийн гарцыг нээнэ гэж харж байна.

Зураг