Уншиж байна ...

Х.Нямбаатар: Хотын төвд ойр нэг га газрыг хамгийн багадаа нэг тэрбум төгрөгөөр худалдана гэж төлөвлөж байна

Б.Манлай
2024 оны 4 сарын 29
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XIX хуралдаанаар нийслэл дотоод, гадаад бонд гаргах асуудлыг хэлэлцэж байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан НИТХ-ын төлөөлөгч Т.Батцогт: Улаанбаатар хотын 2024 оны төсвийг баталж, хоёр сарын өмнө тодотгол хийсэн. Энэ удаагийн хурлаар дахин төсөв дээр нэмж дотоод болон гаднаас зээл авч хэд, хэдэн ажил хийх гэж байгаа юм байна.

Нийслэл гаднаас 700 сая доллар буюу 2.4 их наяд төгрөг авах гэж байгаа нь нийслэлийн жилийн төсөвтэй дүйцэхүйц их мөнгө. Улаанбаатарын гэр хорооллыг дахин төлөвлөх, орон сууцжуулах нь нэн тэргүүний асуудал ч гаднаас их хэмжээний зээл авч шийдэх нь зөв үү. Хувийн хэвшлийнхэн ямар оролцоотой байх вэ?

2012-2016 онд Улаанбаатар хотын гэр хорооллыг дахин төлөвлөх замаар төр, хувийн хэвшил хамтран хэрэгжүүлсэн орон сууцжуулах хөтөлбөр амжилттай хэрэгжсэн.

Гаднаас авч байгаа зээлийг хэдий хугацаанд хэн төлөх вэ? гэж асуув.

Хотын дарга Х.Нямбаатар "Улаанбаатар хотын гэр хорооллыг орон сууцжуулах хөтөлбөр амжилттай хэрэгжээгүй. 2013 онд СХД-ийн 5, 6 дугаар хороонд айлуудын газрыг чөлөөлсөн. Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө Ц.Элбэгдорж ерөнхийлөгч, Э.Бат-Үүл дарга хоёр тууз хайчлаад би тухайн үед дүүргийн ИТХ-ын даргаар ажиллаж байсан юм. Саяхныг хүртэл айлууд нь орон сууцандаа орж чадаагүй байсныг НОСК-ын мэдлийн орон сууцыг буцааж олгосон.

Сонгуулийн сурталчилгааны шоу болгож, трактортай очиж айлуудын газрыг түрж, тэгшлээд нөгөө айлууд нь 10 гаруй жил айлын хашаа, хажуу өрөө дамжиж явсан. Тус дүүргийн 10 дугаар хорооны Арьс ширний ажилчдын орон сууцыг буулгасан, НАЗУ констракшн барина гэсэн ч бариагүй. Одоо энэ байдлыг яах вэ гээд сууж байна.

Өнгөрсөн хугацаанд нийслэлийн гэр хорооллыг орон сууцжуулахад гарсан алдаануудыг дүгнэсний эцэст Улаанбаатар хотын гэр хорооллыг орон сууцжуулах, авто замын түгжрэлийг бууруулах хуулийг УИХ-аар батлуулсан. 

Нийслэлд замбараагүй байгаа гэр хорооллыг дахин төлөвлөх нэртэй төслүүдэд төр оролцож, цэгцэлнэ. Ингэхийн тулд Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрийг дамнасан 158 га газар дээр 12,000 айлын орон сууцыг нийслэл барьж, Сэлбэ голын усны урсцын тохируулгын хиймэл нуурын төслийг хамтад нь хийнэ гэж байгаа юм.

Улмаар Таван буудал, Чингэлтэй, Хайлааст, Дарь-Эхийн баруун талын айлуудын 1,000 га газрыг орон сууцаар сольж, газрын төлөвлөлт, дэд бүтцийг хийж, барилгын компаниудад худалдана. Хотын төвд ойр нэг га газрыг хамгийн багадаа нэг тэрбум төгрөгөөр худалдана гэж төлөвлөж байна. Барилгын компаниудад газрыг худалдаж, таван жилийн хугацаанд 2.4 их наяд төгрөгийг олно. Гүйцэтгэлээр орон сууцны санхүүжилтийг босгоно" гэлээ.

НИТХ-ын хуралдаан үдээс хойш үргэлжилнэ.