Уншиж байна ...

Украины арми АНУ-ын тусламжийг хүлээх зуур Оросын цэрэг Донбасын хоёр тосгоныг эзлэв

Т.Давааням, ikon.mn
2024 оны 4 сарын 29
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын зэр зэвсгийн тусламж фронтын шугамд ирэхээс өмнө Украины бэхлэлтийг амжиж сэтлэхээр сүүлийн өдрүүдэд Оросын тал шуурхай довтолж байна.

Ням гарагт Оросын цэрэг Авдеевка хотын чиглэлд амжилттай давшиж, хоёр тосгоныг эзэлсэн тухай Украины армийн удирдлага мэдээлжээ.

Донбасын фронт дээр явуулж буй Оросын давшилтыг Украины аюулаас хамгаалах албаныхан “маш ширүүн” боловч “ноцтой биш” гэж тодорхойлж байна.

Оросын арми Соловьёво, Новокалиново тосгодыг эзэлснийхээ дараа Очеретино тосгоны дэргэд тулалдаж байгаа ажээ.

Украины арми одоогоор Очеретино тосгоны гурваны хоёрыг хянаж байгаагаа мэдээлсэн байна.

Оросын цэрэг энэ оны хоёрдугаар сард Авдеевка хотыг эзэлснээсээ хойш баруун зүгт үргэлжлүүлэн давшиж байгаа юм.

ISW (Institute for the Study of War) хүрээлэнгийн дүгнэснээр Оросын тал одоо АНУ-ын зэр зэвсгийн тусламж ирэхээс өмнө амжиж аль болох их хэмжээний газар нутгийг эзлэхээр яарч байгаа гэнэ.

Энэ зорилгоор дорнод фронт дээр хүчээ зузаатгаж, зарим хэсэгт Украины талаас гурав дахин их хүч төвлөрүүлжээ.

Оросын түрэлтэд Украины зэр зэвсгийн нөөцийн хомсдол шууд нөлөөлж байгааг ажиглагчид онцолж байна.

Тухайлбал Украины талаас буудсан нэг сумны хариуд Оросын тал зургаан сумаар буудах нөөцтэй байгаа гэнэ.

Фронтын шугамаас гадна дайтагч талууд харилцан нэгнийхээ эрчим хүч, зам тээврийн дэд бүтцүүдийг чиглэсэн алсын цохилтуудаа үргэлжлүүлсээр байна.

Украины арми Крымийн хойг дахь Оросын цэргийн байгууламжууд, Хар тэнгисийн флотын хөлгүүдийг тасралтгүй довтолсоор байгаа. Улмаар Крымийн хойгийг Оросын эх газартай холбосон авто болон төмөр замын гүүрийг устгах зорилготой нь тодорхой байна.

Ням гарагт Литва улсын гадаад хэргийн сайд асан Линас Линкевичиус гүүр удахгүй сүйрэхийг зөгнөн “Цаг байгаа дээр боломжтой нэг нь Керчийн гүүрний зургийг авч хадгалсан нь дээр шүү” гэж сошиал хуудсандаа бичээд ерөнхийлөгч Путиний толгойгоо маажиж буй зургийг хавсаргажээ.

НҮБ дахь Оросын төлөөлөгч Дмитрий Полянский хариуд нь Литва улсыг “Балтийн тэнгисийн эрэг дэх АНУ-ын дуулгавартай боол” гэж нэрлээд одоо Шведэд элчин сайдаар ажиллаж буй Линкевичиуст “шүүлтийн өдөр” ирэхэд ийм зүйл хэлсэндээ харамсахыг ууртайгаар анхааруулжээ.

 

Эх сурвалж: Reuters