Индэр    
2024 оны 4 сарын 29
Зураг
Судлаач проф.

Олон тулгуурт гадаад бодлоготой Монгол

Зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Гадаад бодлогын тухай дахин нэг хичээл

Монголчуудынхаа мэдлэг мэдээлэлд зориулаад ээлжит хүснэгтээ толилуулъя. Олон тулгуурт гэдгийг хүснэгтэд буулгалаа. Санаа сэдэл өгөх санаатай. Тэнд түншлэлийн дэсийг он оноор нь нэгд нэгэнгүй гаргалаа. Түншлэлүүд ийм ийм ангилалтай гэдгийг улс нэг бүрээр биччихлээ.

Монгол Төрийнхөө гадаад бодлого, гадаад харилцааг сонирхдог, шимтдэг, дэмждэг, бас шүүмжилдэг нийт монголчуудад хамаатуулах мэдээлэл болно. Олон улсын харилцаагаар суралцдаг бакалавр, магистр, докторантууд эхний ээлжид хуулаад санаад аваарай, хожим хэрэг болж магадгүй. Өөрсдөө үргэлжлүүлээд хөтлөөрэй.

Стратегийн түншлэл

Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа

БНХАУ

2014

ОХУ (Гэрээ)

2019

Тусгай Стратегийн түншлэлийн харилцаа

Япон

2022

Стратегийн гуравдагч хөршийн түншлэл

АНУ

2023

Стратегийн түншлэлийн харилцаа

ОХУ

2006

ОХУ

2009

Япон

2010

БНХАУ

2011

Энэтхэг

2015

АНУ

2019

БНСУ

2021

ХБНГУ

2024

Онцгой түншлэл (Privileged)

Чухал гуравдагч хөрш & Онцгой түнш

 (Oнцгой эрхт түншлэлийн харилцаа) 

Франц

2023

Иж бүрэн түншлэл

Иж бүрэн түншлэлийн харилцаа

Япон

1997

Япон

1998

Япон

1999

АНУ

2004

АНУ

2005

Турк

2005

ХБНГУ

2008

Энэтхэг

2009

БНСУ

2011

Хамтын ажиллагааг иж бүрэн түншлэлд хүргэх замын зураглал

Их Британи

2024

 

 

Хамтын хөгжил цэцэглэлт, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлын төлөө Иж бүрэн түншлэл

Канад

2023

 

Өргөтгөсөн түншлэл

Өргөтгөсөн иж бүрэн түншлэлийн харилцаа

АНУ

2018

 

Өргөн хүрээтэй түншлэл

Казахстан

2007

Канад

2004

Австрали

2007

Сайн хөршийн түншлэлийн харилцаа

 

 

 

Сайн хөршийн уламжлалт түншлэл

ОХУ

2003

 

Сайн хөршийн харилцан итгэсэн түншлэл

 

БНХАУ

2003

Сайн хөршийн найрамдалт хамтын ажиллагааны түншлэл

 

БНСУ

 

2006

 

Харилцан нөхсөн түншлэл

XXI зууны харилцан нөхсөн хамтын ажиллагаа, хөгжлийн түншлэл

БНСУ

1999

Хамтын ажиллагааны түншлэл

 

Олон талтай хамтын ажиллагааны түншлэл

 

Украин

 

2011

Тэгш эрхтэй түншлэл

 

Тэгш эрхтэй түншлэлийн харилцаа

 

Финланд

2011

 

Түншлэл, хамтын ажиллагааны тухай хэлэлцээр

Европын

Холбоо

2013

Гадаад бодлого монгол хүн бүрд амин чухал болсон тийм цаг үе мэт сэтгэгдэл сүүлийн хоёр жил, 2023 онд тэр чигтээ яалт ч үгүй гүн суулаа. Туйлшрал ч их байна. Туйлшрах шаардлага уг нь алга. Учир нь бид гадаад бодлогоо үзэл баримтлалаараа хуульчилж, түүнийгээ УИХ-аараа батлаад дагаж мөрдөж ирсээр өнөө хүрсэн.

Гадаад бодлогын үзэл баримтлалд ингэж заажээ. Үүнд:

  • 4. Монгол Улс энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт гадаад бодлого явуулна.
  • 5. Гадаад бодлогын нэгдмэл байдлыг хангаж, залгамж чанарыг хадгална. Гадаад бодлогын нэгдмэл байдлыг хангах, төрийн захиргааны төв болон засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн гадаад харилцааг уялдуулан зохицуулах, хяналт тавих үүргийг гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага гүйцэтгэнэ.

Миний үзэж байгаагаар би дахин дахин тэмдэглэдэг. Юу гэхлээр Монгол Улсад улс төрийн хоёр гол нам засгийн эрх ээлжлэн, эсвэл эвсэн барьсан энэхүү 34 жилд Гадаад бодлого залгамж чанараа ханган ямагт урагшилж ирсэн. Аль ч намын эрх барих өнгөн дээр Монгол Улс олон тулгуурт гадаад бодлогоо хэлбэрэлтгүй тууштай явуулж ирсэн. Бүгдтэй нь нэгэн зэрэг сайн харилцаатай байж чаддаг тэр чанар л МАН, АН ба эвслийн ямар ч Засгийн газрын үед нотлогдож ирсэн. Монголын өнөөгийн төр, засаг Үзэл баримтлалынхаа заалтуудыг чанд мөрдөж байгаа ба түүнээсээ гажсан ноцтой алхам хийгээгүй.

Олон баримт дурдаж болох авч азнаад ердөө энэ 2024 оны эхний 4 сараар хоёрхон баримтыг эшилье. Дипломат харилцаа тогтоосны хагас зуун жилийн ойгоор ХБНГУ-ын Ерөнхийлөгч Монгол Улсад айлчилсан ба тэр үеэр “Монгол Улс нь ХБНГУ-ыг Европ дахь итгэлт түнш, гуравдагч хөршөө гэж   үзэн, харилцаа, хамтын ажиллагааг бататган өргөжүүлэх, “Иж бүрэн түншлэл”-ийн түвшинг ахиулж Стратегийн түншлэлд хүргэхийг чухалчилж байгааг онцлов” гээд Хамтарсан тунхаглалд тэмдэглэжээ. Стратегийн түншлэл тогтоосон Европын анхны улс тодорлоо гэдгийг дэлхий дахинд тунхаглажээ гэсэн үг. Германы Төрийн тэргүүний хэлсэн үг байна – Монгол Улсын хөрш хоёр орны геополитикийн нөхцөл байдал хүнд үед гуравдагч хөршүүдтэйгээ хамтын ажиллагаагаа идэвхжүүлж байгааг хараад би гайхаж байна. Сайн хөрш гэдэг нь зөвхөн хилээр хязгаарлагддаггүй. Сайн хөршийг хайж олдог. Манай улсын хувьд Монгол Улстай сайн хөрш орны харилцаатай олон жил явж ирсэнд баярлаж байна. Үүнийгээ цааш хөгжүүлэх боломжтой гэж харж байна гэжээ.

2024 оны 4 дүгээр сар. Ердөө хоёр гуравхан өдрийн өмнө. Европт бидний гуравдагч хөрш, Европ дахь дотны итгэлт түнш, анд нөхөр шинээр дэвшин гарч ирсэн нь Их Британи боллоо. Зүйрлэвээс Франц, Германы дараагийн гуравдагч чухал түншээр Их Британи тодорч байна.

Монгол ба Британи гэж хэн билээ? Ардчилал, хүний эрх, эрх чөлөө, хууль дээдлэх зарчим зэрэг үнэт зүйлд суурилсан хоёр улс. Иймд харилцааны түвшинг ахиулж, “Иж бүрэн түншлэл”-ийн түвшинд хүргэх баримт бичиг–“Иж бүрэн түншлэл”-ийн түвшинд хүргэхэд чиглэсэн замын зураглалд гарын үсэг зурлаа.  Энэ нь хоёр орны харилцаанд шинэ хуудсыг нээж байгаагаараа чухал ач холбогдолтой.

Дээрх хүснэгтээс нэг зүйл олж харж болно. НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын 5 гишүүн буюу дэлхийн хамгийн хүчирхэг 5 гүрний 4-тэй нь, тухайлбал Орос, Хятадтай Иж бүрэн стратегийн түншлэлтэй, АНУ-тай Стратегийн гуравдагч хөршийн түншлэлтэй, Францтай Стратегийн гуравдагч хөршийн түншлэлийн харилцаатай байсан бол одоо Аюулгүйн Зөвлөлийн байнгын 5 дахь гишүүн Их Британитай Иж бүрэн түншлэлийн харилцаатай болох гэж байна. Төв Азийн цээжинд далайд гарцгүй түгжигдсэн, геополитикийн адармаатай байршил бүхий жижиг Монголын хувьд том ялалт биш гэж үү? Чамлахаар чанга атга!

Нэгэнт гадаад бодлогын сэдэв хөндсөнийх хэлэхгүй өнгөрч болохгүй, даруй засаж залруулмаар нэг үг хэллэг, орчуулга байна аа. Саяхан ТВ-ийн нэвтрүүлгээр бүр баримтат кинонд оруулаад ярьж харагдана билээ.

“Дубайн гэрээг үзэглэсэн” гэж ярьж байна. Монголчуудын уран сайхны фантааз нь олон улсын харилцаа, олон улсын эрх зүйд огт падгүй гэсэн янзтай уянгалуулж байна лээ.

Улс төрчид, сэтгүүлчид минь тэмдэглээд ав, тогтоогоод ав! “Үзэглэнэ” гэдэг юу вэ? “Үзэглэнэ” гэдэг нь Initial (англиар), Парафирование (оросоор), Paraphieren (германаар) гэрээ, хэлэлцээрийн төслийг эцэслэн тохирсон гэдгийн урьдчилсан нотолгоог илэрхийлнэ. Гэрээ, хэлэлцээрийн үг өгүүлбэр, заалт нэг бүрийг хэлэлцэн тохирч гарын үсэг зуруулахын (байгуулах) өмнөх шат. Хэлэлцээ явуулсан талуудын ажлын хэсгийн ахлагч нар хуудас болгон дээр гарын үсэг зурах буюу тамга дарах байдлаар эцэслэх нэг процедур. Иймд хэрэв Дубайн гэрээг үзэглэсэн гэж үзэж байгаа бол Дубайн гэрээ байгуулагдах төгсгөлийн шат хийгдээгүй, дутаа байна аа гэсэн үг болно. Анхаарна уу!