Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/04-НД НИЙТЛЭГДСЭН

Шинэ Засаг дарга усанд автсан айлуудын нөхцөл байдалтай танилцлаа

www.ulaanbaatar.mn
2017 оны 3 сарын 4
ulaanbaatar.mn
Зураг зураг

Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр буюу “Амгалан” дулааны станцын зүүн хойд хэсэгт орших айл өрхүүд идэр есийн хүйтнээр усанд автаж, нөхцөл байдал тун хүнд болоод байна.

Баянзүрх дүүргийн Засаг дарга Э.Бат-Амгалан өнөөдөр уг нөхцөл байдалтай газар дээр нь очиж танилцлаа. Өчигдөр үүрэгт ажлаа хүлээж авсан тэрбээр эхний ажлаа ийнхүү дүүргийнхээ хамгийн хүнд нөхцөлтэй хэсгээс эхэлж байгаа аж. Түүнийг очиход тухайн хэсгийн айлуудын хашаа байшин, гэр орон хөлдөж, хашаан дотор зогсох машины зөвхөн дээвэр хэсэг нь харагдаж байсан юм.

Өнгөрсөн оны 12 дугаар сарын сүүлээр булгийн ус хальж, айлуудын дороос ус ундарсныг оршин суугчид нь хэлж байна. Газрын албаны мэдээлж байгаагаар энэ хэсэгт зөвшөөрөлгүй 30 гаруй айл байдаг бөгөөд булгийн эхэнд зөвшөөрөлгүйгээр шороо асган буусан айлууд ийн усанд автжээ. Өнгөрсөн жилүүдэд тухайн айлуудад яаралтай нүүж, булгийн эх, ногоон байгууламжийн газрыг чөлөөлөх шаардлага хүргүүлж байсан ч огт биелүүлдэггүйгээс ийм байдал үүссэнийг дүүргийн Засаг дарга Э.Бат-Амгаланд танилцууллаа.

 

Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга, дэд хурандаа Л.Цэрэндаваа хэлэхдээ “Шинээр томилогдсон Засаг дарга өнөөдөр дүүргийнхээ хүнд байгаа газар ирж танилцлаа. Иргэд үүнд талархаж байна. Айлууд усанд автсан талаарх дуудлага анх 12 дугаар сарын 21-нд ирсэн. Энэ хэсэг бол “7 булагтай” гэдэг нэртэй газар.

Булгийн эхэнд айлууд шороо асгаж бууснаас болоод дулаан газраас ус гарч ирэх болсон. Ингээд мөстөж, маш их мөс үүссэнийг та бүхэн харж байна. Онцгой байдлын албанаас техник  хэрэгсэл гаргаж, зарим үед 24 цагаар ажилласан. Маш их ус соруулж, мөс ховхолж зайлуулсан ч нөхцөл байдал дээрдээгүй” гэлээ.

“Урин дулаан цаг ирж, мөс хайлах дөхөж байна. Нөхцөл байдал улам хүндэрнэ гэсэн үг. Тиймээс асуудлыг яаралтай шийдвэрлэх шаардлагатай.” хэмээн 10 дугаар хорооны иргэд ярьж байна.

 
 

Баянзүрх дүүргийн Засаг дарга Э.Бат-Амгалан иргэдийн санал хүсэлтийг сонсож, газрын алба болон онцгой байдлын хэлтэст зохих чиглэлийг өглөө. Даваа гаргаас эхлэн холбогдох байгууллагууд уг асуудлын талаар шуурхай хэлэлцэж, шийдэлд хүрэхээр боллоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.