Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/03-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Мөнх-Эрдэнэ: Баянзүрх дүүргийн зарим тойрогт ДАХИН СОНГУУЛЬ явагдахаар болсон

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2017 оны 3 сарын 3
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Нийслэлийн Засаг дарга С.Батболд өчигдөр Баянзүрх дүүргийн Засаг даргыг батламжилсантай холбоотой асуудлаар өнөөдөр хэвлэлийн бага хурал хийж байна. 

Хэвлэлийн бага хуралд НЗДТГ-ын дарга М.Отгонбаяр, Хууль эрхзүйн хэлтсийн дарга А.Даваажаргал, хуулийн зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ зэрэг бусад албаныхан оролцлоо. 

Хуулийн зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ “Нийслэлийн Засаг дарга өчигдөр БЗД-ийн Засаг даргаар Э.Бат-Амгаланг томилсон. Нийслэлийн дүүргийн сонгуулийн үр дүнгээр БЗД-ийн Засаг даргын асуудал шийдвэрлэгдээгүй үлдсэн. Сонгуулийн хуулийн дагуу дүүргийн сонгуулийн хорооноос сонгуулийн үр дүнгээр БЗД-ийн 35 төлөөлөгч хуулийн дагуу ялалт байгуулж, 6 нэр дэвшигч нь асуудал гаргасан гэж үзсэн. 

Энэ маргаан шүүхээр явсаар хэд хоногийн өмнө таван нэр дэвшигчийн асуудал эцэслэгдсэн. Нэг нэр дэвшигч хугацаандаа давж заалдаагүй. Үүнтэй холбоотой БЗД-ийн Сонгуулийн хорооноос ахин сонгууль явуулахаар болжээ. 

БЗД-ийн ИТХ дээр 35 төлөөлөгч бүрэн эрхээ хүлээн зөвшөөрүүлсэн байгаа. Үүний 19 нь МАН-аас, 16 нь АН-аас нэр дэвшсэн. 

Өнөөдрийн байдлаар БЗД-ийн ИТХ-ын 35 төлөөлөгчийн шийдвэр НЗД-д ирсэн. Энэ хуралдаанаас Э.Бат-Амгалан гэдэг хүний нэрийг дэвшүүлсэн. ИТХ-аас ирүүлсний дагуу Э.Бат-Амгаланг НЗД батламжилсан байгаа. 

АН-ын нөхдөөс 22 тойрогт ялсан гэж маргаж байгаа ч дүүргийн сонгуулийн хорооноос 35 төлөөлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрсөн. 6 төлөөлөгчийн хувьд шүүхээс хууль зөрчсөн гэж үзэж албан ёсоор хасагдсан. 

НЗД С.Батболд дээрх асуудлыг шүүхийн шатанд шийдвэрлэгдэх хүртэл хүлээсэн. Энэ хооронд БЗД-ийн Засаг даргаар ажиллаж байсан А.Пүрэвдаваа бүрэн эрхээ хэрэгжүүлсэн. Харин өчигдрөөс эхлээд Э.Бат-Амгалан БЗД-ийн Засаг даргаар ажиллаж байгаа.

Хэрэв 2017 оны 10 дугаар сард явагдах сонгуулиар өөрчлөлт гарвал хуулийн дагуу шийдвэрлэнэ” гэв. 

"Нэг нам төрийн байгууллагын байранд үймээн самуун дэгдээх нь зохимжгүй"

Мэдээллийн дараа тэрбээр сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Иргэдийн тайван жагсаалыг тараахын тулд нулимс асгаруулагч цацаж, иргэн цагдаагийн хооронд маргаан гарсан. Нулимс асгаруулагчийг ямар үед хэрэглэх ёстой юм бэ?

-Цагдаагийн байгууллагын асуудлыг цагдаагийн байгууллагын удирдлагуудаас асуух хэрэгтэй байх. Цагдаагийн байгууллага хуулийн дагуу ажиллаж байгаа гэдэгт итгэж байна. 

Нөгөөтэйгүүр нэг нам төрийн байгууллагын байранд үймээн самуун дэгдээх нь зохимжгүй. Бидний зүгээс энэ асуудлаа зогсоох хэрэгтэй, улс төржүүлэхгүй хуулийн хүрээнд асуудлаа шийдвэрлээч гэж хүсэж байгаа. 

-Бүх шатны шүүхийн шийдвэр АН-ын талд гарсан гэдэг нь бодит бус мэдээлэл гэсэн үг үү?

-Анхан болон давж заалдах шатны шүүхэд дээрх нэр дэвшигчид сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн нь тогтоогдсон. Тиймээс дүүргийн сонгуулийн хорооноос дахин сонгууль явуулах шийдвэр гаргажээ.