Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/24-НД НИЙТЛЭГДСЭН

Хойд Солонгос, Хятад улсууд хэвлэлээр дайтаж эхэллээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 2 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр буюу Пүрэв гарагт Хойд Солонгосын төв мэдээллийн агентлаг KCNA нүүрсний нийлүүлэлтэд нь хориг тавьсан Хятадын эрх баригчдыг шүүмжилсэн нь урьд өмнө тохиолдож байгаагүй хэрэг байлаа.

Хэдийгээр энэ нийтлэлд чухал холбоотон Хятад улсын нэрийг шууд дурдаагүй ч нүүрсний хориг нь “Хойд Солонгосын дэглэмийн эсрэг дайснуудын явуулдаг бодлогоос дутахгүй алхам боллоо” гэжээ.

Тэд бас Хятад улсыг “АНУ-ын тоглож байгаа хөгжмийн аянд бүжиглэгч, их гүрний дүр эсгэгч” зэргээр нэрлсэн байна.

Хойд Солонгосын дэглэм АНУ болон түүний холбоотнуудыг хайр найргүй хэвлэлээр шүүмжилдэг ч хүнс, шатахууны гол нийлүүлэгч Хятадын талаар үг дуугардаггүй уламжлалтай. Өнгөрсөн оны гуравдугаар сард НҮБ-ын аюулгүйн зөвлөл тус улсын эсрэг ээлжит хориг арга хэмжээгээ авахад KCNA нэг удаа “зарим улс цусаар гагнагдсан найрамдалт харилцаагаа мартаж байна” хэмээн Хятадыг далдуур буруутгаж байжээ.

Харин өнөөдөр буюу Баасан гарагт Хятадын Коммунист Намын дуу хоолой Global Times сонин Пьёньяний мэдэгдэлд хариу өгсөн нийтлэл гаргажээ.

Тэд KCNA агентлагийн мэдэгдлийг урьд өмнө байгаагүй хатуу үгтэй, хоёр орны хамтын ажиллагаанд хор учруулахуйц гэж тодорхойлсон байна.

Хятадын нэрийг дурдаагүйг нь Хойд Солонгосын тал мэдэгдлээ зөөллөх гэсэн санаа гэж тайлбарлажээ.

Гэвч Global Times Хойд Солонгосыг Хятадтай сөргөлдөх чадалгүй улс гэж дүгнээд “Хятад улс тэдний өдөөн хатгасан үйлдлийг тоохгүй байх хэрэгтэй” гэсэн байна.

Өнгөрсөн Бямба гарагт Бээжин Хойд Солонгосоос нүүрс авахаа энэ оныг дуустал зогсоож байгаагаа зарласан нь Пьёньяний дэглэмд хүнд цохилт болсон юм.

Хамгийн сүүлд тэднийг баллистик пуужин туршихад АНУ-ын шинэ ерөнхийлөгч Дональд Трамп дэглэмийн эсрэг хатуу арга хэмжээ авахыг Хятадад уриалж байв. Өмнөд Солонгост суурилуулах гэж байгаа АНУ-ын THAAD пуужин эсэргүүцэх систем бас Хятадын аюулгүй байдалд нөлөөлж байгаа.

Ийнхүү гол ивээн тэтгэгч Хятадыг бухимдуулах болсон Ким Жон Уны дэглэм “Хэдэн төгрөг өгөхөө болихоор Хойд Солонгосыг цөмийн хөтөлбөрөө зогсооно гэж бодох нь хэтэрхий гэнэн, хүүхдийн санаа” гэж KCNA агентлагийн нийтлэлээрээ дамжуулан хэлсэн байна.

 

Эх сурвалж: Bloomberg