Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/24-НД НИЙТЛЭГДСЭН

Хойд Солонгосын дэглэм нурвал Хятад улс “арга хэмжээ” авна гэлээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 2 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Хэрвээ хөрш Хойд Солонгосын дэглэм нурвал өөрийн үндэсний аюулгүй байдлыг хамгаалах зорилгоор “шаардлагатай арга хэмжээг” авна гэж Хятадын батлан хамгаалах яамны төлөөлөгч өчигдөр буюу Пүрэв гарагт мэдэгджээ.

Ким Жон Уны эцэг нэгтэй ах Ким Жон Нам алагдсан явдал нь Хойд Солонгосын дэглэмийн тогтвортой байдалд санаа зовох шалтгаан болоод байгаа юм. Энэ хэрэг явдлын дараа Бээжин удаан хугацаанд ямар нэг мэдэгдэл гаргалгүй чимээгүй байсан.

Гэхдээ саяхан Хойд Солонгосын нүүрсний импортыг зогсоосон нь Хятадын эрх баригчид Пьёньяний үйлдэлд таагүй хандаж байгаагийн илрэл болж байна.

Өчигдөр хэрвээ Хойд Солонгосын дэглэм унавал Бээжинд ямар нэг онцгой төлөвлөгөө байгаа эсэхийг асуусан сэтгүүлчийн асуултад Хятадын батлан хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч Рэн Гуочянь хариулахдаа “ийм нөхцөл байдал үүсвэл үндэсний аюулгүй байдлаа хамгаалахын тулд Хятадын зэвсэгт хүчин шаардлагатай арга хэмжээг авна” гэж хариулжээ.

Тэр бас Ким Жон Намын аллагын дараа дүрвэгсдийн их хэмжээний урсгалаас сэргийлэхийн тулд Хойд Солонгос-Хятадын хил рүү цэргийн хүч илгээсэн гэх яриаг няцаасан байна.

Хойд Солонгосын дөрөв дэх цөмийн туршилт өнгөрсөн оны нэгдүгээр сард болсны дараа Өмнөд Солонгос АНУ-аас THAAD пуужингаас хамгаалах систем авч суурилуулах шийдвэр гаргасан.

Гэвч үүнийг нь Хятад улс эрс эсэргүүцэж байгаа. Хэдий тийм ч Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Хван Кё Ан өнгөрсөн Даваа гарагт мэдээлэхдээ THAAD системийн суурилуулах ажиллагааг хойшлуулахгүй гэдгээ хэлсэн байна.

Рэн Хятад улс THAAD системийг өөрийнх нь үндэсний аюулгүй байдалд дайсагнаж байгаа тул төлөвлөгөөг зогсоохын тулд бүх арга хэмжээг авахаа өчигдөр мөн мэдэгджээ.

 

Эх сурвалж: South China Morning Post