Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/14-НД НИЙТЛЭГДСЭН

“Том төслүүдээ хөдөлгөхгүй бол эдийн засагт төлөвлөсөн 3.5 хувийн өсөлт гарахгүй”

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2017 оны 2 сарын 14
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

УИХ-ын  Төсвийн байнгын хорооноос өнөөдөр 2016 оны ажлын тайлангаа танилцууллаа. Тайлангийн хуралд Төсвийн байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн нар мэдээлэл өглөө.

Хийж хэрэгжүүлсэн ажлынхаа талаар Ч.Хүрэлбаатар дарга “Өнгөрсөн хугацаанд Төсвийн байнгын хороо 22 удаа хуралдаж бие даасан 2 хууль, нэмэлт өөрчлөлт оруулах 33 хууль, УИХ-ын 7 тогтоолыг хэлэлцэн шийдвэрлэсэн.

2017 оны төсөвт бид төсвийн хэмнэлтийн улс орон даяар бий болгох ёстой гэж үзсэн. Ерөнхийд нь аваад үзвэл бид өнгөрсөн хугацаанд олон төсвийг нэг болгож, төсвийн сахилга батыг сахиулах хатуу арга хэмжээ  авч, өр нэмэгдэх бололцоог хумилаа.

Мөн Засгийн газрыг орлого талдаа дайчилж ажиллах нэлээд хэдэн зарчим 2017 оны төсөвт суусан. Өөрөөр хэлбэл Таван толгой, төмөр зам зэрэг томоохон төсөл хэрэгжих ёстойг төсөвтөө суулгасан байгаа. Төсвийн хуулиар Засгийн газрын үйл ажиллагааг эрчимжүүлэхэд онцгой анхаарсан гэдгийг хэлмээр байна.

Эдийн засгийн хямралыг давж гарахын тулд Төсвийн байнгын хороо санаачилгатай ажилласан гэж үзэж байгаа” гэв.

Д.Тогтохсүрэн гишүүн “Өмнөх УИХ Засгийн газраас орж ирсэн төсвийг нэмэгдүүлж тооцдог байсан. Энэ удаа Төсвийн байнгын хорооны ажлын хэсэг төсвийн сахилгыг сайжруулах ёстой, алдагдлыг багасгах шаардлага байна гэж үзээд Засгийн газраас орж ирсэн төсвийг 600 орчим тэрбум төгрөгөөр багасгасан. Энэ бол Төсвийн байнгын хороо УИХ-ын гишүүдэд хөтлөгдөж төсөв нэмэхгүй, хариуцлагатай хандаж байгаагийн илэрхийлэл юм.

Хоёрдугаарт, 1.5 тэрбумаас доош орлоготой, дөрвөн салбарын ААН-ын албан татварыг 1 хувь болгосон. Энэ бол бизнесийг дэмжсэн томоохон өөрчлөлт гэж харж байна” гэв.

"Эрдэнэтийн асуудлаарх эцсийн шийдвэр шүүх дээр гарна гэдэгт би огтхон ч эргэлзэхгүй байна"

Үүний дараа сэтгүүлчид сонирхсон асуултынхаа хариуг авлаа.

-ОУВС-тай хийж буй хэлэлцээ юу болж байгаа вэ. Шинэ мэдээлэл танд бий юу?

-ОУВС Засгийн газартай хэлэлцээ хийж байгаа. Энэ долоо хоногт эцэслэгдэх учиртай. Засгийн газраас илүү нарийн мэдээлэл авах хэрэгтэй байх. Надад хэлснээр талууд энэ долоо хоногт олон нийтэд мэдээлэл өгнө.

-Томоохон төслүүд хөдөлгөнө гэж байна. Ямар ямар төслүүд хөдлөх вэ, улcын төсөвт хэдий хэмжээний хөрөнгө оруулалт хийгдэх бол?

-2017 оны улсын төсвийг хэлэлцэж байх үед Монгол Улсын эдийн засгийг 3.5 хувиар өснө гэж тооцсон. Энэ өсөлтийг Таван толгой, төмөр замын төсөл хөдөлгөж, Гацууртын ордыг ашиглаж, Оюу толгойг цааш нь хөдөлгөж байж гаргана. Засгийн газрын хувьд 3.5 хувийн өсөлтийг гаргахын тулд том төслүүдээ хөдөлгөх ёстой. Үүнийг хэрэгжүүлэхгүй бол эдийн засагт өсөлт гарахгүй, орлого тэр хэмжээгээр бүрдэхгүй.

-Эрдэнэтийн асуудал дээр та намаасаа эсрэг байр суурьтай байсан. Одоо ямар байр суурьтай байгаа вэ?

-Эрдэнэтийн асуудлаар өөрийнхөө байр суурийг илэрхийлж байсан. Хариуцлага тооцох ёстой улс төрчид нь хаана байна? Хэрэв тухайн үеийн Засгийн газар үгүй гээд хэлчихсэн байсан бол өнөөдрийн ийм байдалд орохгүй байсан.

Тэгэхээр ажлын хэсгийн дүгнэлтэд тухайн үед асуудал хариуцаж байсан албан тушаалтнуудад ямар хариуцлага тооцох тухай ширхэг ч өгүүлбэр байхгүй байгаа.

Хоёрдугаарт бид сарын дараа 580 сая ам.доллар төлнө. Монгол Улс ДНБ-д эзлэх өрийн дарамтаараа дэлхийд нэгдүгээрт явж байна. Ийм нөхцөл байдалд дахиад ихээхэн хэмжээний доллар төлөх шийдвэр гаргаж байгаа нь цаг үеэ олсон уу?

Өөрөөр хэлбэл бид үүнийг олон талаас нь авч үзэх ёстой байсан. Мөн Эрдэнэтийн асуудлыг бид сэтгэл хөдлөлөөр шийдэж болохгүй гэдэг асуудлыг би удаа дараа илэрхийлж байсан.

Гэхдээ Эрдэнэтийн асуудлаарх эцсийн шийдвэр шүүх дээр гарна гэдэгт би огтхон ч эргэлзэхгүй байна.