Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/10-НД НИЙТЛЭГДСЭН

МАН хурууны хээгээр ирцээ бүрдүүлж, санал хураах ой санамжаа сэргээх үү

С.Шийлэгт, Ардын эрх
2017 оны 2 сарын 10
Ардын эрх
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Монгол Улс төлөөллийн ардчиллын зарчмаар хууль тогтоох дээд байгууллага болох УИХ-аа бүрдүүлдэг. Өөрөөр хэлбэл, сонгогчид нэр дэвшигчдээс өөрийнхөө өмнөөс төлөөлүүлэн шийдвэр гаргах хүнийг УИХ-д сонгодог. Энэ хүн л миний өмнөөс зөв шийдвэр гаргаж кноп дарна гэж итгэл хүлээлгэдэг гэсэн үг.

Гэтэл итгэж сонгосон эрхэм түшээ нь энэ ажлаа хийгээгүйгээс болж өөрт нь огт хамааралгүй, төлөөлөх эрхгүй, аль нэг аймаг, дүүргийн иргэдийг төлөөлдөг хүн өмнөөс нь кнопыг нь дардаг. Тиймээс бусдын өмнөөс кноп дарах явдлыг сонгогчдын эрхэнд халдаж буй үйлдэл гэж үздэг.

Хуулиараа ч ийм үйлдэл хийх хориотой. УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 91.5-д “Санал хураалт явуулах үед гишүүн санал өгөх эрхээ зөвхөн өөрөө эдлэх бөгөөд энэхүү эрхээ бусдад шилжүүлэх, бусад гишүүний өмнөөс санал өгөхийг хориглоно” гэсэн заалт бий.

Гэвч УИХ-ын чуулган, Байнгын хороод хуралдах бүрт хуулийн энэ заалт, аль нэг тойргийн сонгогчдын эрхтэй хамт зөрчигдсөөр л байна. Ийм үйлдэл хийж буй гишүүдэд байдаг л зүйл юм шиг хэрнээ цаанаа асар их үр дагавартай энэ асуудлыг хэрхэн зохицуулах вэ.

Бусдын өмнөөс кноп дарах шалтгаан нь гишүүдийн ирцтэй холбоотой. Тиймээс өмнөх парламентын үед чуулганы танхимд гишүүдийн ирцийг хурууны хээгээр бүртгэх туршилт хийсэн юм. Тухайн үед юу болсныг эргэн саная.

УИХ-ын дарга З.Энхболд “Гишүүдийн ирцийг бүрдүүлэх нь УИХ-ын даргын үүрэг. Тиймээс гишүүдийг хурууны хээгээр нь бүртгэнэ. Мөн асуулт асууж, санал хэлэхдээ бүртгүүлсэн дарааллаараа үг хэлнэ” гэсэн тайлбартайгаар гишүүдийн ирцийг хурууны хээгээр бүртгэх санаачилгыг шууд ажил хэрэг болгох оролдлого хийсэн юм. Гэвч хурууны хээгээр ирц бүртгэх төхөөрөмж нь алдаа зааж будлиан үүсгэснээр УИХ-ын даргын цахим шийдэл амжилтгүй туршилт болж үлдсэн.

Тухайн үед сөрөг хүчин байсан МАН-ын гишүүд “УИХ-ын дэгийн тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслөө батлаагүй байж хуульгүйгээр асуудал шийдвэрлэх гэж оролдож байгаа нь буруу” хэмээн шүүмжилж байлаа. Түүнээс хойш хурууны хээгээр ирц бүртгэх, санал өгөх тухай асуудал яригдаагүй.

Энэ удаагийн УИХ-ыг өмнөх парламенттай харьцуулахад ирц бүрдэхгүй байх зовлон бага, бусдын өмнөөс кноп дарах шаардлага ч байхгүй. Хамгийн багаар бодоход 65 гишүүнтэй МАН-ын бүлгийн 39 нь ирцээ бүртгүүлж, 20 нь санал хураалтад оролцоход л хууль батлагдана. МАН 2000 онд 72-уулаа байхдаа Үндсэн хуульд өөрчлөлт оруулж ердийн олонхоор ирц бүрдүүлдэг болсон.

Гэвч 65 гишүүнтэй олонх хүнээр дутаж саяхан чуулганы хуралдааны үеэр гишүүд нь бусдын кнопыг дарж буй зураг олны анхаарлыг татаж нэг хэсэгтээ л шуугьсан. Энэ нь гишүүдийн ирцийг хурууны хээгээр бүртгэх, санал авах санаачилгыг эргэн санууллаа. Уг нь энэхүү санаачилгын автор нь МАН.

Тодруулбал, өмнөх парламентын үед УИХ-ын дарга З.Энхболд дээрх туршилтыг хийхээс жилийн өмнө УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Б.Бат-Эрдэнэ, Д.Сарангэрэл, Л.Энх-Амгалан, Ж.Батзандан, Г.Баярсайхан, Г.Уянга нар УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барьж байв.

Энэхүү хуулийн төслийн агуулга нь хуралдааны ирц бүрдүүлэх, санал хураалт явуулахад хурууны хээг ашиглах тухай байсан юм. Мөн дараа нь УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, А.Бакей, Н.Батцэрэг нар ийм агуулгатай хуулийн төсөл өргөн барьж байлаа. З.Энхболдын ангийнхан уг хоёр хуулийн төслийг нэгтгэн хэлэлцэхийг дэмжсэн боловч батлаагүй. Тиймээс одоо М.Энхболд даргатай МАН-ынхан ой санамжаа сэргээн өөрсдөө төслөө баталж санаачилгаа хэрэгжүүлэх боломжтой юм.

Өмнөх парламентын үед хуулийн төсөл өргөн барьсан гишүүдийн олонх нь буюу С.Бямбацогт, Б.Бат-Эрдэнэ, Д.Сарангэрэл, Л.Энх-Амгалан, Ж.Батзандан, Д.Эрдэнэбат нар УИХ-д дахин сонгогдсон. Ер нь УИХ-ын гишүүд энэхүү санаачилгыг ажил хэрэг болгох ёстой гэж үздэг. Тэдний заримынх нь байр суурийг хүргэе.

Ц.Даваасүрэн: -Бусдын кнопыг дарж, хүний өмнөөс санал өгдгийг болиулах нь хамгийн чухал. Өглөө бүртгүүлсэн гишүүдийн үлдээсэн картыг ашиглан хэн нэг нь өмнөөс нь санал өгчихдөг. Миний өмнөөс хэн ч кноп дарах боломжгүй болгох нь УИХ-ын даргын гол үүрэг. Бусдын кнопыг дарж баталсан хууль бол хүчин төгөлдөр бус.

Д.Эрдэнэбат: -УИХ-ын гишүүдийг хариуцлагатай байлгах үүднээс хурууны хээгээр бүртгэх нь зөв. Хувийн компаниуд ажилтнуудынхаа ирцийг бүртгэх зорилгоор хурууны хээ авах тоног төхөөрөмжийг нэвтрүүлсэн. Аль ч компанид энэ асуудал хэрэгжиж байгаа.

Д.Лүндээжанцан: -Хурууны хээгээр санал өгөх нь байдаг л асуудал. Өөр хүний товчлуур дардаг муу зуршлыг бид арилгах ёстой. Парламентад ярихдаа гол нь биш, ярихаас гадна саналаа өгөх нь чухал.

М.Билэгт: -Албан газрууд хурууны хээгээр цаг бүртгэдэг болсон. Санал өгөх товчлуур нь тийм болчихоосой гэж бодож байна. УИХ-ын гишүүн саналаа өгөх нь ирцээ бүртгүүлэхээс чухал. Тийм учраас хурууны хээ мэдэрдэг төхөөрөмжтэй болох ёстой гэж бодож байна.

Х.Нямбаатар: -Техник технологийн дэвшлийг ашиглаад УИХ-ын гишүүн бүрийн хурууны хээг таньдаг төхөөрөмж оруулж ирэхэд буруудах зүйл байхгүй. Ингэвэл хэн нэгнийгээ хардаж сэрдэх зүйлгүй болно. Мөн гишүүд саналаа өгөхийн тулд хуралдаа хариуцлагатай сууна.

Х.Болорчулуун: -Цаашдаа өөрөө хуруугаа дарж байж өөрийнх нь санал өгөгддөг төхөөрөмж хэрэгтэй байна. Бусад улс ч тийм. Тэгж байж хууль сахилга баттай батлагдана.

Зураг