Уншиж байна ...

АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Бээжингээс буцахдаа Тэйлор Свифтийн цомгийг худалдан авчээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2024 оны 4 сарын 27
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен өчигдөр буюу Баасан гарагт Хятадын нийслэл Бээжинд хийсэн айлчлалаа өндөрлүүлсэн юм.

Тэрбээр айлчлалынхаа үеэр Хятадын гадаад хэргийн сайд Ван И, төрийн тэргүүн Ши Жиньпин нартай хоёр улсын харилцааг муутгаж буй олон асуудлыг хөндөн ярилцжээ.

Блинкений айлчлалын бас нэг зорилго нь хоёр их гүрний иргэд хоорондын харилцааг сайжруулах байсан юм.

Энэ зорилгынхоо хүрээнд тэр өчигдөр Бээжингийн нисэх онгоцны буудлыг зорих замдаа гэнэт зам хазайж, Хятадын нийслэлийн урлагийн дүүрэгт орших Li-Pi хөгжмийн дэлгүүрт зочилжээ.

Блинкен тус дэлгүүрээс Америкийн поп од Тэйлор Свифтийн 2022 оны “Midnights” цомгийг Хятадын рок од Ду Вэйн цомогтой хамт худалдан авсан байна.

Тэрбээр энэ үеэрээ Америкийн урлагийн хамгийн амжилттай экспортуудын нэг гэж Тэйлор Свифтийг магтсан юм.

Свифтийн 2019 онд гаргасан “Lover” цомог Хятадын зах зээлд гадаад уран бүтээлчдийн дээд амжилтыг эвдэж, худалдаанд гарсан эхний долоо хоногтоо бүх төрлийн борлуулалтын (стрим, таталт оролцуулаад) тоо хэмжээ нь нэг саяыг давж байжээ.

“Газар зүйн байрлалаас үл хамааран хүмүүсийг хамгийн сайн холбогч” гэж хөгжмийг нэг удаа магтаж байсан Блинкен өөрөө гитар тоглодог, дуу хөгжимд дуртай хүн юм.

Бээжингийн дэлгүүрийн эзэн ямар хөгжимд илүү дуртайг нь асуухад 62 настай Блинкен “бүгдийг сонсдог ч 70-аад онд бага зэрэг гацсан хүн” гэж өөрийгөө тодорхойлжээ.

 

Эх сурвалж: Reuters