Уншиж байна ...

Британийн хаан Чарльзын бие сайжирсан тул ирэх долоо хоногоос зарим ажил үүргээ гүйцэтгэж эхлэхээр болжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2024 оны 4 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Энэ оны хоёрдугаар сард хорт хавдраар өвчилснөө зарлаж байсан Их Британийн хаан Чарльз ирэх долоо хоногоос эхлэн ажил үүргээ хэвийн гүйцэтгэхээр болсныг Букингэмийн ордон Баасан гарагт мэдэгджээ.

75 настай хаан түрүү булчирхайн томролтыг эмчлэх хагалгаанд орсны дараа хорт хавдартай нь оношлогдсон ч ямар хэлбэрийн хавдар болох нь одоо болтол мэдэгдээгүй байгаа юм.

“Эрхэм дээдсийн эмчилгээ үргэлжлэх боловч ахиц дэвшилд нь эмч нар сэтгэл хангалуун байгаа тул хаан олон нийтийн өмнө хүлээсэн зарим ажил үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэх боломжтой боллоо” гэж Букингэмийн ордны мэдэгдэлд өгүүлжээ.

Эмчилгээ хэр удаан үргэлжлэхийг хэлж чадахгүй байгаа ч эмч нар “өнөөг хүртэл гарсан ахиц дэвшилд маш их урамшиж, хааны эдгэрэлтийг өөдрөгөөр харж буй” тухай уг мэдэгдэлд бас дурдсан байна.

Өнгөрсөн хугацаанд Чарльз хааны үйл ажиллагааны талаар гэрэл зураг, дүрс бичлэг цацагдаж байсан ч олон нийтийн өмнө ил гарах арга хэмжээнүүдэд оролцохгүй байсан юм.

Букингэмийн ордны мэдэгдэлд зургаадугаар сарын сүүлээр Японы эзэн хаан Нарухито, түүний гэргий, хатан Масако нарын төрийн айлчлал болохыг мэдээлжээ.

Чарльз хаантай зэрэгцэн түүний бэр, гүнж Катерин бас хорт хавдартай болсон нь оношлогдож байв. Уэльсийн гүнж одоо олон нийтийн өмнө ил гаралгүй хими эмчилгээ хийлгэж байгаа.

Чарльзын эх, хатан хаан Элизабетийг нас барсны дараа хаан ширээг залгамжлах ёслол өнгөрсөн оны тавдугаар сарын 6-нд зохион байгуулагдаж байв.

“Хаан ширээнд заларсны нэг жилийн ой ойртож буй энэ үед өнгөрсөн нэг жилийн хугацаанд туулсан баяр баясгалан, сорилт бэрхшээлийг нь хуваалцаж, дэлхийн өнцөг булан бүрээс сайн сайхныг хүсэн ерөөж байсан бүгдэд эрхэм дээдэс гүнээ талархаж байна” гэж Букингэмийн ордон мэдэгджээ.

 

Эх сурвалж: Reuters