Уншиж байна ...

Вьетнамын парламентын дарга тодорхойгүй зөрчил дутагдлын улмаас албан тушаалаасаа огцров

С.Мөнхцэцэг, ikon.mn
2024 оны 4 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Вьетнам улсын парламентын дарга ямар нэг “зөрчил дутагдал” гаргасныхаа төлөө албан тушаалаасаа огцорч буйг тус улсын эрх баригч Коммунист Нам өчигдөр мэдэгджээ.

Коммунист Намын төв хороо Баасан гарагт ээлжит бус хуралдаан зарласан нь Үндэсний Ассемблейн дарга Вуон Дин Хуэгийн огцрох хүсэлтийг хэлэлцэх зорилготой байсан байна.

“Нөхөр Вуон Дин Хуэгийн гаргасан зөрчил, дутагдал нь олон нийтэд сөрөг санаа бодол төрүүлж, нам, төр болон түүний өөрийнх нь нэр хүндэд муугаар нөлөөлж байна” гэж намын төв хорооны мэдэгдэлд өгүүлжээ.

Одоогоор түүнийг хэн залгамжлах асуудал тодорхой болоогүй байна.

Дөрөв хоногийн өмнө Үндэсний Ассемблейн тамгын газрын дэд дарга Пам Тай Ха баривчлагдаж байсан юм.

67 настай Хуэ нь 2021 оны гуравдугаар сард парламентын даргаар томилогдож байв. Тэрбээр өмнө нь 2016-2020 онуудад засгийн газрын шадар сайдаар ажиллаж байжээ.

Нэг үе тэр Вьетнамын хамгийн өндөр албан тушаал болох Коммунист Намын ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаалд яригддаг байв. Үндэсний Ассемблейн даргын албан тушаал нь Вьетнамын эрх мэдлийн гол дөрвөн тулгуур баганын нэгд тооцогддог.

Вуон Дин Хуэ албан тушаалаасаа огцроод зогсохгүй намын төв хороо, улс төрийн товчооны гишүүний суудлаа алджээ.

Вьетнамын эрх баригчид 2016 онд авлигатай тэмцэх маш өргөн цар хүрээтэй аяныг эхлүүлсэн нь одоо үргэлжилж байгаа юм.

Өнгөрсөн хугацаанд тус улсын хоёр ерөнхийлөгч, хоёр ерөнхий сайд огцорч, төрийн олон зуун албан тушаалтан шийтгүүлээд байна.

Үүнд бизнесийн салбарынхан ч өртөж байгаа.

Пүрэв гарагт тус улсын шингэн хүнсний томоохон компанийн эзэн Чан Кви Тан $40 саяын санхүүгийн луйврын хэрэгтээ найман жилийн хорих ял сонссон юм.

Энэ сарын эхээр $12.5 тэрбумын хохирол учруулж, Вьетнамын түүхэнд хамгийн том санхүүгийн луйвар үйлдсэн үл хөдлөх хөрөнгийн магнат Чуон Ми Ланд шүүх цаазын ял оноосон билээ.

Томилогдоод нэг жил гаруй хугацаа өнгөрч байсан Вьетнамын өмнөх ерөнхийлөгч Во Ван Туон энэ оны гуравдугаар сард албан тушаалаасаа огцроход эрх баригч нам бас ямар нэг “зөрчил, дутагдал” гаргасантай холбон тайлбарлаж байжээ.

 

Эх сурвалж: Aljazeera