Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/23-НД НИЙТЛЭГДСЭН

Утааны эсрэг жагсаалд УРЛАГИЙН "ТОМЧУУД" нэгдсээр байна

Б.Ану
2017 оны 1 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Ээж, аавуудын санаачлагаар эхэлсэн утааны эсрэг хөдөлгөөнд урлагийнхан нэгдээд байна. 

Өнгөрсөн арванхоёрдугаар сарын 26-ны өдөр утааны эсрэг ээж аавууд жагсаал хийж 4,000 гаруй хүн цугласан гэж жагсаалыг санаачлагч Ц.Пүрэвхүү хэлсэн юм.

Гэвч шинэ жилийн он солигдох мөчид Сүхбаатарын талбайд зохиогддог шоунд 100 мянга орчим иргэд жил бүр цугладаг.  Тиймээс ч урлагийнхан утааны эсрэг дахин жагсахаар бэлдэж байгаа ээж аавуудтай нэгдэх санаачлагыг хөгжмийн зохиолч Б.Чинбат, “Никитон” хамтлагийн дуучин Б.Батчулуун нар гарган бусдыгаа уриалан жагсаал дээр дуулахаар болжээ. 

Б.Батчулуун, Б.Чинбат нар Утааны тухай дуу гаргаж клип хийхээр төлөвлөж байсныгаа хурдасгаж энэ сарын 28-нд болох жагсаал дээр дууныхаа нээлтийг хийхээр болсон байна.

Түүнчлэн “Хар сарнай” хамтлагийн дуучин С.Амармандах, "Take off" хамтлагтай хамтарч УТААны тухай дуу зохиосноо “БООЖ ҮХЛЭЭ!” жагсаал дээр дуулах юм. 

Утаанд дарлагдаж бууж өгөлгүй, чадах бүрээрээ тэмцэхийг уриалсан дуунууд ийнхүү ар араасаа төрж УТААны эсрэг нийгмийн хөдөлгөөнд урлагийнхан давалгаалан орж иржээ. 

Монгол Микс Прожектийн хамт олон УТААНы эсрэг жагсаалд нэгдэж жагсаалын үйл ажиллагааны хөтөлбөрийг хариуцан ажиллаж байна.

DJ Үүрээ тэргүүтэй Монгол Микс Прожектийн хамт олон УТААНы эсрэг жагсаалд нэгдэж жагсаалын үйл ажиллагааны хөтөлбөрийг хариуцан ажиллаж байна.  Энэ удаагийн жагсаалын нэр “Боож үхлээ” бөгөөд  сэтгүүлч Г.Алтантүрүү жагсаалыг хөтөлж, “Лемонс” хамтлаг, жазз дуучин Ц.Хулан, “Mr.Dogs” хамтлаг, “Чоно” хамтлагийн дуучин Дэрмээ нар ая дуугаа өргөж,  хөлбөмбөгийн тайлбарлагч Б.Батзаяа жагсагчидтай флашмоб хөдөлгөөн хийх зэргээр  оролцох аж.  

Эндээс харахад УТААГ эсэргүүцэх жагсаал нь нийгмийн бүх салбарын төлөөлөгчдийг хамарсан илүү өргөн хүрээтэй хөдөлгөөн болон тэлж байна  Мөн зохион байгуулагчдын зүгээс НҮБ-аас Агаарын бохирдлын эсрэг тэмцэх элчээр сонгогдсон дуучин Д.Болд болон "Камертон" хамтлаг, Rokit Bay нарыг жагсаалд нэгдэж ая дуугаа өргөх, үзэл бодлоо илэрхийлэхийг урьсан, хариу хүлээж байгаа юм байна. 

Энэ сарын 28-ны Бямба гараг буюу амралтын өдөр 12:00 цагаас  Сүхбаатарын талбайд утааны эсрэг “БООЖ ҮХЛЭЭ” жагсаал болох ба санаачлан зохион байгуулж байгаа “Утааны эсрэг ээж аавууд” ТББ-тай холбогдох утасны дугаар нь 96610308, 88333123.

Жагсаалд байгууллага, компаниудыг нийгмийн хариуцлагын хүрээнд хамт олноо зохион байгуулан олноор оролцохыг ээж аавууд уриалж байна.