Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/21-НД НИЙТЛЭГДСЭН

Монголын шигшээ багийг 5:1-ээр хожиж байсан Зүүн Тиморын булхай илэрлээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 1 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Үндэсний шигшээ багтаа Бразил тоглогчдыг хуурамч төрсний гэрчилгээ ашиглан тоглуулж байсан Зүүн Тиморын булхай илэрч 2023 оны Азийн Цомын Тэмцээнээс хасагдлаа.

Нийтдээ 12 Бразил тоглогчид хуурамч төрсний гэрчилгээ олгон 2019 оны Азийн Цом, 2018 оны ДАШТ-ий шалгаруулалтын тоглолтуудад оролцож байсан Зүүн Тиморын луйврыг илчилснээ Азийн Хөлбөмбөгийн Холбоо өчигдөр буюу Баасан гарагт зарлажээ.

ФИФА мөн энэ мэдээллийн дагуу 2015 оны гурваас аравдугаар сарын хооронд болсон ДАШТ-ий урьдчилсан тоглолтуудыг шалгахаар болсон байна.

Португаль хэлээр ярьдаг Зүүн Тимор нь ФИФА-гийн чансаагаар 211 орноос 191-д жагсдаг юм.

Нэгэнт 2018 оны ДАШТ-ээс хасагдсан байгаа Зүүн Тиморыг 2022 оны шалгаруулалтад оруулах эсэхийг ФИФА одоо шийдэх ажээ.

Азийн Хөлбөмбөгийн Холбоо 2012 оны зургаадугаар сараас 2016 оны долдугаар сарын хооронд болсон 29 тоглолтын үр дүнг хүчингүй болгож, $20,000-аар Зүүн Тиморын багийг торгох болсон байна.

Мөн тус улсын хоёр албаны хүний олон улсын арга хэмжээнд оролцох эрхийг хассан гэнэ.

Зүүн Тиморын Хөлбөмбөгийн холбооны нарийн бичгийн дарга Амандио де Араужо Сарментог хөлбөмбөгөөс гурван жил холдуулж, $9,000-аар торгосон бол өөр нэг албан хаагч Геласио де Силва Карвалиог шалгах ажилд саад урчуулах гэсэн гэж үзээд $3,000-аар торгожээ.

2018 оны ДАШТ-ий урьдчилсан шалгаруулалтад Зүүн Тимор Монголын багтай тоглож нийлбэр дүнгээр 5:1-ээр ялсан юм. Энэ тоглолтод тэд Бразилийн тоглогчдыг оруулсан байжээ.

Хоёр дахь шатандаа Зүүн Тимор АНЭУ, Малайз, Палестиний эсрэг тоглохдоо сайн амжилт үзүүлсэн нь мөн Бразил тоглогчидтой холбоотой гэнэ.

Харин энэ хэрэг илэрсний дараа Бразилчуудгүйгээр тоглохдоо Зүүн Тимор АНЭУ-д 8:0-ээр, Саудын Арабт 10:0-ээр, Палестинд 7:0-ээр тус тус хожигдсон байна.

 

Эх сурвалж: NorthJersey.com