Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/17-НД НИЙТЛЭГДСЭН

Т.Уранболор: Зорилтот бүлэгт үнэ төлбөргүй хууль зүйн туслалцаа үзүүлэхэд анхаарч ажиллана

Б.Заяа, Өдрийн сонин
2017 оны 1 сарын 17
Монголын мэдээ
Зураг зураг

Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа Хууль зүйн туслалцааны төвийн захирал Т.Уранболортой ярилцлаа. 

-Юун түрүүнд байгууллагынхаа чиг үүргийн талаар ярихгүй юу. Ер нь Хууль зүйн туслалцааны төв ямар үүрэгтэй ажилладаг юм бэ? 

-Манай байгууллага Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пакт, Эрүүгийн байцаан шийтгэх хууль тогтоомжид заасан хүний эрхийг хамгаалах, шударга шүүхээр шүүлгэх, өөрийгөө өмгөөлөх, өмгөөлүүлэх эрхийг хангах чиг үүргийг хэрэгжүүлж байгаа гэдэг утгаараа иргэдийн өмгөөллийн үйлчилгээ авах эрхийг ханган, иргэдээс ирүүлсэн өргөдөл хүсэлтийг түргэн шуурхай хүлээн авч шийдвэрлэдэг.

Мөн байгууллагынхаа үйл ажиллагааны талаар иргэд, олон нийт, хуулийн байгууллагад сурталчлан таниулах чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллаж байна. Хууль зүйн туслалцааны төв нь хууль зүйн үйлчилгээний хүртээмжийг сайжруулах замаар хууль зүйн туслалцаа авах, шүүхийн өмнө эрх тэгш байх, хүний эрхийг хангах зорилготойгоор нийслэлийн найман дүүрэг, 21 аймаг, хоёр сумдад нийт 31 салбарт 59 улсын өмгөөлөгчтэйгээр ажилладаг.

Өмгөөлөгчийн туслах эрүүгийн хэрэгт холбогдсон төлбөрийн чадваргүй сэжигтэн, яллагдагчид өмгөөллийн болон хууль зүйн зөвлөгөөг үнэ төлбөргүй үзүүлэх үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллаж байна.

 -Танай төвийн талаар иргэд, хэр мэдээлэлтэй байдаг вэ. Иргэдийн дунд үнэ төлбөргүй хууль зүйн туслалцаа авах эрэлт хэрэгцээ их байгаа харагддаг?

 -Манай байгууллагын жилийн эцсийн тайлан, мэдээнээс харахад, үнэ төлбөргүй хууль зүйн туслалцаа авсан үйлчлүүлэгчийн тоо жил тутам өссөн үзүүлэлттэй байгаа. Энэ тоон мэдээг харахад, эдийн засгийн хүндрэлтэй байдлаас амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой иргэдийн тоо өсөх хандлагатай байна.

2016 оны жилийн эцсийн тайлангаас харахад, иргэд манай төвийн чиг үүрэг, үйл ажиллагааны талаар илүү их мэдээлэлтэй болсон байна. Тухайлбал, нийт хууль зүйн туслалцаа хүссэн 2,600 орчим өргөдлийн 1,009 нь үйлчлүүлэгч болон түүний төлөөллийн хүнээс, 668 нь хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокуророос, 504 нь шүүхээс ирсэн байна.

Төвийн үйл ажиллагааг сурталчилж, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд 13,838 иргэнд хууль зүйн анхан шатны зөвлөгөө, мэдээлэл өгсөн байна. 2014 онд байгуулагдсанаас хойш гурван жилийн хугацаанд нийт 22,345 иргэнд хууль зүйн зөвлөгөө өгч, 7,261 хэргийн 8,393 холбогдогчид өмгөөллийн үйлчилгээ үзүүллээ. Дээрх тоон мэдээнээс манай байгууллагын эрэлт хэрэгцээ их байгааг харж болох байх. 

-Иргэн, захиргааны хэрэгт яагаад ордоггүй юм бэ? 

-Төлбөрийн чадваргүй яллагдагчид үзүүлэх хууль зүйн туслалцааны тухай хуульд зөвхөн эрүүгийн хэргийн холбогдсон сэжигтэн, яллагдагчид хууль зүйн туслалцаа үзүүлэхээр заасан байдаг. Иймд улсын өмгөөлөгч нь эрүүгийн хэргийн хохирогч, иргэн, захиргааны хэрэг, маргаанд оролцох боломжгүй байгаа юм.

Гэхдээ иргэн, захиргааны хэрэг маргаан, эрүүгийн хэргийн хохирогчид улсын өмгөөлөгчөөс үнэ төлбөргүй өмгөөллийн үйлчилгээ авах эрэлт хэрэгцээ байдаг нь иргэдээс манай байгууллагад хандан гаргасан өргөдөл, хүсэлт болон зорьж ирдэг иргэд нэлээд өндөр хувийг эзэлж байгаа.

Төлбөрийн чадваргүй яллагдагчид үзүүлэх хууль зүйн туслалцааны тухай хуульд 2017 онд шинэчилсэн найруулга оруулах талаарх суурь судалгаа хийгдэж эхлээд байна.

 -Албан байгууллага болгон өнгөрсөн оны ажлаа дүгнэж, ирэх онд хийх ажлын төлөвлөгөөгөө боловсруулсан байгаа шүү дээ. Хууль зүйн туслалцааны төв 2017 онд өдөр тутмын үйл ажиллагаанаас гадна ямар асуудалд анхаарч ажиллах вэ?

 -2017 оныг Хууль зүй, дотоод хэргийн салбар бүхэлдээ иргэдэд ойр, эрх зүйн үйлчилгээний жил болгон зарласан. Энэ хүрээнд ХЗДХЯ иргэдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх ажлыг шинээр зохион байгуулж, гэмт хэрэг, эрх зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын үр нөлөөг дээшлүүлэхэд анхаарч, орон нутгийн байгууллагуудтай хамтын ажиллагаагаа дээшлүүлж, эдийн засаг бизнесийн орчинд үзүүлэх хууль зүйн албаны үйлчилгээг чанарын шинэ шатанд гаргахаар зорьж байгаа билээ.

Хууль зүйн туслалцааны төвийн үйл ажиллагаа бол иргэдтэй хамгийн ойр хэрэгцээтэй үйлчилгээ тул цаашид байгууллагын үйл ажиллагаа, чиг үүргийг өргөжүүлэх хэрэгцээ шаардлага тулгарч байгаа. Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөөнд Нийгмийн зорилтот бүлгийн иргэдэд үнэ төлбөргүй хууль зүйн туслалцаа үзүүлэх эрх зүйн орчинг бүрдүүлэхээр тусгасан билээ.

Энэхүү зорилтыг хэрэгжүүлэхэд 2017 анхаарч ажиллаж, шаардлагатай тооцоо судалгааг чанартай хийж оновчтой хөтөлбөр саналыг боловсруулан ажиллах нь нэн тэргүүний зорилт болоод байна.

Зураг