Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/12/15-НД НИЙТЛЭГДСЭН

Хоёр ЭСЯ болон Осака, Хайлаар хотод суугаа Консулын газрыг татан буулгана

А.Төгөлдөр, iKon.mn
2016 оны 12 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Холбооны Бүгд Найрамдах Бразил Улсад суугаа  Элчин сайдын яам, Бүгд найрамдах Индонези Улсад суугаа Элчин сайдын яам, Япон Улсын Осака хотод суугаа Ерөнхий консулын газар, БНХАУ-ын Хайлаар хотод суугаа Консулын газрыг татан буулгах тухай УИХ-ын тогтоолын төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов.

Манай улсын иргэд цөөн тоогоор оршин суудаг, хоёр талын улс төр, хүмүүнлэгийн харилцаа сул, төрийн зарим үйлчилгээг цахим сүлжээгээр явуулах боломжтой гэж үзжээ.

Монгол Улсын 27 иргэн Бразилд, 25 иргэн Индонези Улсад байнга оршин суудаг. Хамгийн сүүлийн статистик мэдээнээс харвал манай улс Бразил Улстай 2 мянга гаруй, Индонези Улстай 12 мянган ам.доллартай тэнцэх худалдаа хийдэг байна.  

БНХАУ-д Монгол Улсын дипломат  төлөөлөгчийн дөрвөн газар ажиллаж байгаа тул тэдгээрээс Хайлаарын асуудлыг шийдэх, Осака хотод суугаа Ерөнхий консулын үүргийг Токио дахь Элчин сайдын яамнаас хариуцаж болно гэж Засгийн газар үзлээ.

Харин Монгол Улсын хүн ам олноор оршин суудаг, ажиллаж суралцдаг байдлыг харгалзан БНХАУ-ын Шанхай хотод Консулын газар шинээр нээж, Киргизийн Бишкек дэх Консулын газраа Элчин сайдын яам болгох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


Татан буугдах гэж буй ЭСЯ-дуудын тухай товч

УИХ-ын 2013 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн нэгдсэн чуулганы хуралдааны 43 дугаар тогтоолоор Индонезийн нийслэл Жакарта, Бразил улсын нийслэл Бразилиа хотод Элчин сайдын яам нээн ажиллуулахаар шийдвэрлэсэн.

 

Ингээд Индонез Улсад суух Элчин сайдаар Ш.Батцэцэгийг, Бразил Улсад суух Элчин сайдаар Ч.Сосормааг 2014 оны дөрөвдүгээр сарын 17-нд томилж байсан юм.