Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/12/01-НД НИЙТЛЭГДСЭН

С.Дэмбэрэл: Нийслэлийн ойролцоо газар хөдлөлтийн идэвхтэй зургаан бүс бий

Б.Заяа, Зууны мэдээ
2016 оны 12 сарын 1
Зууны мэдээ
Зураг зураг

Улаанбаатар хот орчимд газар хөдлөлтийн тоо нэмэгдэх болсон. Энэ талаар ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгийн захирал С.Дэмбэрэлээс тодрууллаа.

-Сүүлийн жилүүдэд Улаанбаатар хот орчмын бүс нутагт газар хөдлөлтийн тоо нэмэгдсэн гэх юм. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Улаанбаатар хот болон түүний орчмын бүс нутагт тохиож буй газар хөдлөлтийн тоо огцом нэмэгдсэн бөгөөд 2000-2016 оны хооронд Улаанбаатар хот болон түүний орчмын бүс нутагт газар хөдлөлтийн өндөр идэвхжилт ажиглагдах болсон. Нийтдээ магнитуд нь 0.1-5.2 хүчтэй 10,849 удаагийн газар хөдлөлт болоод байна.

Ялангуяа сүүлийн зургаан жилийн газар хөдлөлтийн статистик үзүүлэлтээс харахад жилээс жилд нэмэгдсээр байна. Үүнийг идэвхжилт эхэлсэн хугацаанаас өмнөх онуудтай харьцуулахад дунджаар 3-5 дахин ихэссэн үзүүлэлт гарсан байна.

Үүний зэрэгцээ тус бүс нутагт Улаанбаатар хотын оршин суугчдад мэдрэгдсэн хүчтэй газар хөдлөлт зургаан удаа болсон. Газар хөдлөлтийн тоо 2016 онд Улаанбаатар хот орчимд болсон нийт газар хөдлөлтийн 65 хувь нь буюу 740 газар хөдлөлт нь хотын баруун захад орших Эмээлтийн хагарлын дагуу болсон байна.

-Улаанбаатар хот орчмын идэвхжилтийг хэрхэн хянадаг вэ. Хамгийн өндөр идэвхжилтэй бүс хаана байдаг вэ?

-Улаанбаатар хотын хувьд 1994-2000 оны хооронд орчин үеийн өндөр технологийн газар хөдлөлт бүртгэх багаж төхөөрөмжөөр тоноглогдсон 15 станцыг Франц, АНУ-ын эрдэмтэдтэй хамтран суурилуулсан.

Мөн газар хөдлөлтийн идэвхжилт ажиглагдаж буй бүс нутгуудад ОХУ, Францын судлаачидтай хамтран судалгаа хийж Улаанбаатар хот орчимд газар хөдлөлтийн идэвхтэй зургаан хагарлын бүс байгааг тогтоосон. Тодруулбал, Эмээлт, Хустай, Авдар, Шархай, Мөнгөнморьт, Гүнж зэрэг газар байна.

2013 онд уг бүс нутагт хүчтэй газар хөдлөлтийн өмнө явагдах эвдрэл болон геофизик орны өөрчлөлтийг хянах зорилгоор геофизикийн иж бүрэн мониторингийн станцуудыг байгуулсан ба газар хөдлөлтийг бүртгэх 16 станц, хагарлын шилжилт хөдөлгөөнийг хянах GPS-ын долоон станц, газрын хэв гажилтыг тогтоох зургаан станц, дэлхийн соронзон орны гажилтыг хэмжих гурван станцыг тус тус ажиллуулж байна.

Түүнчлэн Франц болон ОХУ-ын эрдэмтэдтэй хамтран газрын гүний хийн ялгаралт буюу Радоны хийн ажиглалтын найман станц, хагарлын бүс дэх хүчдэлийн өөрчлөлтийг хянах нэг станцыг байгуулсан.

Зураг