Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/11/30-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.Жаргалантуул: Мөнгө нэхсэн багш нарт хариуцлага тооцно

Б.Туул
2016 оны 11 сарын 30
Зууны мэдээ
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Сурагчдын “татвар” буюу багш нарын хураадаг мөнгөний тоо сүүлийн үед нэмэгдэх хандлагатай байна гэж зарим эцэг, эхчүүд гомдоллож байна. Тиймээс мөнгө хураасан багшид ямар хариуцлага тооцох талаар Нийслэлийн боловсролын газрын Сургалт, арга зүйн хэлтсийн дарга Ц.Жаргалантуулаас тодрууллаа.

-Ангидаа сан бүрдүүлэх зорилгоор хүүхдүүд cap бүр 2,000-5,000 хүртэлх төгрөг нэхдэг. Үүнд нь эцэг, эхчүүд хэчнээн дургүйцсэн ч нэхсэн мөнгийг нь өгөөд явуулдаг гэж байна. Сургууль, цэцэрлэгийн хүүхдээс мөнгө нэхэх энэ асуудлыг ямар дүрэм, журмаар зохицуулдаг юм бэ?

-Нийслэлийн боловсролын газраас нэгдсэн зохион байгуулалттайгаар мөнгө хураахыг хориглосон байдаг. Тиймээс бид хаврын төгсөлтийн үеэр энэ асуудал дээр онцгой анхаарч зөвлөмж гаргадаг. Эрдмийн баяраа хэрхэн тэмдэглэх вэ гээд энэ асуудал дээр тодорхой хяналт тавьдаг.

Эцэг, эхчүүд өөрсдөө санаачлаад арга хэмжээ зохион байгуулж болно. Харин багш нарт, сургуульд нэгдсэн байдлаар аялалд явах зэрэг арга хэмжээ зохион байгуулах шaардлaгагүй гэж үзэж байгаа.

Тиймээс тухайн цэцэрлэг, сургуультай холбоотой асуудлаар Нийслэлийн боловсролын газар болон тухайн дүүргийн Боловсролын хэлтэст хандаж болно. Дүүрэг нь хариуцахгүй бол Нийслэлийн боловсролын газрын өргөдөл, гомдол хариуцсан ажилтанд хандаж болно. Мөн Засгийн газрын “11 11” төв рүү хандаж болно. Хамгийн гол нь бид ам дамжсан яриа, дам сургаар явж очоод шийдвэр гаргах боломжгүй. Баримт нотолгоотой зүйлүүдийг л үндэслэнэ.

-Өргөдөл гомдол, мэдээлэл өгсөн хүний нэр хаягийг нууцална биз дээ. Ер нь ямар хариуцлага тооцдог вэ?

-Хүмүүсээс их хэмжээний мөнгө хурааж аваад зарцуулсан нь манай шалгалтаар ороод тогтоогдсон, тухайн багшийг ажлаас нь чөлөөлсөн асуудал бий. Тэгэхээр хариуцлага тооцох механизм, тодорхой дүрэм журам бий гэдгийг эцэг, эхчүүдэд хэлмээр байна. Мэдээж, мэдээлэл өгсөн хүний нэр, хаягийг нууцална.

Зарим сургууль, цэцэрлэг дээр шалгалтаар яваад очиход хүүхдээ цэцэрлэгт оруулах гээд эцэг, эхчүүд хандив нэрээр мөнгө өгдөг. Түүнийгээ гарч ирээд мэдээлсэн байдаг. 

Тухайн ангийн багштай нь, эцэг, эхчүүд ярьж тохироод нэгдсэн журмаар зохион байгуулсан арга хэмжээ бол арай өөр хэрэг. Зарим сургууль, цэцэрлэг төсөв мөнгөний хүрэлцээгүй асуудал олон бий.

Энэ тохиолдолд багш нар эцэг, эхчүүдтэй нь тохироод, нийтээрээ нэгдсэн журмаар арга хэмжээ зохиосон байж болно. Хэрэв тийм биш бол мөнгө хураасан гэх санал гомдол, шаардлагатай мэдээллийг бидэнд хандаж болно.

Зураг