Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/11/24-НД НИЙТЛЭГДСЭН

Бага ангийн сурагчдыг амраая

Н.Батзаяа, Монголын мэдээ
2016 оны 11 сарын 24
Монголын мэдээ
Зураг зураг

Улаанбаатар хот олон янзын л нэртэй болж байх шиг байна. Нэг хэсэг Утаанбаатар гэх нэр зүүж байсан бол одоо Улаанбаатар мөсөн гулгуурын талбай боллоо гээд хэлчихэд хилсдэхгүй биз. Хаа, сайгүй л халтирч унасан хүн, гулгаанаас болж хоорондоо шүргэлдсэн машин тэрэг үзэгдэх болсон нь ийнхүү нэрлэхэд хүргэсэн.

Машин тэрэг шүргэлцэх ч яах вэ замын цагдаа, даатгалын газраа дуудаад хоорондоо учраа олох биз. Харин энэ халтиргаа, гулгаатай холбоотой хэлэх нэг зүйл байна. Хотын гудамж талбайд үүссэн мөс, хүн явахын аргагүй болтол гөлийсөн замын хохирогч нь хэн болж байна вэ гэвэл яалт ч үгүй иргэд.

Тэр дундаа бага ангийн сурагчид эрүүл мэнд, цаашлаад амь насаараа ч хохирох болов. Учир нь ГССҮТ-д өдөрт 300 орчим хүн ханддагаас 70 орчим хувийг нь зөвхөн халтирч унаад хөл, гараа хугалан бэртэж гэмтсэн хүмүүс эзлэх болсон гэнэ. Ялангуяа эмнэлгийн хүлээн авахад ирж буй иргэдийн ихэнх нь хүүхдүүд байгааг ч эмч, мэргэжилтнүүд хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан хэлээд буй.

Нөгөөтэйгүүр зам, талбай халтиргаа гулгаа ихтэй үед зам тээврийн осолд ихэвчлэн хүүхэд өртөх нь ихэсчээ. Өнгөрсөн Мягмар гарагт л гэхэд Toyota Prius-20 автомашины жолооч дунд сургуулийн сурагч есөн настай А, 13 настай Б нарын хоёр хүүхдийг мөргөж, гэмтээсэн байх юм. Энэ мэтчилэн нөгөө л халтиргаа, гулгаатай замын хохирогч нь багачууд болж байна.

Хүн бүр хүүхдээ асран хамгаалах, эрүүл аюулгүй орчинд амьдруулах үүрэгтэй. Тэгвэл энэ үүргээ ухамсарлаад ядаж бага ангийн сурагчдаа амраая. Тэртэй тэргүй хот өөрийн нөөц дэх сүүлийн 100 тонн давс, бодисоо цацахаа мэдэгдчихсэн юм чинь.

Хэрэв үнэхээр нийслэлийн хэмжээнд давс, бодис цацахаа больчих юм бол цаашид гудамж талбай, машин зам ямар болох нь ойлгомжтой. Одоо байгаагаасаа ч илүү дордоно гэсэн үг. Тэр үед бид мянга хүрз бариад ч мөснөөсөө салж дийлэхгүй биз. Ус, цаг уур орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс ч 100 жилд тохиогоогүй хүйтэн өвөл болно хэмээн анхааруулга, сэрэмжлүүлэг хүргэсэн. Энэ мэдээллээс харахад ес эхлэхээр улам л их цас орж, хүйтрэх нь тодорхой.

Тэгэхээр гарч болзошгүй аюулаас урьдчилан сэргийлж ядаж бага ангийн сурагчдыг амраая л даа. Ингээд бичихээр зарим хүмүүс “Юун сүртэй юм бэ. Манай улсад жил бүр л хүйтэн болж байдаг. Хүүхдүүд сургуульдаа явж л байдаг шүү дээ” хэмээн тайлбар хэлж магадгүй. Гэхдээ шөнөдөө -35 хэмээс хол давж байгаа нь бидний нүдэн дээр л ил байна.

Нэгэн жишээ дурдахад л нийтийн тээврийн 54 автобус хөлдсөн талаарх мэдээлэл сошиал ертөнцөд хөврөх болсон. Энэ нь ч үнэний ортой. Сүүлийн үед оройн 17:00 цагаас хойш нийслэлд нийтийн тээврийн үйлчилгээ зогссон гэхэд нэг их үнэнээс хол зөрөхгүй. Иргэд бараг 1-2 цаг гаруй буудал дээр хацар, амаа хайруулан байж автобусанд сууж байна. Хүлээлгэж, хүлээлгэж ирсэн автобус нь пиг дүүрэн хүнтэй, зарим нэг нь хүмүүсээ ч бүтэн суулгалгүй хаалгаа хааж аваад давхих нь энүүхэнд.

Тэгээд л багталгүй үлдэж хоцорсон хүмүүс дараагийн автобусыг иртэл дахиад цаг гаран хүлээнэ. Хамгийн гол нь тэр хүлээж буй хүмүүсийн дунд арван жилийн сурагчид олон байна гэдгийг энд онцолмоор байна. Тэр дундаа зарим бага ангийн сурагчдын хичээл өдөр орох нь бий. Мэдээж өдөр орсон ангиуд оройн 18:00 цагаас хойш тарна.

Тэгээд л халтирч унаж, хөл, гараа бэртээхээс эхлээд л машин доогуур орчих шахам байж автобусны буудал дээр иртэл явах унаа ч байхгүй орчинд л хүүхдүүд амьдарч байна. Олны олон дотор янз бүрийн амьдралтай, сэтгэхүйтэй хүмүүс бий. Зарим нь машинтайгаа ирээд хүүхдээ аваад явж байхад, зарим нь машингүй хэр нь хүүхдээ аваад хар хүйтэнд нийтийн тээвэр хайгаад явж байна. Зарим нь бүр хүүхдээ ч авахгүй, хүүхдүүд нь өөрсдөө гэртээ харьж байх жишээтэй.

Гэхдээ хүүхдүүд өөрсдөө гэртээ харьж байгаа нь олон болов уу. Хөдөө орон нутгийн сургуулийн хүүхдүүд ямар замыг туулан сургууль, цэцэрлэгийн бараа харж байгаа нь бүр ч ойлгомжтой биз. Бидний нүдэн хүүхдүүд ямар хүнд, хэцүү нөхцөлд сургуульдаа явж буй нь илт байхад бага ангийн сурагчдаа амраавал дээргүй юу.

Хэзээ хойно нь харамсаж суухын оронд өмнө нь урьдчилан арга хэмжээ аваач, БСШУС-ын сайд аа. Угаасаа зуны дэлгэр цагт олон сар амраадаг юм чинь түүнээсээ нэг сар сунгаж хичээллүүлээд, одоо ид хүйтэн 12-1 сар гартал амраачихвал аятай юу.

Зураг