Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/11/03-НД НИЙТЛЭГДСЭН

А.Эрдэнэбаатар: Хос бичигтэй болоход цахим хэл шинжлэл маш том ТҮЛХЭЦ болж өгнө

Г.Цэнд-Аюуш, iKon.mn
2016 оны 11 сарын 3
iKon.MN
 

Хэл бол тухайн улс үндэстний сэтгэлгээг хадгалж байдаг зүйл. Тиймээс ч хүн төрөлхтөн, аливаа улс үндэстэн өөрсдийн хэл соёлоо судлан шинжилж, хөгжүүлсээр ирсэн. Судалсаар ч байх болно. Харин орчин цагт үсрэнгүй хөгжлийг даган энэ салбарын судалгааг технологитой хослуулах зайлшгүй шаардлагатай юм.

Тиймээс бид "Эх хэлний цахим хөгжил"-2016 цахим хэл шинжлэлийн анхдугаар чуулган зохион байгуулагдаж буйтай холбогдуулан энэ салбарын судалгаа шинжилгээний талаар Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Мэдээлэл, Холбооны Технологийн Сургуулийн Компьютерийн Ухааны Салбарын эрхлэгч доктор, профессор А.Эрдэнэбаатар багштай уулзаж ярилцлаа. 


- Хүмүүс цахим хэл шинжлэлийг толь бичиг, орчуулга, хөрвүүлэг зэргээр төсөөлж байна. Ер нь энэ салбар хэр өргөн цар хүрээнд судалгаа шинжилгээ хийдэг юм бэ?

- Цахим хэл шинжлэл гэдэг бол их өргөн ухагдахуун. Цахим хэл шинжлэл гэхээр компьютер, мэдээлэл технологитой холбоотой гэдэг нь шууд ойлгогдоно л доо.

Гэхдээ үүний цаана “мэдээллийн технологи, компьютерийг ашиглан харилцааны хэрэглүүр болох хэлийг хэрхэн боловсруулах вэ” гэдэг асуудалтай холбогдох бүхэл бүтэн шинжлэх ухаан явж байгаа юм шүү дээ.
Жишээ нь, Автомат дүгнэлт гаргалт, Машины орчуулга, Эх хэлний загварын шинжилгээ, Оптик тэмдэгт таних, Яриа болон бичвэр хоорондын хувиргалт, Мэдээлэл гарган авах, Үгийн салаа утгыг таних гэх мэтчилэн цахим хэл шинжлэлд цаанаа маш олон зүйл байна.

Эдгээрээс "Машины орчуулга" гэхэд л хоёр өөр хэлтэй хүн утсаар ярихад дунд нь орчуулгын систем ажиллаж, шууд орчуулах түвшинд хүртэл хөгжчихсөн байна.

Өөрөөр хэлбэл, хоёр өөр хэлтэй хүн ярьж байлаа гэхэд заавал бие биенийхээ хэлийг мэдэх шаардлагагүй, дунд нь ажиллаж байгаа орчуулгын систем яриаг нь орчуулж өгөх боломжтой болчихсон байна. Үүнийг машин орчуулга гэж хэлээд байгаа юм.

Цаашлаад дүрс таних буюу оптик тэмдэг таних системийг ашиглаад гар бичмэлээр байгаа бичвэрийг зураг хэлбэрээр компьютерт оруулж, текст боловсруулах боломжтой. Энэ мэтчилэн нэлээд өргөн цар хүрээг хамарсан том салбар хурдацтай хөгжиж байна.

- Энэ салбар хөгжсөнөөр ямар ач холбогдолтой юм бол. Хөгжлийн ямар гарц бий болох вэ?

- Ерөнхийдөө хүмүүсийн хоорондын харилцааны хэрэглүүр болох хэлийг компьютерийн тусламжтайгаар боловсруулах нь маш олон талын ач холбогдолтой.

Бид дотоодын болон гадаадын ном зохиол, бүтээлийг үзэх шаардлагатай болсон тохиолдолд үүнийг цахим хэл шинжлэлийн тусламжтайгаар хөрвүүлж, орчуулаад, нийтэд хүргэж болж байна.

Ингэснээр мэдээж хөрөнгө мөнгө, цаг хугацаа, хөдөлмөр хөлсийг хэмнээд зогсохгүй эх хэлээ ч өв тэгш авч үлдэхэд гол түлхэц болох болно.​ Эх хэл дээр маань хэдий хэмжээний олон бүтээл, мэдлэг мэдээлэл бий болж, түүнийг ард түмэн уншиж судална тэр чинээгээрээ хэл мөнхөд орших болно.

Нөгөө талаас эртний түүхийн сурвалж, судар бичгийг уг эхээр нь хүн бүрт хүргэх нэгэнт боломжгүй. Тиймээс нийтийн хүртээл болгохын тулд цахим хэлбэрт хөрвүүлж болно.

Энэ тохиолдолд уншигчдын тоо тэр хэмжээгээр л нэмэгдэнэ шүү дээ. Тухайлбал, хүн бүр Алтан товчийг номын санд очоод уншиж чадахгүй. Тэгвэл Алтан товчийг цахим хэлбэрээр нийтэлсэн байхад хэн ч интернет ашиглаад ороод үзэх боломжтой болно шүү дээ.

Тэгэхээр энэ бүхэнийг мөн л цаагуураа цахим хэл шинжлэлтэй л холбогдох ажил байна л гэж ойлгох хэрэгтэй.

- Цахим хэл шинжлэлийн салбар хэзээнээс бий болж, судалгаа шинжилгээ хийж эхэлсэн юм бол. Манай улсын хувьд бид юунаас хоцроод байна?

- Ер нь цахим хэл шинжлэлийн түүхийг аваад үзвэл компьютер үүссэн цагаас, компьютерийг хүмүүс ажил амьдралдаа хэрэглэдэг болсон цагаас эхлээд л судалгаа шинжилгээ явагдаж эхэлсэн гэж хэлж болно. Монголд 1970-аад оноос судалгаа хийгдэж эхэлсэн.

 
Гэрэл зургийг mpa.mn

Цахим хэл шинжлэлийн цаана заавал тухайн орны эх хэлний асуудал яригддаг. Дэлхийн нийтийн харилцааны гол хэрэглүүр нь Англи хэл болчихсон байна. Тэр ч утгаараа Англи хэлтэй холбогдсон цахим хэл шинжлэл хамгийн өндөр түвшинд хөгжсөн.

Мөн үүнээс гадна дэлхийн олон улс оронд хэлэлцдэг Франц, Герман, Орос зэрэг хэлний цахим хэл шинжлэлийн судалгаа өндөр хөгжсөн байгаа. Монгол хэлний хувьд тэдгээртэй харьцуулахад доогуур боловч бүр ор хоосон биш юм.

- Сүүлийн үед түлхүү ямар судалгаа шинжилгээний ажил хийгдэж байна?

- Шинжилгээний чиглэлийн хувьд маш олон төрлийн судалгаа хийгдэж байна. Өнгөрсөн хугацаанд олон тооны судлаачид цахим хэл шинжлэлээр эрдмийн зэрэг хамгаалсан байна.

Цахим хэл шинжлэлийн судалгаа Монгол Улсын Их Сургууль, Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль болон Шинжлэх Ухааны Академи гэсэн гурван том судалгааны байгууллагад голлон явагдаж байгаа.

Эдгээр нь өөр өөрийн голлох чиглэлтэй. Тухайлбал, Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуульд хийгдсэн ихэнх судалгааны ажил дохио боловсруулалт ашиглан яриа таних, ярианы синтез гаргах чиглэлтэй байхад, Монгол Улсын Их Сургуульд эх хэлний загварын судалгаа буюу хэлний бүтцийн талын судалгааг түлхүү хийсэн байдаг.

Мөн Монгол Улсын Их Сургуульд 2007 онд “Компьютерийн хэл шинжилгээний судалгааны төв” байгуулагдсан. 2015 оноос “Цахим хэл шинжлэл” гэсэн бие даасан магистрын хөтөлбөр нээгээд байна.

Мэдээж хэрэг судалгааны ажлын үр дүнг дагаад толь бичиг, алдаа шалгагч, машины орчуулгын чиглэлээр олон тооны компьютерийн системийг хөгжүүлсэн.

Үүнээс гадна Монгол хэлний боловсруулалтанд уламжлалт болон кирил бичгийн үсгийн кодчилол чухал үүрэгтэйг тэмдэглэмээр байна.

Энэ хүрээнд бид кодчилолын олон улсын стандарт UNICODE болон MS Windows, UNIX төрлийн үйлдлийн системийн кодчилолд эх хэлний үсэг, тэмдэгтийг оруулж, үндэсний стандартыг боловсруулсан.

- Уламжлалт бичгийн кодчилол гэхээр 2025 онд хос бичигтэй болоход бэлтгэл ажил гэж ойлгож болох уу?

- Тийм.  Уламжлалт бичгээрээ бичдэг, уншдаг байна гэдэг бол Монгол хүнд байх ёстой нэг чанар. 2025 оноос хос бичигтэй болоход цахим хэл шинжлэл мэдээж маш том түлхэц болж өгнө.

Цахим хэл шинжлэлд нэвтэрснээр кирилээр бичсэн бичвэрийг Монгол бичигт хөрвүүлэх, Монгол бичгээр бичсэн бичвэрийг кирил бичигт хөрвүүлэх боломжтой. Тэгэхээр бид аль ч бичгээр ажил хэргээ хөтөлж явах боломж бололцоотой болж байна гэсэн үг шүү дээ.

Жишээ нь, “Болор толь”-д кирил үсгээр бичиж хайхад Монгол бичгээр бичих хэлбэр нь гарч ирдэг шүү дээ. Энэ нь нэг талаараа хос бичигтэй болоход бэлтгэх ажлын нэг байгаа юм.

- Тэгвэл цахим орчинд замбараагүй бичээд байгаа асуудлыг яаж зохицуулах вэ?

- Хэл их эвдэрч байна гэж ярьдаг. Ялангуяа мессэж бичихэд товчилж бичих, хязгаарлагдмал үгийн санд баригдах, үгсийн сангаа буруу гажуу хэрэглэдэг зэргээс болоод хэл эвдэрч байна.

Эх хэл дээр маань хэр олон бүтээл бий болно, тэр чинээгээр бидний хэл мөнхөд орших болно.

Харин хэлний боловруулалт хийснээр бичсэн текст, бичвэрийг утга найруулга, дүрмийн хувьд алдаатай байгаа эсэхийг тодорхойлж болно.

Тэр хэрээрээ тухайн хүнд бичвэрээ сайжруулах, алдаагаа засах боломжийг нээж өгнө.

Ийм ажил, судалгаа шинжилгээ хийгдэж байгаа. Бид “Эх хэлний цахим хөгжил”-2016 хурлын үеэр энэ тал дээр хийгдэж байгаа ажлуудыг танилцуулах болно.

- Энэ салбарыг хөгжүүлэхийн тулд залуу судлаачдыг бэлтгэх гэх мэтчилэн ямар ажлууд зохион байгуулах шаардлагатай вэ?

- Ерөнхийдөө цахим хэл шинжлэлийн судалгааны ажлууд их дээд сургуулиуд болон эрдэм шинжилгээний байгууллагуудын хүрээнд явагдаж байна.

Гэхдээ үүнийг төрөөс тодорхой хэмжээгээр дэмжих шаардлагатай.​ Дэлхийн бусад үндэстнүүдийн хувьд эх хэл, соёлоо хамгаалж үлдэх, цааш нь хөгжүүлэхийн тулд тодорхой төслүүдийг санхүүжүүлж, хэрэгжүүлдэг. Манайд энэ нь жаахан хомс байна.

Дээр хэлсэнчлэн шууд утсаар ярьж байхад орчуулгын систем ажиллаж байдаг технологийг хөгжүүлэхийн тулд маш их хөдөлмөр, судалгаа шинжилгээний ажил, хөрөнгө мөнгө шаардлагатай шүү дээ.

Нэгэнт бие даасан улс үндэстэн бол хэл гэдэг үүний чухал хэсэг. Тэгэхээр эх хэлээ хамгаалж, хөгжүүлэх энэ чиглэлийн ажилд дэмжлэг зайлшгүй хэрэгтэй.

Мэдээж дэмжлэг байхад эрдэмтэн, судлаачид олширч, компьютерийн системүүд, хэрэглэгдэхүүнүүд бий болох болно. Бид хөгжлөөс хоцрохгүй.

- Ярилцсанд баярлалаа.