Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/11/02-НД НИЙТЛЭГДСЭН

Есөн ач, зээгээ өсгөсөн 70 хүрч буй буурайг хүүхэд зарах гэж байна хэмээн гүтгэжээ

Г.Номин, iKon.mn
2016 оны 11 сарын 2
iKon.MN

Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл мэдээллийн төвөөс өнөөдөр мэдээлэл хийж, нялх хүүхдийг ганц шил архиар зарах гэж байна гэдэг нь ташаа мэдээлэл болохыг мэдэгдлээ.

 

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн ажилтан Ё.Лхагвасүрэн "2016 оны арваннэгдүгээр сарын 1-ний өдөр “Нялх хүүхдийг ганц шил архиар зарна гэв үү” гэх мэдээлэл олон нийтийн мэдээллийн сүлжээнд нийтлэгдсэн. Гэмт хэргийн шинжтэй уг мэдээлэл дээр цагдаагийн байгууллагын албан хаагчид түргэн шуурхай ажиллагаа зохион байгуулж, тухайн мэдээллийг тараасан болон мэдээлэлд дурдагдсан иргэнийг хайх, эрэн сурвалжлах ажиллагааг эхлүүлсэн. Тухайн мэдээлэлд дурдагдсан  иргэд мөн цагдаагийн байгууллагад хандсан байгаа.

Нялх хүүхдийг шил архиар солих гэж байна гэдэг нь ор үндэсгүй мэдээлэл. 

Нялх хүүхдийг шил архиар солих гэж байна гэдэг нь ор үндэсгүй мэдээлэл бөгөөд цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж, тухайн мэдээллийг тараасан иргэн, мэдээллийн сайтуудад арга хэмжээ авч ажиллана. Мэдээллийг анх тараасан этгээдийг хайх ажиллагаа явагдаж байгаа.

Уг хэрэг дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 111 дүгээр зүйлээр хэрэг үүсгэн СХД-ийн цагдаагийн хэлтэст шалгуулахаар материалжуулан ажиллаж байна" гэлээ.

Өнөөдрийн хэвлэлийн бага хуралд дээрх мэдээлэлд дурдагдсан иргэд ирж оролцсон юм. 

 

Охины ээж Д.Дэлгэрмөрөн "Манай аав 70 хүрч яваа хүн. Охиныг маань салхилуулаад гадаа явж байхад нь зургийг нь зөвшөөрөлгүй авч, ааваас юу ч асуугаагүй юм байж ташаа мэдээлэл олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цацлаа. Андуу мэдээлэл тарснаас болоод манайхыг таньдаг мэддэг хүмүүс, хамаатан саднууд маань утасдаж "Юу болж байна, яав аа" гэж байнга асууж байна. 

Аав минь архи уугаад байдаг ч хүн биш. Гэтэл хүний наймаанд сэрдэгдлээ. Тиймээс холбогдох байгууллагуудад нь хандаад байна. Ташаа мэдээлэл тараасан хүнд хариуцлага тооцуулна" гэв.

СХД-ийн иргэн О.Доржсүрэн гуайг долоон сартай зээ охиноо салхилуулаад дэлгүүрийн гадаа зогсож байхад зургийг нь авсан байна. Тухайн үед хэн ч О.Доржсүрэн гуайтай юм яриагүй гэдгийг тэрбээр хэлж байгаа юм. Есөн ач, зээгээ өсгөсөн тэрбээр "Би хүүхдүүдээ байнга л ингээд сугандаа хавчуулаад тэврээд өсгөлцсөн. Ийм юм болно гэж огт төсөөлж байсангүй. Ёстой эвгүй юм" хэмээн ярьж байлаа.