Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/10/13-НД НИЙТЛЭГДСЭН

Ашигт малтмалын лиценз болон ногоон хамгаалалтын хэсгийн давхцлыг ил болгоно

www.mongolianminingjournal.com
2016 оны 10 сарын 13
www.mongolianminingjournal.com
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

“Иргэдийн байгаль орчны мэдээлэл авах эрхийг баталгаажуулах нь” төслийн хүрээнд “Ил тод байдал сан” ТББ Монголын нутаг дэвсгэрийн хоёр хэсгийг загвар болгон сонгож байгаль орчны зураглал мэдээллийг олон нийтэд ил тод болгохоор ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, төслийн үр дүнд Тусгай хэрэгцээний газар нутаг, Усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ундны эх үүсвэрийн ариун цэврийн бүс, Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл зэргийг судлан эдгээр талбай нь бодит байдал дээр хэрхэн давхцаж буйг газарзүйн зураг дээр тодорхой харах боломжтой болох юм.  

Төслийг Нээлттэй Нийгэм Форум ба Дэлхийн нөөцийн хүрээлэн болон The Access Initiative хэмээх олон улсын байгууллагаас хамтран хэрэгжүүлж байгаа юм.  Төсөл ирэх оны эхний улирал гэхэд дуусна. Төслийн гол үр дүн нь иргэд оршин суугаа нутаг орныхоо байгаль орчны талаарх мэдээллийг хэрхэн олж авах, түүнийгээ хэрхэн ойлгох, ашиглах талаар аргачлалыг бий болгох явдал ажээ. 

Шинээр боловсруулах тэрхүү аргачлалыг Монгол орны хүн амын суурьшил, хүний үйл ажиллагааны сөрөг нөлөөлөлд хамгийн ихээр өртсөн Туул голын сав газарт хамаарах Төв аймгийн Заамар сум, түүний Хайлааст баг болон нийслэлийн Хан-Уул дүүргийн баруун хэсэг болох 12,13,14 дүгээр хорооны нутаг дэвсгэрийн жишээн дээр бүрдүүлэн харуулах аж.

 

Одоогоор Төв аймгийн Заамар суманд нийтдээ 116 ашигт малтмалын лиценз олгогдоод байгаа бол Хан-Уул дүүргийн 12, 13, 14 дүгээр хороонд 67 ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгогджээ. Заамар сумын тусгай зөвшөөрөл бараг бүхэлдээ алтны ашиглалтын лицензээс бүрдэж байгаа бол Хан-Уул дүүргийнх барилгын материалын ашиглалтын, цөөн хэдэн хайгуулын лицензээс бүрдэж байна. Төслийн үр дүнд эдгээр лицензийн талбай гол мөрний хамгаалалтын бүстэй хэрхэн давхцаж буйг харах, лицензийн эзэд зэрэг олон мэдээлэл ил тод болох юм.

 

Байгаль орчны тухай хуулиар Байгаль орчны мэдээллийн сан хэмээх асар том мэдээллийн бааз бий болсон ч иргэд үүнийг ашиглаж чаддаггүй, хэрхэн ашиглахаа ч мэддэггүй. Иймд байгаль орчны мэдээлэл, тэр дундаа зураглал хэлбэрийн ойлгомжтой, энгийн мэдээллийг бэлтгэн олон нийтэд хүргэх хэрэгцээ шаардлага зайлшгүй тавигдаж байна. 

“Ил тод сан”-гийн тэргүүн Д.Цэрэнжав “Бид жишээ болгож хоёр хэсэгт ашигт малтмалын лицензийн талбайн солбилцлыг нарийвчилсан байдлаар зураглал хэлбэрээр оруулж байгаа нь иргэдэд ихээхэн чухал мэдээлэл болно гэж найдаж байна. Учир нь орон нутгийн иргэдэд байгаль орчны мэдээлэл хэрэгтэй болох үед юун түрүүнд лицензийн мэдээлэл шаардлагатай байдгийг өөрсдөө ярьдаг. Үүнийг зураг хэлбэрээр мэдээлэх нь хамгийн үр ашигтай. Иймээс орон зайн зурган мэдээлэл оруулах хэрэгтэй гэж үзэн бэлтгэж байна. Иргэд тэмцээд байдаг. Гэхдээ тэдэнд яг тодорхой мэдээлэл байдаггүй.  Байгаль орчны тухай мэдээллийг ил тод, ойлгомжтой хэлбэрээр хүргэснээр, мөн хэрхэн энэ чиглэлийн мэдээллээ олж авах талаар иргэд олж мэдсэнээр байгаль орчин иргэдийн хамгаалалтад орох нөхцөл бүрдэнэ гэж бид үзэж байна.”

Төслийн үр дүнд мөн “Урт нэртэй хууль”-ийн хүрээнд хориглосон талбайн зураглалыг зурган мэдээлэлд нэгтгэн оруулж давхцал байгаа эсэхийг харуулах юм байна. Түүнчлэн лицензийн эзэд, аж ахуйн нэгжүүдийг тодорхой мэдээлэх тухай “Ил тод сан” ТББ-ын Гүйцэтгэх захирал Д.Цэрэнжав ярилаа.

Энэхүү төсөл нь Монгол Улсын нутаг дэвсгэрээс зөвхөн хоёр хэсэг газрыг жишээ болгон авч хэрэгжүүлж байгаа бөгөөд цаашид Монгол орны уул уурхайн голлох аймаг, сумдыг хамран ийм зурган мэдээлэл боловсруулах шаардлагатай нь илэрхий харагдаж байна. 

The Mongolian Mining Journal 2016.09 / 094

Зураг