Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/10/11-НД НИЙТЛЭГДСЭН

Массачусетс технологийн их сургууль хот төлөвлөлтөөр хамтран ажиллах санал тавилаа

С.Бадрал, iKon.mn
2016 оны 10 сарын 11
iKon.MN
Зураг зураг

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд Английн Массачусетс технологийн их сургуулийн /MIT/ төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Массачусетс технологийн их сургуулийн гадаад харилцааны асуудал хариуцсан захирал Бернд Виддинг “Бид Монголын их, дээд сургуулиудтай хамтран багш, судлаачдыг хөгжүүлэх, хот төлөвлөлт, бизнес эрхлэлтийг дэмжих төслийг хэрэгжүүлж байна.  Улаанбаатар хоттой хот төлөвлөлт дээр хамтран ажиллах саналтай байгаа юм. Ирэх оны хоёрдугаар сард өөрийн хотдоо хот төлөвлөлтийн талаар сургалт, судалгаа явуулахаар зорьж байна. Иймээс хамтран ажиллаж байгаа МУИС, ШУТИС болон Улаанбаатар хотын захиргаанаас хүмүүс оролцуулах сонирхолтой байна” гэлээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд “Улаанбаатар хот бол хөгжиж байгаа хот учраас энэ чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой байна. Олон жилийн дадлага, туршлагатай танай хоттой хамтран ажиллахдаа Улаанбаатар хотын зүгээс таатай байх болно.

Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөг шинэчлэн УИХ-аар батлуулсан. Хоёрдугаар сард зохиогдох сургалтад Улаанбаатар хотын зүгээс удирдах түвшний хүмүүсээ явуулж туршлага судлах болно” гэдгийг хэллээ гэж нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.