Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/10/11-НД НИЙТЛЭГДСЭН

Нийслэлчүүд өнтэй сайхан өвөлжих эсэх нь барилгын дулаан алдагдлаас нь хамаарна

ikon.mn
2016 оны 10 сарын 11
Барилга.МН
Зураг зураг

Нийслэл хотноо бүхэл бүтэн хагас зуун жилийг элээсэн 1,000 гаруй угсармал орон сууц бий. Энд чийгтэж, цантдаг, сийгдэг гэсэн асуудалд өвлийн туршид санаа зовнин суугаа нийслэлийн хүн амын 20 гаруй хувь нь буюу 45 мянга гаруй өрх айл амьдран сууж буй. 

Өнөөдрийг хүртэл эдгээр орон сууцанд их засвар хийж байгаагүй бөгөөд ашиглалтад ороод удсанаас хана, шал, таазны зай завсраараа багагүй хэмжээгээр дулаан алдаж, дулааны хувийн алдагдал норматив хэмжээнээс 35-40 хувиар нэмэгджээ. Үүн дээр мэдээж иргэдийн өөрсдөө вакуум цонх суулгах гэж гаргасан ханын зай завсар ч тооцогдоно.

ОСНААУГ-ын мэдээлснээр, хуучны угсармал орон сууц нийслэл хотын нийт орон сууцны 20 гаруй хувийг эзэлдэг хэр нь дулаантай холбоотой дуудлагын 60-70 хувийг дангаараа бүрдүүлдэг гэнэ. Гэсэн ч өвлийн улирал дуусахад энэ асуудал дахин өвөл болохгүй юм шиг мартагнадаг. 

2013 оноос эхлэн дулаан алддаг, цантдаг орон сууцнуудыг дулаалж, эрчим хүчний алдагдлыг бууруулах талаар эрчимтэй ярих болсон. Нийслэлээс болон НОСК-иас дулаалга хийх төсөл, хөтөлбөрүүдийг туршилт нэрийдлээр хэрэгжүүлж байгаа ч үр дүнгээ өгсөн нь хэдхэн барилга байна.  

Энэ төрлийн асуудал зөвхөн хэрэглэгчид, иргэдэд хүндрэл учруулж байгаа юм биш. Тиймээс Улаанбаатар хотын эрчим хүчийг хэмнэж, зохистой хэрэглээг бий болгохын тулд угсармал орон сууцыг дулаалах, техникийн шинэчлэл хийх зайлшгүй шаардлагатай.

Өөрөөр хэлбэл, улсын хэмжээнд ашиглагдаж байгаа угсармал орон сууцны барилгад нэгдсэн томоохон төсөл хэрэгжүүлэх шаардлага зүй ёсоор тавигдаж байна. Одоо хэрэгжүүлэхээр зэхэж байгаа хэд хэдэн ажлыг дурдъя.

Барилга Хөгжлийн Төвөөс “Угсармал орон сууцны барилгын дулаан техникийн шинэчлэл хөтөлбөр” төслийг боловсруулан ажиллаж байна.

Төсөлд тусгагдсанаар угсармал орон сууцны барилгын нэг өрхийг дунджаар 73 м2 талбайтай гэж тооцоолон, дулаан техникийн шинэчлэл хөтөлбөр хэрэгжүүлэхэд гарах зардал 15 сая төгрөг бөгөөд төсөлд хамрагдах нийт 67,212 өрхийн хувьд 1.03 их наяд төгрөг буюу 585 сая ам.долларын хөрөнгө санхүүжилтэд шаардагдах урьдчилсан тооцоо гарчээ.

Энэ ажилд:

  • Гадна фасадыг дулаалах, 
  • Вакуум цонх суурилуулах, 
  • Тагтыг шинэчлэх, 
  • Халаалтын цогц систем суурилуулах, 
  • Дээврийг дулаалж, их засвар хийх, 
  • Орцын засвар, тохижилт, 
  • Зоорийн давхрын тааз, хучилтыг дулаалах, 
  • Байрны дотор талын гол шугам сүлжээг шинэчлэх, 
  • Ус, дулааны тоолуур тоноглох гэх мэт ажлууд хийгдэх юм. 

Түүнчлэн нийслэлээс өнгөрсөн хавар хуучны орон сууцнуудыг шинэчлэн дулаалах ажлыг Новосибирск хоттой хамтран хийнэ гэсэн таатай мэдээллийг дуулгаж байсан. Зөвлөлтийн мэргэжилтнүүд барьсан гэдэг утгаараа ОХУ-ын барилгын компаниуд хуучин байруудын их засварыг хийхэд анх барьсан технологийг сайн мэдэх байх. 

Энэ мэт төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр хаа хаанаа зэхэж, бэлтгэж байгаа ч дулаалга хийх боломжтой зуны улирал хэдийн дуусч, иргэдэд бас нэгэн өвлийг өнтэй сайхан давах итгэл найдвар байхгүй боллоо.

Дараа жилийн зун цагт ажлаа амжуулахыг л харах үлдэж байх шиг байна. 45 гаруй мянган хүний сураг чагнан хүлээж буй гэдгийг нийслэл хотын захирагч та битгий мартаарай.

 

Эх сурвалж: БХТ, Орон сууц, нийтийн аж ахуйн хэлтэс

Зураг