Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/09/13-НД НИЙТЛЭГДСЭН

Нүүрсний үнэ өссөн ч ЗЭСИЙНХ БУУРЧ БАЙНА

Г.Төгс
2016 оны 9 сарын 13
www.mongolianminingjournal.com
Зураг зураг

Сүүлийн саруудад үнэ нь огцом өсөөд буй коксжих нүүрсний ханшийн хувьд үргэлжлэн өссөөр өнгөрсөн долоо хоногийн байдлаар Австралийн коксжих нүүрсний тонн тутмын үнэ 180 ам.долларт хүрч өсөөд байна.

Харин аж үйлдвэрийн голлох металын нэг зэсийн хувьд өчигдрийн байдлаар Лондоны металын бирж дээр нэг тонн нь 4,550 ам.доллартай тэнцжээ. Энэ нь сүүлийн гурван сарын хугацаан дахь хамгийн доогуур үнэд хүрсэн явдал боллоо. Зэсийн үнэ ийнхүү буурсан нь дэлхийн голлох эдийн засагтай улс орнуудын үзүүлэлт тааруу байгаатай холбон тайлбарлаж байна. Тухайлбал Германы экспорт өнгөрсөн долдугаар сард өмнөх оны мөн үеийнхээс 10%-иар буурснаас гадна Institute of Supply Management байгууллагаас гаргадаг АНУ-ын эдийн засгийн үзүүлэлтүүд 2010 оны хоёрдугаар сараас хойших хамгийн доогуур түвшинд хүрчээ.

Коксжих нүүрсний хувьд үнэ нь хурдацтайгаар дээшилж байгаа бөгөөд он гарсаар 136%-иар ханш нь өсчихөөд буйг хэвлэлүүд онцолж байна. Гэхдээ одоогийн үнийн өсөлт гэрээт нүүрсний борлуулалтын үнэд нөлөөлөхгүй бөгөөд өнгөрсөн сард globalCOAL нүүрсний худалдааны платформоор дамжуулан шууд худалдааны үнэ буюу өсөлттэй үнээр борлуулсан нүүрсний хэмжээ ердөө 510 мянган тонн байсныг Macquarie банк сануулжээ. Одоогоор зарим томоохон компанийн нүүрсний худалдааны үнэ ердөө хоёр оронтой тоонд хэвээр хадгалагдаж байгаа ажээ. Учир нь ихэнх нүүрсний худалдаа гэрээний үнээр хийгдэж буй тул гэрээ дуусах хүртэл нүүрсний үнийн өсөлтийг томоохон компаниуд хүртээгүй хэвээр байна.

Австралийн Macquarie банк коксжих нүүрсний үнэ оны сүүлийн улиралд эргээд буурах нь дамжиггүй гэж үзэж байгаа бөгөөд зах зээлд үүсээд буй одоогийн үнийн савлагаа нь нүүрс худалдан авагч талуудын түр зуурын сандралаас үүдэлтэй гэж тайлбарлажээ. Гэхдээ тус банк оны сүүлийн улирлын гэрээт үнэ дор хаяж 120 ам.доллар/тонн болж өснө гэж таамаглажээ.   CRU зах зээл судалгааны байгууллагын хувьд ч одоогийн үнийн өсөлтийг удаан үргэлжилнэ гэж харахгүй байгаагаа мэдээлжээ.

Коксжих нүүрсний үнэ ийнхүү өсч байгаа нь Хятадын дотоодын нүүрсний уурхайгаа хаах Засгийн газрынх нь бодлого болон ажиллах өдрийн тоог эрс цөөлсөн арга хэмжээтэй холбоотой гэж шинжээчид тайлбарлаж буй. Үүнтэй холбоотойгоор тус улсын нүүрсний импортын хэмжээ нэмэгдэх нөхцөл бүрдсэн бөгөөд өнгөрсөн наймдугаар сард Хятад 26.6 сая тонн нүүрс импортолсон нь өмнөх оны мөн үеийнхээс 52%-иар өссөн дүнтэй байна.

Зураг