Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/08/05-НД НИЙТЛЭГДСЭН

Эхийн голд 44 хэм хүрч халлаа

Г.Сайнзаяа, Засгийн газрын мэдээ
2016 оны 8 сарын 5
Засгийн газрын мэдээ
Зураг зураг

Монгол орны дийлэнх нутгаар халуун өдрүүд үргэлжилж буй. Долоодугаар сарын 30-наас эхэлсэн хэт халалт хамгийн ихдээ Эхийн голд 44 хэм хүрсэн аж. 

Энэ талаар Ус цаг уур, орчны шинжилгээний хүрээлэнгийн Урьдчилан мэдээлэх төвийн дарга Л.Оюунжаргал Дэлхий даяар цаг агаарын хэм олон жилийн дунджаас дээшилсэн. Дулааны урсгал дэгдэж буйтай холбоотой манайд ч халах үзэгдэл гарч байгаа. Гэхдээ манайд харьцангуй хур тунадас ихтэй зун болж байна. 

Одоогийн дулаарал ч тийм онц ноцтой үзэгдэл биш. Долоо болон наймдугаар сард болдог л зүйл” гэв. Одоогийн цаг агаарын төлөвөөс үзвэл олон жилийн дунджаас 2.1 хэмээр дулаан байна. 

Маргааш буюу наймдугаар сарын 5-наас эхлэн цаг агаар сэрүүсэж, хэвийн болох аж. Монгол орны зун харьцангуй хур тунадастай болж өнгөрсөн бол олон улсад байдал ямар байна вэ.

Дэлхийн цаг уур судлалын байгууллага болон АНУ-ын тусгай агентлаг хамтран Кувейтэд агаарын хэм 54 хүрсэн талаар судалж байна. Энэ нь Ази тивд рекорд тогтоосон байж магадгүй гэж тэд таамаглаж буй. Тодруулбал, агаарын хэм Митрабах, Кувейтэд 54, Иракийн Басра хотод 53.9, Өмнөд Мароккод 47 хүрч халжээ.

Өнгөрсөн долоо хоногт дэгдсэн дулааны урсгалд Ойрхи Дорнод болон Африкийн олон орон өртөж аюултай хэмжээнд хүртэл халсан юм. Тус бүсэд нутаглаж буй дүрвэгчид халуун цаг агаарт хамгийн их хохирол амссан. Цаашид ч байдал хүндэрч магадгүйг Дэлхийн цаг уур судлалын байгууллагаас мэдээллээ.

Хэт халуун зун болж байгаатай холбогдуулан ОХУ-ын Арктикт "Сибирийн яр” гоц халдварт өвчин тархжээ. 

Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын төвийн болон зүүн бүсийн нутгаар агаарын хэм 35-38 хүрчээ. Зарим бүс нутагт 46 хэм давж халсан байна.

Долоодугаар сарын 22-нд эхэлсэн дулааны урсгалын улмаас дэлхий даяар 124 сая хүн аюултай нөхцөлд байв. Хачирхалтай нь, энэ үеэр шөнийн дулааны хэм ердийнхөөс бага байсан нь хэт халалтыг намдаасан тухай мэргэжилтнүүд онцолж байна.

Өнгөрсөн жилийн рекордыг давж, эх дэлхий маань түүхэн дэх хамгийн халуун зургаан сарыг туулав. Тухайлбал, нэгдүгээр сараас зургаадугаар cap хүртэлх цаг агаар олон жилийн дунджаас өндөр, дэлхийн ихэнх далай, хөрсний гадаргууг хамарчээ.

Харин Монголд гурав, дөрөвдүгээр сард олон жилийн дунджаас дулаан, тавдугаар сард харьцангуй сэрүүн байсан тухай Урьдчилан мэдээлэх төвийн дарга Л.Оюунжаргал өгүүллээ.

Цаг уурын өөрчлөлтийн талаарх Засгийн газар хоорондын Ажлын хэсэг энэ зуунд халууны урсгал үргэлжлэн нэмэгдэх төлөвтэй байгааг хэлсэн.

Хэт халуун зун болж байгаатай холбогдуулан ОХУ-ын Арктикт "Сибирийн яр” гоц халдварт өвчин тархжээ. Салехард хотын эмнэлэгт дээрх өвчнөөр 90 хүн хэвтэн эмчлүүлж байгаа бол 12 настай хүү таалал төгссөнийг ТАСС агентлагаас мэдээлэв. Түүнчлэн эл өвчнөөр 2,300 цаа буга үхсэн байна.

Дэлхийн дулаарал сэрүүн бүсийн нутгуудад хэрхэн хортой нөлөө үзүүлж буйн илрэл нь энэ. Дулаан агаараас болж Сибирийн хөрс дэх цэвдгийн давхарга хайлж байгааг ОХУ дахь Дэлхийн байгаль хамгаалах сангийн эрдэмтэн Алексей Кокорин хэллээ. 

Улмаар Арктикийн гүехэн хөрсөн дэх хүн, малын цогцос ил гарч, халдварт өвчин дэгдэхэд хүргэсэн гэж эрдэмтэд таамаглаж буй. Тэнд агаарын хэм бүтэн сарын турш 35 хүрсэн нь тун ховор үзэгдэл аж. “Сибирийн яр” өвчин тархсаныг ийнхүү дэлхийн дулааралтай холбосон ганц хүн нь Кокорин биш. Тус бүс нутгийн захирагч мөн адил тайлбар өгсөн юм.

Москвачууд ч дулааны урсгалыг мэдэрч, сүүлийн 137 жилд үзэгдээгүй халуун долоодугаар сарыг барав. Тухайн сард агаарын хэм 20.9 хүрсэн нь дунджаас 2.7 хэмээр өндөр үзүүлэлт ажээ.

Энэ мэтчилэн олон улсад хэт халснаас үүдэлтэй хохирол их байгаагийн дотор хүний амь эрсдэх тохиолдол нэмэгдэж байгааг НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах Ажлын хэсгээс сэрэмжлүүллээ. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын тусгай төлөөлөгч Роберт Глассер “Ази болон Европт халууны урсгалаас болж өнгөрсөн онд хэдэн мянган хүн амиа алдсан. Ийм уй гашууг дахин үзэх гээгүй л бол дэлхийн халуун бүсэд амьдарч буй сая сая хүнд анхааруулж, зөвлөх хэрэгтэй.

Дашрамд дурдахад, 2005-2014 онд 25 орчим удаа дулааны урсгал дэгдэж, долоон мянга гаруй хүн нас баржээ. Өнгөрсөн жилд л гэхэд Францын 3,275, Энэтхэгийн 2,248, Пакистаны 1,229 хүн хэт халуунд амиа алдсан юм.

Сонирхуулахад, дэлхийн хамгийн халуун өдөр 1913 оны долоодугаар сарын 10-нд Калифорнид тохиож байжээ. Тэр өдөр агаарын хэм 56.7 хүрсэн гэдэг.

Зураг