Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/23-НД НИЙТЛЭГДСЭН

“Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр”-ийг танилцуулах уулзалтад урьж байна

ikon.mn
2016 оны 5 сарын 23
iKon.MN
 

Эдийн засгийн түншлэлийн тухай Монгол Улс ба Япон Улс хоорондын хэлэлцээр 2016 оны зургаадугаар сарын 7-ны өдрөөс хүчин төгөлдөр хэрэгжиж эхлэхтэй холбогдуулан хэлэлцээрийн талаар дэлгэрэнгүй ойлголтыг хувийн хэвшлийнхэнд хүргэх уулзалтыг МҮХАҮТанхим болон холбогдох төрийн байгууллагууд болох АҮЯ, ГХЯ, ХХААЯ, ГТЕГ хамтран зохион байгуулах тул бизнес эрхлэгч та бүхнийг оролцохыг урьж байна.

Энэхүү хэлэлцээрийн зорилго нь хоёр улс хоорондын худалдаа, хөрөнгө оруулалт, аж үйлдвэрийн салбарын нэмүү өртөг шингээсэн экспорт, валютын орлого зэргийг нэмэгдүүлэх, японы тарифын болон тарифын бус саад тотгорыг багасгах, худалдааг хөнгөвчлөх, гаалийн бүрдүүлэлтийг хялбаршуулахад оршиж байгаа юм.

Хэлэлцээр нь нийт 17 бүлэг, 10 хавсралттай бөгөөд хэлэлцээрээр барааны худалдаа, гарал үүслийн журам, гаалийн горим, эрүүл ахуй, ургамлын эрүүл ахуй, худалдаан дахь техникийн саад тотгор, үйлчилгээний худалдаа, хөрөнгө оруулалт, бизнесийн орчинг сайжруулах, оюуны өмч, цахим худалдаа, өрсөлдөөний бодлого, маргаан шийдвэрлэх, ерөнхий болон төгсгөлийн зүйл, хамтын ажиллагаа, хувь этгээдийн шилжилт хөдөлгөөн, Засгийн газрын худалдан авалт зэрэг 17 тодорхой асуудлыг зохицуулж байна.

Монгол Улсаас Япон улс руу 5,700, Япон улсаас Монгол Улс руу 9,300 нэр төрлийн бараа гаалийн татварын хөнгөлөлттэй нөхцлөөр экспорт болон импортоор орж ирэх боломжтой боллоо.

Монгол Улсын хувьд анхны эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр тул энэхүү хэлэлцээрийг үр дүнтэй чадварлаг ашиглахад холбогдох төрийн байгууллагууд болон хувийн хэвшлийн хамтын ажиллагаа ихээхэн чухал юм.

Уулзалт: 2016 оны тавдугаар сарын 26-нд 10-13 цагт МҮХАҮТ-ын үзэсгэлэнгийн зааланд болно.
Хаяг: Хан-Уул дvvрэг, 1 дvгээр хороо, Махатма Гандийн гудамж, МVХАVТанхимын 307 тоот
Утас: +976-328878,96630777, 99072685, 91919396, 99019086
Е-Майл: export@mongolchamber.mn

ЭКСПОРТЫГ ДЭМЖИХ ХӨГЖҮҮЛЭХ ГАЗАР