Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/23-НД НИЙТЛЭГДСЭН

СБД-т иргэдийн баяр боллоо

Сүхбаатар дүүрэг
2016 оны 5 сарын 23
Сүхбаатар дүүрэг
 

Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас дөрөв дэх жилдээ зохион байгуулж байгаа "Бид сайн сайханд дагуулна" уриатай иргэдийн баярын өдөрлөг амжилттай болж өнгөрлөө.

Дүүргийн Засаг дарга Д.Бадарсангийн санаачилгаар зохион байгуулж байгаа энэ арга хэмжээ нь дүүргийн бизнес эрхлэгчид, их дээд сургууль, соёл урлагийн байгууллагуудын үйл ажиллагааг дэмжих, бүх төрлийн үйлчилгээнд найрсаг харилцаа, хандлагыг төлөвшүүлж, хотын соёлыг дэлгэрүүлэх, төрийн үйлчилгээг иргэдэд нээлттэй хүргэх, хууль тогтоомжуудын хэрэгжилтийг хангах зорилготой юм.

Энэ жилийн иргэдийн баярыг Монгол Улсын Соёл Урлагийн Их сургууль, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газартай хамтран гудамжны баяр хэлбэрээр Бээжингийн гудамжны баруун уулзвараас хүнсний 4 дүгээр дэлгүүрийн урд уулзвар хүртэлх Бага тойруугийн хэсэгчилсэн авто замд зохион байгууллаа.

Иргэдийн баярын өдөрлөг Батлан хамгаалах их сургуулийн Цэргийн хөгжмийн сургуулийн хүндэтгэлийн маршаар эхэлж, оюутан залуусын флаш моб хэмнэл дунд баярын парадаар үргэлжилсэн юм.

 

Энэхүү өдөрлөгийн арга хэмжээнд дүүргийн ИТХ-ын дарга Б.Ган-Эрдэнэ, дүүргийн Засаг даргын Хот, нийтийн аж ахуй, тохижилтын асуудал хариуцсан орлогч Л.Амарзаяа, Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Х.Болормаа, Засаг даргын зөвлөх Р.Оргил, Засаг даргын Тамгын газрын дарга Д.Баасанбат, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Шударга Өрсөлдөөн Хэрэглэгчийн төлөө газрын дарга Д.Мөнхтөр, Монгол Улсын Соёл Урлагийн Их сургуулийн Нийгмийн түншлэл, бүтээлч үйлдвэрлэл эрхэлсэн дэд захирал Ч.Бат-Эрдэнэ нарын албаны хүмүүс болон Сүхбаатар дүүргийн иргэд, аж ахуй нэгж байгууллагын төлөөлөл оролцов.

"Бид сайн сайханд дагуулна" уриатай иргэдийн баярын өдөрлөгийн үеэр татвар, нийгмийн даатгал болон нийгмийн халамж, Өмч, газрын харилцаа, эрүүл мэнд, хог тээврийн үйлчилгээ, орон сууц нийтийн аж ахуй гээд төрийн бүх төрлийн үйлчилгээний талаарх зөвлөгөө, мэдээлэл, урлаг, соёлын арга хэмжээ, спортын уралдаан тэмцээнийг иргэдийнхээ дунд зохион байгууллаа. Урлаг, соёлын арга хэмжээг мэргэжлийн урлагийн байгууллага, иргэдийн, оюутны хэсгүүдэд хуваан уран бүтээлийн шилдэг тоглолтууд, МХО-ны авьяаслаг хүүхдүүд болон дүүргийн 1-20 хорооны иргэдийн урлагийн тоглолтыг иргэдэд толилуулав.

 

Мөн дүүргийн нутаг дэсгэрт үйл ажиллагаа явуулдаг ИДС-иудын оюутны урлагийн наадмын шилдэг үзүүлбэрүүд олны талархлыг хүлээж байлаа. Түүнчлэн боловсролын салбараа төлөөлж дүүргийн зарим цэцэрлэгийн багш, хүүхдүүдийн хамтарсан уран бүтээлийн үзэсгэлэнг дэлгэн үзүүлэв. Мөн өдөрлөгт оролцогч байгууллагуудын урамшуулалттай болон хямдралтай худалдаа, олон үндэстний хоолны үйлчилгээ зэрэг арга хэмжээг зохион байгуулсан нь иргэд амралтынхаа нэг өдрийг ая тухтай өнгөрөөх боломжийг олгосон сайхан арга хэмжээ боллоо. 

Өдөрлөгийн төгсгөлд дүүргийн Засаг даргын нэрэмжит талархал, батламжийг иргэдийн баярыг дэмжиж, хамтран оролцсон Монгол Улсын Соёл Урлагийн Их сургууль, Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их сургууль, Монголын хүүхдийн ордон, Монгол Улсын Соёл Урлагийн Их сургуулийн Оюутны холбоо, Бигүрү ХХК буюу NAMASTE ресторан зэрэг байгууллагуудад гардуулав.