Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/02/16-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол Улсын интернэтийн үйлчилгээнд хийсэн ХЭМЖИЛТИЙН ДҮН

Б.Дөлгөөн
2016 оны 2 сарын 16
iKon.MN
 

Монгол Улсын Харилцаа Холбооны Зохицуулах Хороо нь өргөн зурвасын өндөр хурдны интернэтийн үйлчилгээний чанарын судалгааг Самнөүз компаниар хийлгэсэн тайлангаас танилцуулж байна. 

Уг тайланг 2015 оны 08-р сарын 01-нээс 2015 оны 11-р сарын 30-ны хооронд хэмжсэн хэмжилтийн утгуудад үндэслэн боловсруулсан аж.

Мэдээллийн эх сурвалж: Харилцаа Холбооны Зохицуулах Хороо


 

1. Дотоод хамгийн их болон хамгийн бага ачаалалтай цагууд дахь хурд

интернэтийн үйлчилгээ эрхлэгчдийн нэгээс бусад нь гэрээлсэн хурднаас хамгийн багадаа 3 дахин өндөр хурдаар интернэтийн үйлчилгээг хүргэж байна.

Мобинет ХХК-ийн хувьд гэрээлсэн хурднаас 23 дахин өндөр хурдыг өгч байна. Түүнчлэн ихэнх интернэтийн үйлчилгээ эрхлэгчдийн хувьд хэмжилтийг оргил болон хамгийн бага ачаалалтай цагуудад хийснээс үл хамааран үзүүлэлт нь тогтвортой байна.

Харин Сансар интернэт ХХК-ийн интернэтийн хурд нь гэрээлсэн хурдандаа хүрэхгүй байв. 

 

2. Гадаад хамгийн их болон хамгийн бага ачаалалтай цагууд дахь хурд

Энэ графикаас үйлчилгээ эрхлэгчид гэрээлсэн хурдаа 100% өгч байна гэж үзэж болохоор байна.

Мобинет болон МЦХ ХК-ийн компаниудын хувьд хамгийн бага ачаалалтай цагуудад хурд нь 100%-c өндөр хувьтай байна.

Ихэнх үйлчилгээ эрхлэгчдийн хувьд хамгийн бага болон их ачаалалтай цагууд дах хэмжилтийн утгууд харьцангуй ойролцоо байсан боловч МЦХ ХК-ийн хувьд 40%-р, Скаймедиа ХХК-ийн хувьд 36%-р тус тус үзүүлэлт буурсан нь харагдаж байна.

Скаймедиа ХХК-ийн хувьд хамгийн их ачаалалтай цагуудад хурдны үзүүлэлт маш бага буюу 54,81% - тэй байв. 

 

3. Дотоод болон гадаад мэдээлэл татах бодит хурд 

 

 

4. Дотоодын байршуулах хурдыг хамгийн өндөр болон бага ачааллын үеэр интернэтийн үйлчилгээ эрхлэгч нэг бүрийн мэдээлэл байршуулах хамгийн өндөр хурдны хувиар илэрхийлэв.

Сансар интернэт ХХК нь зарласан хурдандаа хүрсэн интернэтийн үйлчилгээг (94%) үзүүлж чадахгүй байгаа нь харагдаж байна.

Харин Мобинет ХХК хамгийн өндөр гүйцэтгэлтэй буюу ойролцоогоор сурталчилсан хурдаасаа 25 дахин илүү хурдтай үйлчилгээг үзүүлсэн байна.

МЦХ ХК-ийн мэдээлэл байршуулах хурд оргил ачааллын үеэр 243%-иас 61% болтлоо огцом буурсан үзүүлэлттэй байна. 

 

5. Оргил болон бага ачаалалтай цагууд дах гадаад байршуулах бодит хурд

Дотоод байршуулах хурдны хувьд МЦХ ХК оргил ачааллын үеэр 84%- иас 64% болтлоо буурсан байна.

Ситинет ХХК-ийн хувьд мөн хурдны үзүүлэлт оргил ачаалалтай цагаар буурсан байгаа боловч хамгийн бага ачаалалтай үед өөрийн сурталчилсан хурдны 178%-тай тэнцэхүйц хурдаар үйлчилгээгээ хүргэсэн байна. 

 

6. Дотоод болон гадаад мэдээлэл байршуулах хурд

Мэдээлэл татах хурдны хувьд Мобинет ХХК-ийн дотоод болон гадаад байршуулах үйлчилгээ хамгийн их зөрүүтэй байна.

Скаймедиа ХХК болон Юнивишн ХХК-ийн хувьд дотоодын гүйцэтгэл нь гадаад талаас илүү сайн байна.

Харин Ситинет ХХК-ийн хувьд мэдээлэл татах тал дээр дотоодын хурд нь гадаад хурдаас нэлээд өндөр байсан бол мэдээлэл байршуулах тал дээр дотоод болон гадаад хурдны гүйцэтгэл ойролцоо байгаа нь сонирхол татаж байна.

Сансар интернэт ХХК-ийн хувьд дотоод болон гадаад гүйцэтгэлийн хувьд адилхан үзүүлэлттэй байна. 

 

7. Хамгийн бага болон их ачаалалтай үеийн дотоод сүлжээнд хийх холболтын хоцролт

Хэмжилтээс Ситинет, Мобинет, Скаймедиа болон Юнивишн ХХК-иудын хувьд уг үзүүлэлт 5 миллисекундээс бага байгаа нь интернэтийн үйлчилгээг FTTP технологийн тусламжтайгаар хүргэж байгааг илтгэж байна.

Харин МЦХ ХК, Сансар интернэт ХХК-иудын хоцролт нь харьцангуй өндөр буюу 18-28 миллисекунд байна.

Энэ нь интернэтийн үйлчилгээг DSL-д суурилсан технологи ашиглан хүргэж байгааг харуулж байна. Хэдий нөхцөл байдал ийм байдалтай боловч интернэтийн хэрэглэгчээс дотоод (local) сүлжээнд хийх холболтын хоцролт нь хүлээн зөвшөөрөгдөх түвшинд байна. 

 

8. Хамгийн бага болон их ачаалалтай үеийн улс хоорондын сүлжээн дэх холболтын хоцролт

Уг графикт ихэнх үйлчилгээ эрхлэгчдийн ачаалал багатай үеийн хоцролт 182-196 миллисекунд байсан бөгөөд уг дүн ачаалал ихтэй цагуудад маш бага хэмжээгээр нэмэгдсэн байв.

Гэвч МЦХ ХК-ийн хувьд ачаалал бага үеийн хоцролт 239 миллисекунд, ачаалал их үеийнх нь 247 миллисекунд байв.

Энэ нь бусад үйлчилгээ эрхлэгчидтэй харьцуулахад ойролцоогоор 20%-иар өндөр байв. Тус компанийн хувьд нэмэлтээр ADSL-ийн ашиглалтын байдлыг авч үзэхэд сүлжээн дэх хоцролтод нөлөөлөхөөр байсангүй.

Энэ нь МЦХ ХК-ийн гадаад холболт хийх зам (route) нь бусад өрсөлдөгч компаниудынхаас өөр байгааг харуулж байна. 

 

9. Хамгийн бага болон их ачаалалтай үеийн дотоод сүлжээн дэх багцын алдагдал

Ихэнх үйлчилгээ эрхлэгчдийн хувьд ачаалал бага үеэр багцын алдагдал маш бага байгааг харуулж байна.

Харин Скаймедиа ХХК дунджаар 1.6%- ийн алдагдалтай байгаа бөгөөд энэ нь дотоодод хийж байгаа хэмжилтийн хувьд багцын алдагдал нилээд өндөр байна гэсэн үг юм. Улмаар ачаалал нэмэгдсэн цагуудад багцын алдагдал 4% гаран хувьд хүрч байна. Энэ тохиолдолд вэб хуудсыг ачаалахад мэдэгдэхүйц удааширна. Хэдийгээр энэ нь цөөн тооны оролцогчдоос авсан үр дүн тул тооцохгүй орхиж болох боловч бусад интернэтийн үйлчилгээ эрхлэгчидтэй харьцуулахад Скаймедиа ХХК-ийн хэрэглэгчдийн хувьд багцын алдагдлын түвшин өндөр байгаа нь харагдсан.

Бусад үйлчилгээ эрхлэгчдийн хувьд багцын алдагдлын түвшин ачаалал их болон бага аль ч үед харьцангуй тогтмол байв.

Харин Юнивишн ХХК-ийн хувьд багцын алдагдал ачаалал багатай үед 0.44% байснаас ачаалал нэмэгдсэн цагуудад 0.99% болж өссөн нь анхаарал хандуулах хэрэгтэйг харуулж байна.

 

10. Хамгийн бага болон их ачаалалтай үеийн улс хоорондын сүлжээн дэх багцын алдагдал

Гадаад талдаа багцын алдагдал дотоодын түвшнээс багагүй өндөр байгаа нь байвал зохих хэмжээнд байгааг харуулж байна.

Энэ нь нийт интернэтийн үйлчилгээ эрхлэгчдийн хувьд гадаад холболт дээрх ачаалал хэвийн байгааг дахин баталж байна. Гэвч энд Скаймедиа ХХК-г дахин онцлох шаардлагатай. Учир нь гадаад сервер дэх багцын алдагдал нь дотоод сервер дэх алдагдлаас илт бага байна.

Ерөнхийдөө өмнөх дүр зурагтай адил ачаалал бага байхад багцын алдагдал өндөр байгаа бөгөөд ачаалал нэмэгдэхэд энэ түвшин нилээд нэмэгдэж байгаа нь харагдаж байна.

Дотоод болон гадаад серверүүд дэх хэмжилтийн дүнгээс харахад Скаймедиа ХХК-ийн түгээх сүлжээнд асуудал байна гэж үзэхээр байна.

Скаймедиа ХХК-иас бусад үйлчилгээ эрхлэгчдийн хувьд багцын алдагдал ачаалал их болон бага аль ч цагуудад маш бага байна. Энэ тохиолдолд эцсийн хэрэглэгчдийн хүлээн авч буй үйлчилгээнд мэдэгдэхүйц нөлөө үзүүлэхгүй. 

 

11. веб хуудсыг ачаалах хугацаа

Бүх үйлчигээ эрхлэгчдийн хувьд Google рүү хандах хурд хамгийн хурдан (0.3-0.8 сек) байсан бол Caak.mn руу хандах хурд хамгийн удаан (3.3-22.4 сек) байв.

Гэвч Google нь АНУ-д байрлалтай Америк компани бол харин Саак нь Монголд байрлалтай Монгол компани гэдгээрээ энэ үр дүн сонирхолтой байж магадгүй юм.

Бодит байдал дээр Google нь google.mn вэб хуудсыг Монгол Улсаас ажиллуулдаг (иймд энэ нь дотоодын урсгал юм) тул вэб хуудас нь хурдан ачааллагдаж байна.

Нөгөө талаар Саак.mn веб хуудсыг Монгол Улсаас ажиллуулдаг ч уг сайт нь их хэмжээний зурган мэдээлэлтэй тул контентийг ачаалахад хугацаа их шаарддаг байна.

Google, Facebook, Twitter-ийг ачаалах гүйцэтгэл ерөнхийдөө ижил байсан бол Ikon.mn, Caak.mn вэб хуудсуудыг ачаалах хугацаа ихээхэн зөрүүтэй байв. Сансар интернэт ХХК- ийн хувьд дээрх хоёр вэб хуудсыг хамгийн удаан ачаалж байсан бөгөөд тус тус 13.1 сек, 22 сек зарцуулж байв.

Энэ нь магадгүй Сансар интернэт ХХК нь өөрийн дотоод мэдээлэл татах (download throughput) хурданд хязгаар тогтоож байгаа цор ганц үйлчилгээ эрхлэгч учир ингэж гарсан байж магадгүй юм.

 

12. Ачаалал ихтэй үед вэб хуудсыг ачаалах хугацаа

Ихэнх үйлчилгээ эрхлэгчдийн хувьд оргил ачаалалтай цагуудад вэб хуудас ачаалах хугацаа 10-20%-иар ихэсэж байна.

Харин Скаймедиа ХХК-ийн хувьд оргил ачаалалтай үед Google- г ачаалах хугацаа 50%, Twitter-г ачаалах хугацаа 29%-иар тус тус нэмэгдсэн байв.

Энэ нь ачаалал ихтэй цагуудад Скаймедиа ХХК-ийн багцын алдагдлын түвшин өсдөгтэй холбоотой.

Ситинет ХХК-ийн хувьд ачаалал ихтэй цагуудад вэб хуудас ачаалах хугацаа нь бага зэрэг буурсан үзүүлэлт харагдаж байна. Гэвч Ситинет ХХК-ийн маш цөөн хэрэглэгч хэмжилтэд хамрагдсан тул үр дүн нь төдийлөн хангалттай байж чадахгүй байна.

Иймд веб хуудас ачаалах хугацаанд гарч буй өөрчлөлт нь алдаатай байх магадлалтай. Веб хуудас ачаалахад 20+ сек зарцуулна гэдэг олон хэрэглэгчдийг бухимдуулах нь дамжиггүй юм. Гарсан үр дүнгээс дүгнэхэд томоохон веб компаниуд (Google, Facebook, Twitter г.м) өөрийн вебийн дэд бүтцэд их хэмжээний хөрөнгө оруулалт хийдэг нь тодорхой үр ашгаа өгдөг гэдгийг харуулж байна.

Энэхүү хэмжилтийг УБ, Франкфурт болон Лос Анжелес-д байршуулсан сервэрүүдэд хийгээгүй, харин үйл ажиллагаа явуулж байгаа веб хуудсуудад хийсэн гэдгийг дахин хэлэх нь зүйтэй.

 

13. Уoutube-с буфер хийхгүй үзэж болох видео контентийн хамгийн өндөр хурд

Ситинет, Мобинет болон Юнивишн ХХК-иудын хувьд дунджаар 3.82 Mbps хурдтайгаар видеог дамжуулж байгаа нь youtube-ийн хамгийн өндөр хурдтай видео контент буюу Уoutube-с буфер хийхгүй үзэж болох видео контентийн хамгийн өндөр хурд 16 4.3Mbps хурдад дөхсөн байна.

Гэвч ADSL дээр суурилсан үйлчилгээтэй МЦХ ХК, Сансар интернэт ХХК-иудын хувьд уг хэмжээ маш доогуур буюу 2.72 Mbps болон 1.24 Mbps тус тус байна.

Скаймедиа ХХК-ийн хувьд мөн адил бусад үйлчилгээ эрхлэгч компаниудаас доогуур буюу дөнгөж 3.08 Mbps байна. Энэ нь багцын алдагдлаас шалтгаалж байх магадлалтай.

Эдгээр үр дүнгээс харахад дотоод урсгал саадгүй байх нь хэрэглэгчийн урсгалд ихээр нөлөөлдөг болох нь харагдаж байна.

Ситинет ХХК-гийн хувьд гэхэд зөвхөн 1 болон 2 Mbps багцтай хэрэглэгчид хэмжилтийн түүвэрт хамрагдсан.

Гэхдээ эдгээр хэрэглэгчдийн Youtube-ээс үзэж байгаа видео контентийн хурд дунджаар 3.82 Mbps байгаа нь бусад гадаад урсгалууд шиг хязгаарлалт Youtube дээр байхгүй байгаа нь харагдаж байна. 

Судалгааны дэлгэрэнгүй тайлантай танилцахыг хүсвэл ЭНД дарна уу...