Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/05/04-НД НИЙТЛЭГДСЭН

“Онлайн ч бай, онлайн биш ч бай эрх чөлөөний асуудлууд нийтлэг байх ёстой”

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2015 оны 5 сарын 4
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Б.Бямба-Очир /mpa.mn/

“Онлайн эрх чөлөө” эвслийн сайд нарын тавдугаар хурал үргэлжилж байна. Нэгдсэн хуралдаанууд онлайн эрх чөлөөний эвслийн үйл ажиллагааг сайжруулах, улс төрийн бодлогын асуудлыг боловсронгуй болгох зэрэг сэдвээр өрнөж байна. 

Хуралдааны модератороор ЮНЕСКО-ийн ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Гутачев Энгида, панелистаар АНУ, Латви, ТББ, Өмнөд Солонгос, Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн төлөөлөгчид оролцож байна. 

Хөтлөгчийн зүгээс интернэтэд чиглэсэн улс төрийн бодлогын асуудлыг хэрхэн сайжруулах тал дээр оролцогчдыг саналаа хэлэхийг хүслээ. 

Латви улсын ГХЯ-ны зөвлөх Викторс Макаровс

Интернэтийн эрх чөлөө саналаа илэрхийлэх, үгээ хэлэх үндсэн эрхийн нэг юм. Бодлого хаанаас гарах ёстой вэ гэвэл гурван зүйлээс гарна. Нэгдүгээрт дэд бүтцээ сайжруулах. Технологийн боломжуудыг ашиглаад интернэтийг хэрхэн ашиглах вэ, инновацийг яаж хөгжүүлэх вэ, эдийн засгаа яаж хөгжүүлэх вэ гэх мэт. Хоёрдугаарт зохицуулалтын асуудал. Интернэт чөлөөтэй байгаа нөхцөлд хувь хүний нууц, дата аюулгүй байдлыг хангах зэрэг асуудал чухал. 

Онлайн ч бай, онлайн биш ч бай эрх чөлөөний асуудлууд нийтлэг байх ёстой. Мөн интернэтийн потенциалын ардчиллыг бэхжүүлэх тал дээр хэрхэн ашиглах вэ гэдгийг ярилцах ёстой. Ард иргэд интернэтийг ашиглан дуу хоолойгоо нэгтгэх, төр засагтаа хүргэх тал дээр боломжоо ашиглах хэрэгтэй гэсэн санал байна. Латви улсын хувьд интернэтийн бодлогын тал дээр олон талын оролцоог хангах зарчмыг эхнээсээ барьж эхэлсэн.

Нийгэмдээ зөвшилцөлд хүрэхэд интернэтээр хэлэлцэх аргыг ашиглаж байна. Ардчиллыг хөгжүүлэхэд интернэтийн боломж тус дөхөмтэй гэдгийг ойлгох хэрэгтэй. Мөн төрийн үйлчилгээг онлайн хэлбэр оруулаад олон нийтэд хүргэх тал дээр Латви улс нэлээн сайн ажилласан. Банкны гүйлгээний 90-ээс дээр хувь нь онлайнаар явагдаж байгаа гэсэн тоо баримт бий. 

Өмнөд Солонгосын төлөөлөл профессор Пак

Хүмүүс түүхийг ялагчид бичдэг гэж ярьдаг. Тэгвэл ялагдсан хүмүүс хэн байсан юм бэ. Өмнөд Солонгосын Засгийн газар хэвлэл мэдээлэл дээр хатуу бодлого баримталж байсан түүх байдаг. Түрүүний тавьсан асуултын хариулт гэвэл ялагдагчид жиргэх, интернэтэд пост хийдэг болжээ.

Бид интернэтийг хүйтэн хэрэгсэл байгаасай гэж бодож байна уу халуун хэрэгсэл байгаасай гэж бодож байна уу гэсэн санаа 1960-аад оноос гарсан. Мэдээллийг цаг алдахгүй хүргэх тал дээр интернэт чухал гэдгийг хүлээн зөвшөөрсөн. 
Өмнөд Солонгост “Интернэтэд жинхэнэ нэрээ тавих тухай” хууль гэж гарч байсан. Өөрөөр хэлбэл санал бодлоо чөлөөтэй илэрхийлэхдээ заавал нэрээ тавих ёстой байсан учир хүмүүс их эсэргүүцсэн байдаг. 

Интернэт бол чөлөөт зах зээл гэдэг сонгодог утгатай ойролцоо орчин. Мэдээлэл авах, үг хэлэх эрх, оюуны өмч зэрэг олон асуудлаар зохицуулалт хийх шаардлагатай. Интернэтийг хүмүүс аюултай гэж ойлгодог. Бусад хэвлэл мэдээллийн хэрэгсэл дээр хуулиар зөвшөөрч байгаа зүйлийг интернэтэд яагаад зөвшөөрч болохгүй гэж гэсэн асуудал гарч ирж байна. Гомдол маргаан гарсан нөхцөлд хүмүүс уурлаж, бухимдах нөхцөл гардаг.

Энэ нөхцөл байдлыг ашиглаад интернэтийг хаах, хязгаарлах сонирхол улс төрчдөд их байдаг. Арилжааны байгууллагуудын хувьд маркетингийн судалгаагаа интернэт хуудсаараа дамжуулж авч байна. Эдийн засгийг хөгжүүлэхэд интернэтийн үүрэг их болсон байна. 

Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн нарийн бичгийн дарга Мариа Лейсснер

Онлайн саналаа илэрхийлэх эрхийг нь хязгаарласан хуулиудыг нэлээн олон орон баталж, хэрэгжүүлээд байна. Онлайн харилцаан дээр улс төрийн мэдэгдэл хийсэн шалтгаанаар нэлээн олон хүнийг баривчилсан тоо баримт судалгаан дээрээ харагдаж байна. Эрх чөлөө дутагдвал онлайн эрх чөлөөг хязгаарлах хандлага ажиглагдаад байна. 

Виртуал ертөнцөд арилжааны тоглогчдын эзлэх байр суурь их өссөн байна. Мөн эмэгтэйчүүдийн эрхийн асуудал болон интернэт. Эмэгтэйчүүдэд бэлгийн заналхийлэл тулгарч байгаа. Хэдэн сарын өмнө Грекийн алдарт сэтгүүлч ажлаасаа татгалзахаар шийдсэн байсан. Учир нь тэр хүнийг эмэгтэй гэдэг утгаар нь заналхийлсэн, доромжилсон хандлагууд их ирдэг байж.

Тиймээс бид онлайн соёлын асуудал дээр ярих хэрэгтэй. Онлайн эрх чөлөөний асуудал дээр бодлого хэрэгтэй. Эс бөгөөс сөргөөр ашиглах хандлага их байна.