Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/05/04-НД НИЙТЛЭГДСЭН

"20 жилийн дараа Монгол Улс програм хангамжийн чиглэлээр тэргүүлнэ гэж харж байна"

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2015 оны 5 сарын 4
iKon.MN

Монгол Улс 2014-2015 онд “Онлайн эрх чөлөө” эвслийг тэргүүлж байгаатай холбогдуулан зохион байгуулж буй эвслийн сайд нарын Тавдугаар бага хурал Төрийн ордны их танхимд өнөөдөр нээлээ. Хоёр өдрийн турш үргэлжлэх хуралдаанд 60 гаруй орны 300 гаруй төлөөлөгч оролцож байна. 

Гэрэл зургийг Б.Бямба-Очир  / mpa.mn /

 

Бага хурлын нээлтийн дараа эвслийн үйл ажиллагааны тайланг танилцуулах, улс орны интернет бодлогын асуудлаарх нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанд Норвегийн Гадаад хэргийн яамны Хүний эрх, эрх чөлөөний асуудал хариуцсан төлөөлөгч хатагтай Ингрид Моллестад илтгэл танилцууллаа. 

Тэрбээр илтгэлдээ “Дэлхий нийтийн хэмжээнд эрх чөлөөтэй холбоотой хүндрэл бэрхшээлүүд нэлээн гарч ирж байна. Жишээ нь сэтгүүлчдийн шоронд оруулах. 

Ардчиллын үнэт зүйлсийн төлөө энэхүү эвслийг байгуулж хамтран ажиллаж байгаа явдал нь гишүүд бидний хувьд хамтран ажиллах боломжийг бүрдүүлж байна. Талууд интернэттэй холбоотой асуудлыг шийдвэрлэх боломжийг энэхүү эвсэл бидэнд олгож байна. 
Аливаа үйл ажиллагааг явуулахдаа эрх зүйн орчинд оновчтой шийдвэрийг явуулах ёстой. Аюулгүй байдлын төлөө гээд хүний эрх чөлөөг хязгаарласан шийдвэрийг гаргаж болохгүй.

Интернэт бол нийгэм, эдийн засгийн хөгжил, хүний хөгжлийн томоохон талбар болж байна. Норвеги улсын хувьд Засгийн газрын зүгээс контентод хяналт тавих гэхээсээ илүү чөлөөт хэвлэлийг дэмжсэн ямар бодлоготой байвал зохимжтой вэ гэдгийг ярьж байгаа. Сэтгүүлчдийн аюулгүй байдлыг эхний ээлжинд тавих ёстой гэж бодож байгаа” гэв.

 

Шведийн Гадаад Хэргийн Яамны хүний эрх хариуцсан Элчин сайд Густаф Линд

“Хэвлэлийн эрх чөлөө эвслийн хувьд 2011 онд байгуулагдсанаас хойш дөрвөн жилийн хугацаанд үйл ажиллагаа явууллаа. Энэ дөрвөн жил хамтран ажиллах, ярилцах боломж олгосон жилүүд байлаа. Интернэтийг хүний эрхийн талбар болох тал дээр шинэ санаануудыг бид гаргасан байдаг.

Төр засгийн газрын зүгээс интернэттэй холбоотой асуудал дээр эдийн засгийн хөгжлийн талбар болж байгаа ойлгож байгаа. Гэхдээ энэ нь хүний эрхийн талбар байх ёстой. Инновацийг бий болгох, ядууралтай тэмцэх үйл ажиллагаа интернэтийн боломжийг ашиглаад эрчимжих боломжтой. Интернэтэд сөрөг асуудлууд байгаа ч энэ бүхнийг шийдвэрлэхдээ бүтээлчээр, хүний эрхийг дээдэлсэн байх ёстой.

Олон улсын түвшинд хийж байгаа ажлуудыг харахад эрх зүйн орчноо цаг алдалгүй боловсронгуй болгох ёстой гэж харагдаж байна. Шведэд энэ зорилгоор ажлын хэсэг байгуулагдсан. Мөн жендерийн асуудал дээр ч бас зарим асуудлуудыг шийдвэрлэх боломж байна гэж харж байгаа. Интернэтэд эмэгтэйчүүдийн дуу хоолойг бататгах, эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхэд хийх ажлууд их байгаа. Интернэтийг анх энх тайван, эрх чөлөөний төлөө байгуулагдсан учраас цаашдаа энэ үүргээ гүйцэтгэх ёстой” гэв. 

Ирландын Гадаад Хэргийн Яамны Хүний эрхийн асуудал хариуцсан захирал Николь Маннион

“Онлайн эрх чөлөөний асуудал дээр Ирланд улс эвслийн үүсгэн байгуулагч орны нэг болохын хувьд энэ тал дээр иргэний нийгмийн оролцоог сайжруулах шаардлагатай гэж харж байгаа. Интернэт бол ард иргэдийн хувьд мэдээлэл авах гол эх үүсвэр болж ирсэн байна.

Улс орнууд үүнд тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхийн тулд эрчимтэй ажиллах ёстой. Аливаа орнуудын Засгийн газар шударга байх ёстой. Үгээ хэлэх эрх чөлөөг онлайн ертөнцөд хангах нь зохицуулалтаас шалтгаалах учир зохицуулалтын орчинг бүрдүүлэх нь бидний хувьд чухал юм”

ЮНЕСКО-ийн Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Гетачев Энгида 

“Монгол Улсын Засгийн Газрын зүгээс энэхүү эвслийн зорилго, зорилтыг дэмждэг нь харагдаж байна. Эвслийг даргалж байгаа Монгол Улсад баяр хүргэе. 

Онлайн эрх чөлөөний эвсэл энэ чиглэлээр хийгдэж буй ажилдаа нэлээн өндөр байр суурийг эзэлж байгаа нь харагдаж байна. ЮНЕСКО-ийн Ерөнхий Ассамблей 2013 онд хуралдсан. Тэр хуралдаанаас ЮНЕСКО онлайн эрх чөлөөний асуудлаар ажиллах нь зүйтэй гэсэн дүгнэлтэд хүрсэн. Хүний эрхийг хангахын тулд интернэтийг ашиглах хэрэгтэй гэдэгт бид санал нэгдсэн. 

Бид бүгд гишүүн улс орнууд, судлаачид, хувийн хэвшил, ТББ, төрийн байгууллагуудтай энэ асуудлаар зөвлөлдөж ирсэн. Цаашид ЮНЕСКО-ийн үйл ажиллагаанд бидний ярьж буй олон зүйлс тусгалаа олох ёстой. Өнөөдрийн хуралдааны санаанууд ч тусгалаа олно гэдэгт итгэлтэй байгаа. 

Гишүүн орнууд интернэттэй холбоотой дүрэм журам, зохицуулалт дээрээ хоорондоо туршлага солилцох хэрэгтэй байна. ЮНЕСКО-ийн зүгээс энэ жил гурван судалгааны ажлыг нэгэн зэрэг хийж байна. Судалгаандаа гуч орчим асуудлаар улс орнуудыг үнэлж байна. Манай зүгээс интернэтийн хувьд улс орнууд ижил тэгш байр суурьтай байх ёстой гэж үздэг”. 

Хуралдааны нээлтийн үйл ажиллагааг дүгнэж Монгол Улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үг хэллээ. Түүний хэлсэн үгнээс онцлох эшлэлийг хүргэж байна.

 

 

  • Монголчууд яагаад энэ талаар санаа зовох ёстой вэ гэвэл энэ бидний хувьд үнэхээр чухал. Буухиагаар мэдээллийг хүргэх энэ систем Монгол Улсад эзэнт гүрний үеэс байсан. Энэ тогтолцоог анх бий болгосон ийм эх оронд онлайн эрх чөлөөний асуудлыг ярих нь цагаа олсон хэрэг юм. 
  • Монгол Улс онлайн эрх чөлөөний орон гэдгийг та бүгд мэдэрнэ. Дахин хэлэхэд манай хувийн хэвшлийнхэн, технологийн салбарт ажилладаг байгууллагуудын төлөөлөлтэй та бүхэн хамтран ажиллаасай гэж хүсч байна. 
  • Миний төсөөлж байгаагаар 20 жилийн дараа Монгол Улс програм хангамжийн чиглэлээр тэргүүлнэ гэж харж байна. 
  • Онлайн эрх чөлөөний эвсэл цаашдаа байнгын ажлын албаа Улаанбаатар хотод байгуулахыг санал болгож байна. 
  • НҮБ-ын бүх гишүүн улс орнууд хэдэн жилийн дараа энэ эвслийн гишүүн болох боломжтой гэж бодож байна.