Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/05/04-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.Элбэгдорж: Хүний эрх, эрх чөлөөний хүрээнд интернэтийг хааж хязгаарлах биш, улам нээлттэй хөгжүүлэх нь зөв

President.mn
2015 оны 5 сарын 4
President.mn
Зураг зураг
Гэрэл зургийг Б.Бямба-Очир /mpa.mn/

Монгол Улс “Онлайн эрх чөлөө” олон улсын эвслийг тэргүүлж байгаа билээ. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газраас уг эвслийн Сайд нарын 5 дугаар бага хурлыг Улаанбаатар хотод зохион байгуулж байгаа. 

Төрийн ордонд болсон уг хурлын нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцож үг хэллээ. Тэрбээр  “Онлайн эрх чөлөө” олон улсын эвслийн Сайд нарын 5 дугаар бага хурлыг улсынхаа нийслэлд хүлээн авч байгаад их баяртай байгаагаа үгийнхээ эхэнд тэмдэглэв. 
Монгол Улс “Онлайн эрх чөлөө” олон улсын эвслийн эгнээнд багтаж, эвслийг тэргүүлж, энэ чухал арга хэмжээг зохион байгуулж байгааг тэрээр үнэллээ. Монгол Улс 3 сая хүн амтай. Интернэт хэрэглэгчдийн тоо 2 саяд хүрсэн. Гар утас хэрэглэгчид давхардсан тоогоор 5 сая байдгаас 1.8 сая нь ухаалаг систем хэрэглэгчид гэдгийг тэрээр онцоллоо.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ердөө 20-25-хан жилийн өмнө ярьдаг утас маш ховор, гадаад орнуудтай юм уу орон нутагтай холбоо барихын тулд хөдөө бол аймгийн шуудан дээр, нийслэлд бол Төв шууданд очиж дугаарлан ярьдаг байсныг дурсаад сүүлийн богино хугацаанд Монголд онлайн систем асар хурдтай нэвтэрч монголчууд ийнхүү хүн амаасаа олон гар утастай болсныг хуралд оролцогчдод сонирхуулсан юм. Тэрбээр өөрөө малчны гэрт төрсөн, эмч хэрэгтэй боллоо гэхэд хоногийн 24 цагт ч хөтөлгөө мориор явж эмчид дуудлага хүргэдэг байсныг мөн дурслаа.

Тэгвэл одоо дэлхий бүхэлдээ өөрчлөгдөж байна. Ганцхан хормын дотор 500 мянган мэдээ, мэдээлэл солигдож, 47 сая богино мессеж солилцож, 400 мянган твиттер, 4.3 сая фейсбүүк мессежийг бичилцэж байна.

160 сая ам.долларын өртөг бүхий гүйлгээ Амазон.комоор хийгдэж байна. Мөн 138 мянган видео бичлэг юүтүбт орж байна. Энэ бол гайхамшиг гэдгийг тэрбээр үгэндээ онцлов.

Мөн онлайн эрх чөлөө бол дэлхий нийтийн хэрэглээ боллоо. Онлайн эрх чөлөө нь бүх нийтийн үнэ цэнэтэй хэрэглээ болж чадлаа. Үүний зэрэгцээ цахим мэдээллийн аюулгүй байдлыг хангах нь  маш чухал. Хэдийгээр нээлттэй улс, нээлттэй засаг байгаа боловч аюулгүй байдлыг хангаагүйгээс сөрөг талууд гардаг.

Онлайн эрх чөлөө бол хүний эрх, эрх чөлөөний хамгийн чухал зүйл болоод байна. Бид үүнийг ойлгох ёстой. Түүний зэрэгцээ онлайн ертөнцөөс үүдэлтэй олон асуудал гарч ирж байна. Монгол Улсад интернэтийн эрх чөлөө, ил тод байдал бий болсонтой холбоотойгоор хүнийг гутаан доромжлох, гүтгэх хандлага гарах тохиолдол байдаг.

Гэлээ ч гэсэн олон улсын жишиг, хүний эрх, эрх чөлөөний хүрээнд интернэтийг хааж хязгаарлах биш, улам нээлттэй хөгжүүлэх нь зөв гэж бодож байна. Тиймээс интернэт хэрэглэж байгаа хувь хүмүүс хариуцлагатай, ёс зүйтэй байх нь хамгийн чухал. Та интернэт, твиттер, фейсбүүкт тавьсан мэдээллийнхээ төлөө хариуцлагатай байх ёстой. Түүнийг чинь хүүхдүүд, бусад хүмүүс бас бусдад дамжуулж түгээдгийг бодолцох ёстой.

Онлайн эрх чөлөөг хөгжүүлэх нь Засгийн газраас шалтгаалах зүйл биш, бие хүмүүсээс өөрсдөөс нь шалтгаалах зүйл юм. Засаг, төрийн үйл ажиллагаанд хүмүүсийн дуу хоолой, чөлөөт сэтгэлгээг оруулах нь зөв юм. Хүмүүс эрх чөлөөг эдлэх тусам илүү бүтээлч байж чаддаг. Илүү бүтээлч болсноороо илүү хариуцлагатай байж чадна. Өнөөдрийн хүмүүс маш олон мэдээлэл дундаас ихийг олж мэдэж, мэдээлэлтэй болох тусам илүү үнэ цэнэтэй болж байна.

Ямар ч Засгийн газар хүмүүсийнхээ төлөө илүү хариуцлагатай байх ёстой. Тиймээс эрх чөлөөт төрийг эрхэмлэх нь хамгаас чухал. Ингэснээр иргэд үнэтэй болно. Ардчилал бол суралцах процесс юм. Иргэд хардах, шүүмжлэх эрхтэй, Тэглээ гээд тэдний эрхийг зөрчиж, хязгаарлаж болохгүй. Иргэд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, эвлэлдэн нэгдэх эрхтэй. Энэ нь ардчилсан нийгмийн онцлог давуу тал юм.

Одоо бидний өмнө сорилт тулгарч байна. Өнөөдөр гар утас, нийгмийн харилцаа, олон нийтийн мэдээллийн сүлжээ зэрэг нь нийгмийг хөдөлгөөнд оруулахад хялбар дөхөм болгож байна” гэлээ. Үүндээ тэрбээр “Арабын хавар” зэрэг сүүлийн үеийн хөдөлгөөнүүдээс иш татав.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үгэндээ 1989-1990 оны ардчилсан хөдөлгөөний манлайлагч, удирдагчдын нэг байснаа мөн дурслаа. Тэр үед Монголд ганц телевиз, 6 сонин, хэдхэн тооны сэтгүүл байсан. Социализмын үед улсыг засаглахын тулд хэвлэл, мэдээллийг нь барьж байх хэрэгтэй байсан. Одоо тийм боломжгүй болсон. Ердийн иргэн хүн өөрийн твиттер, фейсбүүк,  олон нийтийн мэдээллийн сүлжээгээрээ дамжуулаад өөрийн хэвлэх, нийтлэх орон зайтай болсон. Олон мянган жилийн түүхтэй төр гэдэг уламжлалт сэтгэлгээ өнөөдөр  онлайн хэрэглээ, олон нийтийн мэдээллийн сүлжээ хөгжсөнөөр өөрчлөгдөж байна гэдгийг онцоллоо. Онлайн хөгжсөнөөр Нardwer буюу техник хангамж нь өөрчлөгдөхгүй, softwer  буюу программ хангамж нь өөрчлөгдөж байна. Анхны гар утас овор хэмжээ том байсан бол одоо жижиг, ухаалаг болсон гэв.

Үгийнхээ төгсгөлд тэрбээр онлайн хөгжил нь нийгмийн, хүний, эдийн засгийн хөгжил, хүний эрхийн нэг чухал хүчин зүйл юм. Онлайн эрх чөлөө, мэдээллийн технологийн хөгжил хоёр нягт уялдаатай юм гэдгийг онцлов.

Нээлтийн төгсгөлд Монгол Улсын Ерөнхийлөгч хэлсэн үгэндээ “Онлайн эрх чөлөө эвслийн энэ удаагийн хурал чухал арга хэмжээ болж байна. 800 жилийн тэртээ Монголын эзэнт гүрэн морин өртөөгөөр мессенжерийн үүргийг гүйцэтгэж байлаа. 30 км тус бүрт өртөө байрлуулж, морьдоо солин Монголын их хаад, Монголын төрийн захидал харилцааг цаг алдалгүй түргэн шуурхай залгуулж анхны интернэтийн үүрэг гүйцэтгэж байв. Нэг долоо хоногийн дотор Бээжинд хүрч, 30 хоногийн дотор Европ тивд хүрдэг байв.

Монгол Улсын нийгэм, эдийн засаг өнөөдөр уул уурхайгаас хамааралтай байгаа нь үнэн хэдий ч 20 жилийн дараа гэхэд Монголын эдийн засаг, мэдлэгийн эдийн засаг, програм хангамж, мэдээллийн технологиос ихээхэн хамааралтай болно гэдэгт итгэлтэй байгаа. Монголчууд авьяаслаг, чадварлаг ард түмэн. Тэр зорилтын төлөө Монголын маш олон залуус өндөр мэдлэгийн төлөө шамдан суралцаж байна.

Мөн өнөөдрийн энэ арга хэмжээнд Олон улсад өндөр нэр хүнд бүхий дэлхийд тэргүүлэгч технологийн компанийн төлөөлөгчид хүрэлцэн ирсэн байна. Microsoft, Google, Oracle гэх зэрэг тэргүүлэгчид иржээ. Та бүхэнд хандаж хэлэхэд Монгол Улс ардчилсан, нээлттэй, итгэлтэй, хариуцлагатай улс, Монгол Улс мэдээллийн технологи, цахим хөгжилтэй хөл нийлүүлэн дэлхийтэй зэрэгцэн алхаж байгаа. Манай орны байршил бол Ази тивдээ ихээхэн онцлог, хоёр том хөршид та бүхний бүтээгдэхүүн үйлчилгээ гарах боломжтой чухал газар. Ийм учир Монголын мэдээллийн технологийн компаниудтай хамтран ажиллах, мөн дата центр мэдээллээ найдвартай газар хадгалах итгэлтэй улс болж түншлэн хамтран ажиллах боломж байна. Энэ бол маш том том зах зээлүүд биднийг хүрээлж байна.

Ирээдүйд Facebook, twitted, linked in гэх мэт нийгмийн том сүлжээнүүдийн дата мэдээллийг Монгол Улс тэгж найдвартай хадгалах, хамтран ажиллах хүсэлтэй байна. Технологийн тийм боломж, эзлэхүүн манай оронд байна.

“Онлайн эрх чөлөө” эвслийн үндсэн оффисыг Улаанбаатарт нээх санаачилгыг бид бүх талаар дэмжих болно.

800 гаруй жилийн тэртээ Их эзэн Чингис хаан хэлэхдээ “Морин дэл дээрээс дэлхийг эзлэх амархан. Мориноосоо буугаад дэлхийг засаглах хэцүү” гэж хэлсэн шиг онлайн эрх чөлөө эвслийг улам олон орны төлөөлөл, дэмжлэгтэй болгож зөв засаглаж зөв ажил хэрэг хэрэгжүүлж өндөр амжилтад хүрэхийг хүсэн ерөөе.

Та бүхэн Монгол Улсад тавтай саатахыг хүсье.

Арга хэмжээнд амжилт хүсье. Баярлалаа” гэлээ.