Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/10/18-НД НИЙТЛЭГДСЭН

Эбола вируст халдвараас сэргийлэх, бэлэн байдлыг хангах арга хэмжээний тухай тогтоол гаргалаа

ikon.mn
2014 оны 10 сарын 18
iKon.MN
Зураг зураг

-Засгийн газрын хуралдаанаас-

Эбола вируст халдвар 3 тивийн 7 улс оронд бүртгэгдэн, 8399 хүн  өвчилж, 4033 нь нас бараад байна. Өвчлөл өндөр байгаа Баруун Африкийн 4 орноос гадна АНУ, Испани, Сенегал улсад халдвар зөөвөрлөгдөн бүртгэгджээ.

Эбола вируст халдвар нь зөвхөн дэгдэлттэй улс орнуудад биш дэлхий нийтэд ноцтой эрсдэл учруулж байгаа байгаа тул үүссэн нөхцөл байдалд хийсэн эрсдлийн үнэлгээний дүнг үндэслэн Дэлхийн эрүүл мэндийн байгууллага эрүүл мэндийн ноцтой байдал үүссэнийг зарлаж, улс орнууд бэлэн байдлаа ханган ажиллаж байна.

Засгийн газрын тогтоолоор хилийн нэвтрэн орох цэгүүд, ялангуяа олон улсын нислэг бүхий нисэх буудлуудын тусгаарлан сэргийлэх өрөөний бэлэн байдлыг хангахыг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг, Эрүүл мэндийн сайд Н.Удвал нарт үүрэг болголоо.  

Тухайн бүсэд шаардлагатай хувийн хамгаалах хувцас, эм, эмнэлгийн хэрэгслээр бүрэн хангахыг Шадар сайд, Эрүүл мэндийн сайд нарт, Эбола вируст халдварын болзошгүй аюулын үед эрүүл мэндийн салбарын бэлэн байдлыг хангах зорилгоор эмчилгээ, оношлогооны нөөц бүрдүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Эрүүл мэндийн сайдад, эбола вируст халдвар бүртгэгдэж байгаа эрсдэлтэй бүс нутгийн болон дамжин өнгөрсөн гадаадын иргэдийн мэдүүлсэн Монгол улсад нэвтрэх визийн хүсэлтэд хязгаарлалт хийхийг Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны сайдад, эрсдэлтэй бүс нутагт зорчсон, дамжин өнгөрсөн зорчигчдын мэдээллийг агаарын тээврийн компаниудаас урьдчилан авч, Хилийн мэргэжлийн хяналтын газар мэдээлэл өгч байхыг Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайдад,  уг өвчний талаар мэдээллийн хэрэгслүүдийг байнгын мэдээллээр хангаж ажиллахыг Эрүүл мэндийн сайд нарт тус тус үүрэг болголоо.