Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/02/12-НД НИЙТЛЭГДСЭН

Н.Энхбилэг охин БНСУ-д эмчлүүлж эхэллээ

Д.Эрдэнэцэн, iKon.mn
2014 оны 2 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Баянхонгор аймгийн IV сургуулийн хоёрдугаар ангийн сурагч Н.Энхбилэг охин өнгөрсөн оны 10 дугаар сард сахуу татрангын вакцин хийлгэсний улмаас харшил өгч, өдгөө биеийн байдал нь тун хүндхэн байгаа. 

Түүнийг Монголд эмчлэх ямар ч боломжгүй гэсэн тул охин ээжийн хамт өчигдөр БНСУ-ыг зорьжээ. Хэдийгээр сайхан сэтгэлт хүмүүсийн дэмээр ээж, охин хоёр шинжилгээ хийлгэх мөнгөтэй болсон ч шинжилгээний дараа эмчилгээ хийлгэхэд 80 орчим сая төгрөг шаардлагатай байгаа аж.

Иймд охины аав Д.Намжилдорж, "Ялгуун нигүүлсэл" ТББ-ынхан өнөөдөр хэвлэлийнхэнд мэдээлэл хийв. 

-Охины тань биеийн байдал ямархуу байна. БНСУ-ыг зорьсон гэлээ. Тэнд ямар эмчилгээ хийнэ гэсэн бэ?

-Биеийн байдал сайнгүй байгаа. Өчигдөр ээжийнхээ хамт БНСУ-ыг зорьсон. Бид дэлхийн долоо, найман орны эмнэлэгт хандаж үзсэнээс БНСУ-ын эмнэлэг эмчлэх боломжтой гэсэн хариу өгсөн. Өнөөдрийн байдлаар долоон төрлийн шинжилгээ авсан байна. Шинжилгээний хариу гарсны дараа ямар эмчилгээ хийлгэх нь мэдэгдэх байх. 

Гэхдээ солонгос эмч нар эхний ээлжинд цусыг нь цэвэршүүлэх шаардлагатай гэж хэлсэн байна.

-Эмчилгээний өртөг 80 орчим сая төгрөг гэв үү?

-Тийм ээ, шинжилгээний хариу гарсны дараа эмчилгээг эхлүүлэх юм билээ. Энэ дашрамд бид бүхэнд тусалж, БНСУ-руу явах боломжийг олгосон сайхан сэтгэлт ард түмэндээ баярлалаа гэж хэлмээр байна. Туслая гэсэн хүмүүс гадаад дотоодоос ч залгаж байна.

-Охинд тань вакцин хийсэн эмчийн хэргийг аймгийн цагдаагийн газар шалгаж байгаа гэсэн. Хэрэг ямар шатандаа явж байна вэ?

-Энэ талаар нарийн тодорхой хэлж мэдэхгүй байна. Юутай ч Баянхонгор аймгийн цагдаагийн газар шалгаж байгаа. Гэхдээ өнөөдрийн байдлаар хариуцлага алдсан эмч ажлаа хийгээд л явж байна гэсэн юм. 

БНСУ-руу явах боломжийг олгосон сайхан сэтгэлт ард түмэндээ баярлалаа гэж хэлмээр байна.

Н.Энхбилэг охин ЭНЭШТөвд гурван сар эмчлүүлсэн ч дорвитой үр дүнд хүрээгүй. Тэр ч бүү хэл, хэлний үзүүр, гарынхаа хуруунуудыг тайруулсан юм. Юутай ч Н.Энхбилэг охинд олон арван хүн хандивын гараа сунгаж эхэлжээ. Тухайлбал, Баянхонгор аймгаас УИХ-д сонгогдсон гишүүд охинд 15 сая төгрөг хандивласан байна.

 Эрхэм уншигч та ч гэсэн Н.Энхбилэг охинд хандив өгөхийг хүсвэл, 

  • Хаан банк: 5232045577
  • Төрийн банк: 23210006490 дансанд сэтгэлийн өглөгөө илгээгээрэй.