Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/01/03-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Намжилдорж: Охины минь бие үхжиж байна

Д.Эрдэнэцэн, iKon.mn
2014 оны 1 сарын 3
iKon.MN
Охины аав Д.Намжилдорж

Өнгөрсөн оны аравдугаар сарын 8-нд Баянхонгор аймгийн IV сургуулийн хоёрдугаар ангийнханд сахуу татрангийн вакцин хийжээ.

Гэтэл энэ вакцин Н.Энхбилэг охинд харшил өгч, улмаар охины бие өнөөдөр тун хүнд нөхцөлд  байна. Өөрөөр хэлбэл, түүний бие үхжиж эхэлсэн бөгөөд одоогоор үхжилт явагдсан хоёр хуруугаа тайруулжээ.

Нөхцөл байдал ийм хүнд болсон тул түүний аав өнөөдөр хэвлэл мэдээллийнхэнд хандлаа. Тэрбээр вакцин хийсэн үйлдлийг албадан тарилга хийсэн гэж үзэж байгаа бөгөөд охинд нь яаралтай эмчилгээ хийх шаардлага байгааг дуулгасан юм.

Н.Энхбилэг: Хэн нэгэнд буруу өгч, хэн нэгэнд хариуцлага тооцох нь чухал биш. Охины минь амь нас л чухал байна

Түүнтэй ийн ярилцлаа.

-Сургуулийн зүгээс хүүхдүүдэд вакцин хийнэ гэж танд дуулгасан уу?

-Үгүй. Ямар ч тариа хийнэ гэж хэлээгүй учир үүнийг албадан тарилга гэж үзэж байгаа.

Охин маань сахуу татрангийн вакцин хийлгэсний дараа сургуулийнхаа эмчид “Гар өвдөөд байна” гэж хэлсэн байсан. Гэтэл огт тоогоогүй байгаа юм. Хичэээлээ тараад гэртээ ирэхдээ маш хүнд байдалтай, уйлчихсан ирсэн. Гарыг нь үзтэл вакцин хийсэн газар нь улайж, үрэвссэн байсан. Тэр шөнөдөө уйлаад унтаж ч чадаагүй. Мөн өглөө нь хэл ам нь бадайраад байна гээд ундаа ч угаагүй.

-Өнөөдөр охины тань биеийн байдал яг ямархуу байна вэ?

-Бид Баянхонгороос ирээд гурван сар Эх нялхаст эмчлүүлж байгаа ч дорвитой хийсэн эмчилгээгүй, өвчин намдаах тариагаар л өдрийг аргацааж байна даа.

Анхандаа хөөж, хавдаж байсан хэл нь одоо харин хатаж, хорчийн жижгэрч, юм ярьж чадахаа больсон. Бас явж чадахгүй болсоны дээр үхжилт явагдаж эхэлсэн хоёр хурууг нь тайраад байгаа.

-Нэлээд хугацаа алдсан байдалтай харагдаж байна. Өнгөрсөн хугацаанд охиноо эмчлүүлэх талаар ямар газруудад хандаж үзэв. Эмч нар яг юу гэж байх юм?

-Тухайн үед охины бие гайгүй болчих байх гэж харзнаад эмчид үзүүлэлгүй хоёр хоног алдсан. Гэтэл амралын өдөр таараад дахин хоёр хоног хүлээж байгаад өрхийн эмнэлэгтээ очиж үзүүлсэн юм. Энэ хооронд вакцин хийлгэсэн гарных нь булчин тэр аяараа хавдаж, хүрэнтээд нил бэрсүү үүссэн. Өрхийн эмч нар натриар жин тавьж, нэг эм өгөөд амыг нь зайлаад явуулсан юм.

Гэсэн ч тэр шөнөдөө гар нь улам хавдаж, хэл нь бүр их хүрэнтсэн. Өглөө эрт Хүүхдийн эмнэлэг дээр очиход “Вакцин хариуцсан мэргэжилтэн Цэрэнхандтай уулз” гэсний дагуу тэр хүнтэй уулзсан. Гэтэл шууд л тэр хүн “Вакцинаас болоогүй, вакцин найдвартай”  гээд халгаагаагүй. Бүр үзлэг шинжилгээ ч хийгээгүй байж “Танай хүүхэд л суурь өвчтэй, гар дээрээ үүтэй, жин багатай, сахуу татрантай” гэх мэтээр ёс бус аашилсан даа.

Бас вакцин хийхээс өмнө хүүхдэд үзлэг хийсэн эсэхийг асуухад сургуулийнх нь эмч “Би үзэх шаардлага байхгүй. Өрхийн сувилагч өмнө нь үзлэг хийсэн байх. Надад ёстой хамаагүй” гээд бултсан.

-Эх нялхасын эмч нар вакцины харшил гэж онош тогтоосон гэсэн. Энэ үнэн үү?

-Аймгийнхаа эмнэлэгт гурав хоног эмчлүүлсний дараа хотод ирж, Эх нялхасын эрүүл мэндийн үндэсний төвд үзүүлэхэд “Вакцины маш хүнд хэлбэрийн харшил буюу урвал” гэсэн онош тогтоосон.

Ийм ноцтой асуудал үүсч, нялх үр минь эрүүл мэндээрээ төдийгүй амь насаараа ч хохирох хэмжээнд хүрчихээд байхад Баянхонгор аймгийн эмнэлгийн вакцины мэргэжилтэн Цэрэнханд, IV сургуулийн эмч Дуламсүрэн, “Оточ Номгон” өрхийн эмнэлгийн сувилагч Даваа нар үл тоон хариуцлагаас зугтаж алга болсон.

Үүгээр ч зогсохгүй тэд дээд шатны байгууллагуудаар өөрсдийгөө хамгаалуулж, гэм зэмгүй биднийг нь буруутгах мэдээлэл, тайлбар гаргуулаад амжсан байна билээ. Тухайлбал, энэ явдлын талаар ХӨСҮТ-ийн Тандалт сэргийлэлт хариуцсан дэд захирал Г.Сүрэнханд “Вакцинаас болоогүй суурь өвчтэй хүүхэд байсан. Н.Энхбилэг охин төрөхдөө л дутуу төрсөн юм билээ. Вакциныг дандаа хоцорч хийлгэдэг байсан. Яагаад гэвэл жин дутуу гээд дөнгөж төрөхөд нь 24 цагийн дотор хийдэг гурван вакцин хийгдээгүй.

 Сахуу татрангийн вакциныг энэ охин өмнө нь хийлгэж байсан. Тэр үед ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй. Харин энэ вакциныг хийхэд охинд илэрч байгаа шинж тэмдгүүд гарч ирлээ. Тэгэхээр энэ асуудлаар мэргэжлийн баг ЭХЭМҮТ-д хуралдсан.

Хурлаар вакцинаас болоогүй, бие даасан “Синдромом стивенса джонса” гэдэг өвчин гэж тогтоосон. Энэ нь саяд нэг удаа тохиолддог маш ховор өвчин юм. Энэхүү өвчний илрэл нь вакцинтай зэрэгцэж гарч ирсэн гэсэн дүгнэлт гарсан” гэж хэвлэлүүдээр ярьсан байсан.

Н.Энхбилэг охины аав ийнхүү ярьсан бөгөөд хэн нэгэнд буруу өгч, хэн нэгэнд хариуцлага тооцох, хүмүүсээс мөнгө тусламж гуйхаас илүүтэй Эрүүл мэндийн яам анхааралдаа авч, хурдхан шиг охинд нь эрчимтэй эмчилгээ хийн амь насыг нь аврах л чухал байгааг онцолж байлаа.