Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/11/12-НД НИЙТЛЭГДСЭН

Сахуу татрангийн вакцинд хамрагдсан охин хуруу, гараа тайруулахад хүрч биеийн байдал нь хүнд байна

Б.Төрбат
2013 оны 11 сарын 12
MorninigNews.mn
Зураг зураг
Б.Оюун-Эрдэнэ: Охины минь хэл нь хавдаад хөө шиг хар болчихсон

Охины вакцин хийсэн зүүн гарынх нь эрхий, долоовор хуруу үхжиж харлаж үс нь зулай хэсгээсээ халзарч унаж эхэлсэн байна

Эв эрүүл, сав саруул байсан долоохон настай бяцхан охин эмч нарын хариуцлагагүйгээс эрэмдэг, тахир дутуу болох дээрээ тулжээ. Охиныг Н.Энхбилэг гэдэг бөгөөд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын дөрөвдүгээр 10 жилийн хоёрдугаар ангид сурдаг аж. 

Тэрбээр орон даяар явагдаж буй вакцинжуулалтад өнгөрсөн аравдугаар сарын 8-нд хамрагджээ. Харин сахуу татрангийн вакцин хийлгэсний маргаашнаас охины бие эвгүйрхэж эхэлсэн байна. 

Анхандаа охины эцэг, эх нь “вакцин хийлгэснээс болж байгаа байх” гэж бодоод нэг их тоогоогүй аж. Гэтэл хоёр хоногийн дараа өнөөх вакцин хийлгэсэн гар нь хавдаж, хөхөрч эхэлжээ. 

Түүгээр ч зогсохгүй хэл нь харлаж хавдаад амандаа багтахааргүй болж, юм ярих нь битгий хэл хоол ундаа ч идэж чадахгүй болсон байна. 

Охины эцэг, эх санд аймгийнхаа нэгдсэн эмнэлэгт хандахад вакцины хүчтэй урвалаас үүдсэн хордлогоос болж охины эд эс үхжиж эхэлсэн болохыг хэлсэн аж. Учир нь хэдхэн хоногийн дотор Н.Энхбилэг охины зүүн гарын булчин төдийгүй гарынх нь хуруунууд үхжиж харласан төдийгүй үс нь зулайнаасаа халзарч эхэлсэн байна. 

Эв эрүүл хичээлдээ явсан охиноо сахуу татрангийн вакцин хийлгэснээс болж ийн болсоныг мэдсэн эцэг, эх сургуулийнх нь эмчтэй очиж уулзжээ. 

Харамсалтай нь тухайн үед охинд вакцин хийсэн сургуулийнх нь эмч Дуламсүрэн, Цэрэнханд нар зүй бусаар харьцаж хэргээс өөрсдийгөө мултлахыг оролдсон байна. 

Охин өвчин, зовиураасаа болж алхаж ч
чадахгүй байгаа төдийгүй эмч нар охины
эд, эсийн үхжилт нь хөлд нь халдварлахаас
болгоомжилж байна

Б.Оюун-Эрдэнэ: Охины минь хэл нь хавдаад хөө шиг хар болчихсон

Ингээд охины ээж Б.Оюун-Эрдэнэтэй уулзсан юм. 

-Охины тань биеийн байдал ямаршуухан байна вэ?

-Аймгаас ирснээ бодвол арай дээрдэж байна. Гэхдээ л ямар л олиг байв гэж. Шөнө болгон өвчиндөө шаналан уйлдаг. Өвчин намдаах эм, тариа хийгээд ч нэмэргүй. 

-Хэлнийх нь талыг авахуулсан гэж сонслоо?

-Тийм ээ. Хэл нь хавдаад хөө шиг хар болчихсон. Юм идэх нь битгий хэл амьсгалахад нь хүртэл хэцүү байсан юм. Тиймээс хэлнийх нь үхэжсэн хэсгийг нь авахуулсан. 

-Одоо юм ярьж чадаж байна уу?

-Бараг л ярихгүй талдаа. Өөрөө ч ярих дургүй байна. Аргагүй шүү дээ юм ярихаар өвдөөд байгаа байх. 

-Нэлээд ядарсан харагдаж байна. Хоол унд идэж байгаа биз дээ?

-Зөвхөн бантан иддэг. 

-Үнэхээр вакцин хийлгэснээс болж охин тань ийм боллоо гэж үү?

-Тийм ээ, бид 100 хувь сахуу татрангийн вакцин хийлгэснээс болсон гэж үзэж байгаа. Эмч нар ч вакцины хүчтэй урвалаас болж биеийнх нь зарим хэсэг үхжиж эхэлсэн байна гэж хэлсэн. Одоо вакцин хийсэн зүүн гарынх нь эрхий, долоовор хуруу үхжиж харласан байгаа. Мөн нөгөө гарынх нь эрхий хуруу ч ялгаагүй. Үс нь зулай хэсгээсээ халзарч унаж эхэлсэн. 

-Хэвтэн эмчлүүлж байгаа тасгийн эмч нар ямар эмчилгээ хийж байгаа вэ?

-Энэ эмнэлгийн эмч нар үнэхээр сайн эмчилгээ хийж байгаа. Хэвтэн эмчлүүлж байгаа тасгийн дарга хэлэхдээ “Энэ вакциныг хийлгэхэд хүүхдийн биед ямар нэгэн өөрчлөлт гарч танай охин шиг сөрөг нөлөө үзүүлсэн хэд хэдэн тохиолдол илэрсэн. 

Гэхдээ танай охин хамгийн хүнд хэлбэрээр өвдсөн байна” гэж байсан. 

-Охинд вакцин хийсэн эмч нартай уулзсан уу. Тэд ямар тайлбар өгч байх юм бэ?

-Охиныг минь аймгийн эмнэлэгт хэвтэж байхад Цэрэнханд эмч өөрөө ирж уулзсан. Өөрийгөө илт өмөөрч, хаацайлсан өнгө аяс­тай үг хэлж байсан. 

-Чухам юу гэж?

-“Танай охин чинь вакцины хордлогоос болоогүй. Угаасаа бие муутай хүүхэд байна. Өмнө нь ямар нэгэн хууч өвчтэй байсан байна. Та нар охиныхоо хууч өвчин нь илрэхээр вакцин руу чихэж байна. Ямар ч байсан миний буруу биш, вакцинаас болоогүй” гэсэн. 

Түүнээс хойш нэг ч уулзаагүй. Үнэндээ вакциныг гарын булчинд хийх ёстой биз дээ. Гэтэл манай охины зүүн гарынх нь тохойны дээр хийсэн байсан. Үнэхээр их гомдолтой байна. 

Н.Энхбилэг охины ээж ийн ярив. Уг нь сахуу татрангийн вакциныг долоо, 15 настайд нь хийдэг байна. Энэ жилийн хувьд ЕБС-ийн сурагчдад өнгөрсөн аравдугаар сард тохиосон дархлаажуулалтын өдрийг тохиолдуулан хийжээ. 

Гэтэл эмч нарын хариуцлагагүй үйлдлээс болж долоохон настай бяцхан охин өдөр хоногийг өвчиндөө шаналан арай ядан өн­гөрүүлж байна. 

Хэдийгээр эмч нар аль болох гар хурууг нь тайрахгүй байх талаас нь шаардлагатай бүхий л эмчилгээг хийж байгаа ч биед нь хор уршигтай гэж үзэх аваас гарынх нь хуруунуудыг тайрахаас өөр аргагүй гэнэ. 

Учир нь охин өвчин, зовиураасаа болж алхаж ч чадахгүй байгаа төдийгүй эмч нар охины эд, эсийн үхжилт нь хөлд нь халдварлахаас болгоомжилж байгаа аж. 

Зураг